Энэ бялууг хийхийн тулд танд дараахь зүйлс хэрэг болно:
· 2+ 1/4 аяга шигшсэн гурил
· 1+ 3/4 аяга элсэн чихэр
· 3/4 аяга давстай цөцгийн тос эсвэл масло
· 1 аяга сүү (тасалгааны хэмд)
· 2 өндөг (тасалгааны хэмд)
· 2 +1/4 цайны халбага хөөлгөгч (baking powder)
· 2 амны халбага сайн чанарын ванилл.
· Цөцгийн тос
· Бэлэн крем 200 гр (Бөмбөгөрт худалдаалдаг “Tatty” байж болно)
Энэхүү орцоор ойролцоогоор 16 ширхэг cupcake хийж болно. Мөн гурилаа шигшихээ мартаж болохгүй. Эс тэгвээс бялуу маань хөвсгөр зөөлөн болохгүй гэдгийг анхаараарай. Миний хувьд бялуундаа давстай цөцгийн тос хийх дуртай. Ингэснээр амт нь илүү сайн гарч байгаа юм шиг санагддаг. Харин та хүсвэл давсгүй цөцгийн тос ч хэрэглэсэн болно.
Мөн хөөлгөгч болох baking powder-ийн хэмжээ их санагдаж мэдэх юм. Гэвч энэ бол зохистой хэмжээ юм. Тиймээс хэмжээг нь бүү алдаарай. Мөн baking сода хийх хэрэггүй.
Хийх заавар:
Алхам 1:
Савандаа гурил болон baking powder-аа хийж бүгдийг хооронд нь сайн хутгана.
Алхам 2:
Өөр нэг саванд өндөгнийхөө зөвхөн цагааныг ялгаж хийнэ. Холигчоор өндөгнийхөө цагаанийг цав цагаан өнгөтэй бас хөөсөртөл нь холино.
Алхам 3:
Өөр нэг саванд цөцгийн тос, элсэн чихрээ хамт хийж уустал нь холигчоор холино.
Алхам 4:
Ванилл болон өндөгний шарыг хамт нэг саванд хийж мөн сайн холино.
Алхам:5
Хуурай гурилан дээрээ сүүгээ хийж холигчоор холино. Холигчоо хэт хурдан дээр нь тавилгүй зөөлөн хутгана шүү.
Алхам 6:
Бусад холимгуудаа гурилын зуурмаган дээрээ зөөлөн хийж өгнө. Ингэснээр зуурмаг илүү өтгөн болно.
Алхам 7:
Ингээд зуурмагаа бэлтгэсэн хэвэндээ хийж 350 хэмд 20 минут жигнэнэ. Болсон эсэхийг нь мэдэхийн тулд шүдний чигчлүүр хийж үзэхэд наалдахгүй байвал ОК гэсэн үг.
Алхам 8:
Та Tatty крем авсан бол талыг нь тасалгааны хэмд хайлуулаад дараа нь холигчийнхоо хамгийн дээд хурдаар 15 минут тасралтгүй хольсны дараа өтгөн крем бэлэн болно.
Ингээд бялуу хөрсний дараа дээр нь тусгайлан бэлдсэн кремээ түрхэнэ.