![](http://sonin.mn/uploads/news/201702/13/527-1486977166303-(1).jpg)
ЛОС-АНЖЕЛЕС./CNN/. Орон нутгийн цагаар ням гарагийн орой АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо болсон Грэммийн шагнал гардуулах 59 дэх удаагийн ёслолын үеэр Английн поп од Адель “Hello” дуугаараа “шилдэг дуу” болон “шилдэг бичлэг”-ийн шагнал хүртлээ.
Грэммийн “шилдэг дуу” номинацид Бейонсегийн “Formation”, Жастин Биберийн “Love Yourself”, Майк Познерын “I Took A Pill In Ibiza” болон Лукас Грэмийн “7 Years” дуу өрсөлдсөн байна.
Өдгөө 28 настай дуучин Адель “25” цомгоороо “шилдэг цомог”-ийн шагнал хүртсэн байна.
Мөн тэрбээр “шилдэг поп соло үзүүлбэр” болон “шилдэг поп гоцлол цомог” номинацийн эзэн болжээ.
![](http://montsame.mn/sites/default/files/imce/37524019_303.jpg)
Дуучин бүсгүй “шилдэг цомог”-ийн шагнал хүртэх үеэрээ “энэ шагналыг Бейонсе “Lemonade” цомгоороо авах ёстой байсан” гэж хэлжээ.
“Грэмми-2017” шагнал гардуулах ёслолыг “Hello” дуугаараа эхлүүлсэн Адель нутаг нэгт дуучин Жорж Майклын дурсгалд зориулан түүний “Fast Love” дууг дуулсан байна.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг