Захидал: Ээжийг өнгөрвөл шууд дагаад үхнэ дээ гэж боддог байлаа

7

Энэ хорвоод ээжгүй амьдрана гэдэг утгагүй санагдаад ээжийг өнгөрвөл шууд дагаад үхнэ дээ гэж хүүхэд байхдаа боддог байлаа. Гэтэл үхэлгүй 18 жил гүлдийсэн байна …

Шинэ Зеландад сурч байхдаа буюу 1999 оны 1 дүгээр сарын 24-нд би ээждээ хандсан анхны бөгөөд сүүлчийн захиагаа бичиж байлаа (дүү нарын нэг нь уншиж өгсөн гэж сонссон) …

Утга нь:
Сайн байна уу, ээж ээ,
Өнөөдөр хүүгийнх нь төрсөн өдөр. Ганц нэг хүн баяр хүргээд л байна. Энэ уг нь минийх гээд өмчилчихөөр баяр биш юм. Харин тэртээ 1973 оны энэ өдөр дахиад нэг үртэй болон баярлаж байсан аав, ээж та 2-ын минь тэмдэглэлт өдөр. Төрөхдөө би уйлж байснаас биш инээж байгаагүй биз. Намайг гараад ирсний дараа Та инээмсэглэж байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэгэхээр энэ өдөр надад гэхээсээ Танд чухал өдөр, намайг төрүүлсэн ээж Танд жил бүр баяр хүргэж байх өдөр гэж би боддог болсон …
Ээждээ гүйн очиж үнсүүлээд баяр хүргэмээр байвч хүү нь алс, хүний нутагт буй учир ийнхүү захиа бичиж байна аа, ээж ээ. Өмнө нь би Танд зориулж захиа бичиж байснаа санахгүй байна. Бөөн дунд нь л бичээд Таны амар амгаланг асуучихдаг байсан байх …
Саяхан би нэг домог уншлаа. “Арал дээр 3 ангаахайтай эх бүргэд амьдардаг байж. Нэг өдөр арал нь усанд автаад эх бүргэд нэг ангаахайгаа л аврах боломж үлдэж. Захаас нь нэгийг шүүрээд нисч явахдаа “чи миний ачийг хариулж чадах уу” гэж асууж. “Чадна, ээж ээ” гэж. Эх бүргэд савраа сулруулан ангаахайг усанд унагаад эргэн нисч хоёр дахийг нь шүүрээд нисч. Мөн л түрүүчийн асуултаа тавин ижилхэн хариулт авчээ. Мөн л эргээд ганцаар нисчээ. Тэгээд усанд хариугүй автсан үүрнээсээ шал норон хүндэрсэн гурав дахь ангаахайгаа арай чүү шүүрээд нисч явахдаа дахиад асууж. Тэгэхэд тэр ангаахай нь “ээж ээ, Та намайг ингэж авч явж өөртөө лай удах хэрэггүй, хуурай арал хүртэл зөндөө хол зай байна, намайг хаяаад нис, тэгвэл ядаж Та амьд гарна, би Таны ачийг хариулж чадахгүй, амжихгүй … харин хэзээ нэгэн цагт үртэй болбол тэднийхээ төлөө Тан шиг тэмцэж чадна” гэж хэлжээ. Эх бүргэд ангаахайгаа зууран хамаг хүчээ шавхан ниссээр хуурай аралд хүрсэн гэдэг” гэж.
Ээж ээ, би ч гэсэн Таны ачийг хариулж амжихгүй юм шиг байна. Таныг үхэхээр дагаад үхнэ гэж боддог байсан. Үхэж болохгүй юм байна. Үр хүүхэдтэй болоод тэднийг Та намайг хайрласан шиг хариу нэхэлгүй хайрласаар явах ёстой юм байна. Намайг энэ хорвоод төрүүлсний учир энэ бололтой. Би чадна. Үүнийг амлая, ээж ээ!
Сайн сууж байгаарай, хүү нь удахгүй очлоо.

Ийм утгатай захиа бичиж байлаа …

Ээжийгээ үхэхэд дагаад үхэлгүй 18 жил гүлдийсний учир энэ амлалт юм байлгүй дээ …

Ээж минь амьд байсан бол цэцэг бариад очих өдөр өнөөдөр болж байна … Чөтгөр шиг сахилгагүй, хөдөлгөөнтэй хүү нь өнөөдөр 44 нас хүрлээ …

Гэснээс яг тэр захиа бичсэнийхээ дараа удалгүй Шинэ Зеландаас буцаж ирээд Мартын 8-нд буюу нас барахаас нь 5 хоногийн өмнө ээждээ анх удаа бөгөөд сүүлчийн удаа амьд цэцэг бэлэглэж байсан … Цэцэг дэлгүүрээс 3 ширхэг тюльпан аваад хөлдөөчихгүй гэсэндээ өвөртөө хийн автобусаар явсаар ээждээ аваачиж өгсөн би …

Жич: Гэр бүлийнхээ фб-т бичсэн зүйлээ энд бас тавьчихъя. Төрсөн өдөр гэдэг ээжтэй нь ээждээ талархах, ээжгүй нь ээжээ дурсах ёстой өдөр л гэж би боддог.

Batlai Chuluunhuu


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Захидал: Ээжийг өнгөрвөл шууд дагаад үхнэ дээ гэж боддог байлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.