Т.Нарангэрэл: Дэндэвийн эгч явж байна хэмээн хүмүүс шивнэлддэг

1201610261477422430-Та “Тусгай салаа” кинонд тоглосон цагаасаа хойш дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээсэнгүй. Сүүлийн үед ямар уран бүтээлд дээр ажиллаж байна вэ?

-Юуны өмнө уншигчид даа энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд бүтээсэн дүр нь цөөхөн ч гэлээ нэлээн даацтай бүтээлүүд дээр ажиллаж байсан болов уу гэж боддог. Жижиг сажиг туслах дүрүүд байдаг, гэхдээ цөөхөн. Миний өөрийн баримталдаг зарчим бол дэлгэцээр байнга гарахаас илүүтэйгээр даацтайхан уран бүтээл хийчих юмсан гэж хүсдэг. Анх 360 градус хошин мэдээллийн хөтөлбөрийн жүжигчнээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Нийгмийн тулгамдсан асуудлыг хошин хэлбэрээр шүүмжлэн үзүүлдэг ард түмний дуу хоолой болсон үзэгчдийн үзэх дуртай хит нэвтрүүлэг байсан. Тухайн үед намайг 360 гэж хүмүүс “хочилдог”байсан. Дараа нь үндэсний телевизийн хийсэн “Тусгай салаа” киноны Дэндэвийн эгчийн дүрд тоглосон. Одоо ч Дэндэвийн эгч явж байна хэмээн хүмүүс шивнэлддэг. Энэ утгаараа цөөхөн дүр бүтээсэн ч гэлээ хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдсэн бүтээл байдаг юм болов уу? гэж бодогдож байна. Харин одоо энэ удаад нэлээн томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод явж байна.

-25-р суваг телевизийн “Ханилснаас илүү амраг” хэмээх олон ангит кинонд бас нэгэн гол дүрийг бүтээж байсан. Тэр уран бүтээлийнхээ талаар яриач?

– Энэ кино маань өнөөдрийн бидний амьдарч буй нийгмийн төлөөлөл болсон таван эмэгтэйн өөр, өөр амьдралыг харуулсан байдаг. Миний дүрийн хувьд чинээлэг залуусаар тэтгүүлэн, тансаг амьдралд хүрнэ гэсэн богино бодолтой хөнгөмсөг бүсгүйн дүр байсан. Ийм эмэгтэйчүүд бидний нийгэмд байдаг нь үнэн. Харин дүр маань киноны төгсгөлд ийм замаар амьдралыг бүтээдэггүй юм байна гэдгийг ухаардаг. Нэлээн хөдөлгөөнтэй, адал явдалтай сонирхолтой дүр байсан. Тус кино маань өөр өөр үзэл бодолтой бүсгүйчүүдийн, амьдралыг харах өнцөгт нэгийг бодогдуулсан уран бүтээл болсон.

Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

– Би нэлээн хэдэн жил сэтгэлдээ бодож төлөвлөж явсан төслөө хэрэгжүүлэхээр ажилдаа орсон. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийн нэгээхэн хэсгийг бодит болгохын тулд “Нарны гэрэл гэгээ” хэмээх ТББ байгуулж “Нарны Гэрэл” телевизийн төсөл нэвтрүүлэг дээр ажиллаж байна.

– Танай ТББ-ийн үйл ажиллагааны чиглэл юу вэ?

– “Нарны гэрэл гэгээ”ТББ нь нийгэмд үйлчилдэг ашгийн бус байгууллага юм. Нийгэмдээ хэрэгтэй зүйл рүү залуусыг уриалан дуудаж сайн сайхан зүйлийг хамтдаа бүтээлцдэг тийм төв байлгахыг зорин ажиллаж байгаа. Байгууллагын зүгээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа олон төслүүдийн дундаас эхний ээлжинд хэрэгжүүлэх “Нарны гэрэл төсөл” хөтөлбөр юм.

Бидний нийгэмд гарын ураар бүтээл туурвидаг маш олон авьяас хүмүүс байдаг. Харамсалтай нь тэдэнд тогтвортой ажиллах ажлын байр нөхцөл боломж байдаггүйгээс байгалиас заяасан тэр сайхан авьяас нь зүгээр хаягдаж байгаа нь харамсалтай. Эдгээр хүмүүсийн бүтээлийг олонд таниулж алдаршуулж дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой. Дархан хүний, бурхан ухаанаар бүтсэн тухайн бүтээлийг ард түмэнд хүргэхийн тулд “Нарны гэрэл гэгээ”телевизийн төсөл нэвтрүүлэг хийх болсон.

Таньд яагаад заавал энэ төрлийг сонгох, дэмжих санаа төрсөн бэ

Сүүлийн үед дуулдаг бүжиглэдэг жүжиглэдэг авъяастангуудийг шалгаруулдаг төслүүд маш их хэрэгжих болсон. Тархиндаа бүтээж гараараа уралдаг авьяастнуудыг алдаршуулдаг дэмждэг төсөл байдаггүй шүү дээ. Миний хувьд гайхалтай урлагийн бүтээлийг харж бишрэн сэтгэлийн тайтгарал авах дуртай . Тийм дээ ч орхигдоод байгаа энэ өнцгийг олж хараад бодит болгох гэж нэлээдгүй удаан хугацаанд бодож төлөвлөж явсан.

Төсөл нэвтрүүлэгт оролцох авьяастай хүмүүсийг хэрхэн шалгаруулж авах вэ?

Байгалиас өгөгдсөн, төрмөл авьяастай гараараа гайхамшгийг бүтээдэг хэн ч манай нэвтрүүлэгт бүртгүүлж болох юм. Тэр дундаа эмзэг давхаргын хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх гэх мэт эдгээр хүмүүст хүрч ажиллах нь бидний зорилгын нэг хэсэг. Бусад нэвтрүүлгүүдийн адил сонгон шалгаруулалтаар оролцогчдоо шалгаруулж авна.Зураач, сийлбэрч, барималч, арьсан урлал, гутал, цүнх, оньсон тоглоом гэх мэтчилэн чиглэл бүрээс шалгаруулна.Сонгогдсон оролцогчид төслийн турш нэвтрүүлэгтэй хамт байснаар олонд танигдан бүтээлээ алдаршуулан ажлын байртай тогтмол орлоготой болохоороо онцлог юм.

Нэвтрүүлэгт яаж бүртгүүлэх вэ?

 “Нарны Гэрэл Гэгээ” нэртэй Фэйсбүүк хуудсанд нэгдэн холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл авч бүртгүүлэхэд болно.

– Сайхан сэтгэлээр бүтэж байгаа төсөл нэвтрүүлэг байна. Гэхдээ ажлын байрыг хэрхэн гаргаж өгөх вэ?

Нэвтрүүлэг 3 сарын хугацаанд хийгдэхээр төлөвлөгдсөн. Энэ хугацаанд хийхээр төлөвлөсөн маш олон ажлууд байгаа. Нэвтрүүлэг дуусахад манай нэвтрүүлгийн ялагчид уран бүтээлээ туурвих, үзэсгэлэнгээ гаргах урлантай болсон байна гэсэн том зорилго тавин ажиллаж байна.Нэвтрүүлэг олны хүртээл болоод эхлэхээр бидний юу хийхийг зориод байгаа нь үзэгчдэд илүү тодорхой болох байх.

– Та хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэвтрүүлэгтээ урьж байгаа нь сайхан санагдлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих болсон шалтгаан тань юу вэ?

– Миний ах бага байхдаа эмчийн хариуцлагагүй үйлдлээс болоод насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй гэгддэг хүмүүсийн амьдралаар амьдарсаар ирсэн. Тийм болохоор би ухаан орсон цагаасаа л тийм хүмүүсийн зовлон гунигийг мэдэрч өссөн юм. Ах маань их гоё зурдаг, хатгадаг, төмөр модоор дүү бид хоёрт гоё тоглоом хийж өгдөг байсан. Даанч тэр авьяасыг нь хөгжүүлэх боломж бололцоо байгаагүй. Хөгжүүлсэн бол их зүйл хийх байсандаа гэж боддог байсан болохоор ахынхаа тэр байдлаас үүдэн том болоод ийм төрлийн хүүхдүүд  нэг дор цугларч өөрийн дуртай зүйлээ хийдэг сургууль байгуулахсан гэж их боддог байлаа. Энэ бодол минь өнөөдрийг хүртэл сэтгэлд оршин байсаар “Нарны гэрэл гэгээ” ТББ-ийг байгуулах үндэс нь болсон байх.

Миний бүтээхийг хүсэж буй төв маань жижиг ч бай том ч бай сэтгэлээ шингээн урлах хүмүүсийн эерэг сайхан энергитэй бүтээлээ туурвих орд цагаан өргөө нь байгаасай гэж хүсэж байна.

Бидний ажлыг дэмжин ажиллаж байгаа бүх найз нөхөд хамтран ажиллаж байгаа байгууллага amjilt.com төслийн бага хамт олондоо баярлаж байгаагаа илэрхийлье.

amjilt.com


Т.Нарангэрэл: Дэндэвийн эгч явж байна хэмээн хүмүүс шивнэлддэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.