Ганчимэг: Би эротик хэсэгт тоглох нь байтугай жүжиг дээр бүсээ ч тайлдаггүй

Жүжигчин А.Ганчимэг:
Монголын тайз дэлгэцийн урлаг хэзээд сайхан бүсгүйчүүдээр нүүр царай хийж, гоо үзэсгэлэн, авьяас чадвар нь урлагийн алтан тайзыг чимж ирсэн. Чухам тийм л Эгшиглэнт эхийн охин, шинэ залуу үеийн гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг нь залуу жүжигчин А.Ганчимэг. Хар багаасаа циркийн акробатын дугуйлангаас авахуулаад Монголын Хүүхдийн Ордны драмын дугуйланд явж, дунд сургуульд байхдаа телевизийн хөтлөгч хүртэл хийж, урлагаар амьсгалж өссөн ясны уран бүтээлч энэ хөөрхөн бүсгүй өдгөө манай мэргэжлийн том театрт хаягтай жүжигчин болжээ. Цэл залуу 23-хан настай А.Ганчимэг уран бүтээлийн их давалгаан дунд зөвхөн хийж бүтээхийг эрмэлзэж, залуу насаа завгүй өдрүүдээр чимж явна. Тиймээс түүнд алдар хүнд ирэх нь дамжиггүй. Аз жаргалтай амар тайван амьдрахыг эрхэмлэдэг, зөв бодолтой хөөрхөн царайтай түүнтэй ярилцсанаа хүргэе. Нэмж дуулгахад тэр ганц бие гэсэн шүү, залуус аа.

Жүжигчин А.Ганчимэг оюутан байхдаа уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн байхаа. Хэрвээ би андуураагүй бол анхны уран бүтээл чинь “Халуун сэтгэл” кино шиг санагдана?
Тэгэлгүй яахав. Намайг 2-р курст байхад “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдэл хийсэн кино. Найруулагч Л.Энхбаяр ах надад санал тавьсан. Өмнө нь кинонд тоглож байгаагүй болохоор зохиолыг нь уншиж үзье гэлээ. Гэтэл зохиол дунд нь эротик сцена байнаа. Тиймээс тоглож чадахгүйгээ Баяраа ахад хэлсэн. “Халуун сэтгэл” киноны Анирын дүрд өмнө нь нэг охин тоглож байгаад дуусгалгүй гадаад явчихсан юм байна лээ. Надтай ойролцоо биетэй, урт үстэй охин байсан гээд эротик сцена авахгүй гэсэн болзолтойгоор зураг авалтанд орсон. Киноны нээлт болохын өмнөхөн найруулагч над руу утасдаж өмнөх жүжигчин эротик хэсгийг авахуулсан юм байна, монтажлаад үзсэн чинь царайг нь оруулахгүйгээр эвлүүлж болж байна гэж хэлсэн. Хүмүүс намайг л гэж бодно доо гэж эмээж байсан ч кино л сайхан болж байвал гэдэг үүднээс зөвшөөрсөн л дөө. Намайг тэр хэсэгт тоглоогүй гэдэгт итгэхгүй байгаа хүмүүст киноны төгсгөлд уран бүтээлчдийн нэр урсдаг хэсэг дээр Анирт А.Ганчимэгээс гадна өөр жүжигчний нэр байгааг унш гэж хэлдэг юм. Ингэж миний тоглосон хамгийн анхны кино бүтсэн. “Халуун сэтгэл” киног бодит амьдралаас сэдэвлэсэн болохоор хөдөө орон нутгийн үзэгчдэд их хүрсэн.

Багшдаа дурлаж, хүүхдийг нь төрүүлдэг Анир бодит хүний дүр байх нь?
Бодит биш уран сайхны дүр. Гэхдээ илгээлтээр тариа хураахаар очсон хүүхдүүдэд тийм эмгэнэлтэй үйл явдал тохиолдож, амиа алдсан нь үнэн гэдэг.
А.Ганчимэгийг эротик дүрд тоглодог боллоо, өмнө нь Анирын дүрд, одоо “Тэнгэрийн хүү” жүжигт бас эротик дүр бүтээж байна гэж ярьцгааж байсныг санаж байна. Энэ худлаа болж таарлаа. Удахгүй наадмын үеэр дахин тоглогдох гэж байгаа “Тэнгэрийн хүү” жүжгийнхээ дүрийн талаар яриач?
Жүжгийн реклам гарсны дараа А.Ганчимэг нүцгэллээ гэж ярих болсон. Энэ мэдээллийг гаргасан хүн манай жүжгийг ядаж ганц удаа ирж үзээсэй. Би эротик хэсэгт тоглох нь байтугай жүжиг дээр бүсээ ч тайлдаггүй.

Ганаа өөрийнхөө биеэр няцааж байна, тийм ээ?
Тийм ээ, огтхон ч тийм биш. “Тэнгэрийн хүү” жүжиг бол бодит түүхэн дээр тулгуурласан, уран сайхны фантаз багатай жүжиг. УДЭТ-аас зарласан түүхэн жүжгийн зохиолын уралдаанд түрүүлсэн Б.Цогнэмэх гэдэг хүний бүтээл. Миний дүрийн тухайд Хүннү гүрний үед хатад сайтайгаараа алдартай Хуянь гэдэг овог байж. Модун хаан миний эгч Шага /СТА Д.Ганцэцэг/-тай хайр сэтгэлийн холбоотой болж, хатнаа болгодог. Харин эгч маань амиа алдсаны дараа төр гэдэг бүтэн байх ёстой, дэр бүтэн байж, төр бүтэн байна гэдэг үүднээс Модун хаан хайрт хатныхаа дүү Шива гүнжийг гэргийгээ болгодог. Тэр үед Хүн гүрнээс хүч давуу байсан Хан үндэстэн Модун Шаньюугаас хайртай бүхнийг нь нэхэж авдаг байсан. Эхлээд хүлэг морийг нь, дараа нь хайртай хатныг нь аваад, эцэст нь сөөм газар гуйдаг домгийг уншигчид маань санаж байгаа байх. Хэдийгээр Шива гүнж золиосонд Хан гүрэн рүү явдаг ч эцэстээ хайртай хүнтэйгээ уулзаж, аз жаргалтай төгсдөг дүр. Эгч дүү хоёрын бага нь, Модун Шаньюугийн хатан болдог дүрийг би бүтээсэн. Энэ дүрдээ би их хайртай.

Залуу жүжигчин А.Ганчимэг царайлаг учраас драмын театрын бүхий л гол дүрд тоглож байна гэж хүмүүс ярих юм билээ?
Үгүй, үгүй. Яалаа гэж дээ. Манай театр угаасаа цөөхөн уран бүтээл тавьдаг. Би Драмын театрт ороод удаагүй “шинэков”, туршлагатай жүжигчдийн дэргэд түүхийгээрээ байгаа. Тийм болохоор театрт оронгуутаа гол дүр аваад байгаа явдал байхгүй ээ.

А.Ганчимэг тусдаа гарсан уу?
Би аав ээж, эгч дүү, нохойтойгоо амьдардаг /инээв/.

Таныг харж байхад олон кино, жүжигт тоглож, харьцангуй залуудаа гялалзсан карьер хөөж байна. Тусдаа гарч, байр, машин авах талаар бодож л байгаа байх. Цалин хөлс чинь хангалттай байдаг уу гэж асуух гээд байна л даа?
Мэдээж залуу хүн учраас гэр бүлтэй болно, тусдаа гарна, өөрийнхөө амьдралыг эхлүүлнэ. Дангаараа байр авахад манай драмын театрын үндсэн цалин хүрэхгүй л дээ. Төсвийн байгууллага учраас цалин бага байдаг. Харин кинонд тоглож ч юмуу, илүү хөдөлмөрлөж байж өөрийнхөө амьдралыг авч явна. Хүн илүү зүйл хүсэхгүйгээр хэзээ ч урагш алхахгүй гэж би боддог. Жишээ нь нийгэм, цаг үетэйгээ хөл нийлүүлж алхмаар байна. Nokia 3310, iPhone гэдэг хоёр утас зарчмын хувьд ямар ч ялгаагүй боловч би iPhone авахын төлөө хөдөлмөрлөмөөр байна. Би ийм, тийм юмтай болмоор байна гэж хүсч тэмүүлж, өөрийгөө хөглөж байж, түүнийгээ биелүүлэхийн төлөө нэг ч гэсэн урагш алхаж, өөрийгөө урамшуулж амьдрах ёстой гэж би боддог юм.

А.Ганчимэг их урам зоригтой бүсгүй юм шиг санагдлаа. Таны өмнөх ярилцлагуудыг уншиж байхад “сэтгэл хангалуун, амар тайван, аз жаргалтай амьдрахыг хүсдэг” гэсэн өгүүлбэрүүд цөөнгүй байсан. Таны үеийн охидоос ийм үг тэр бүр гарахгүй болов уу?
Би ердөө л ингэж боддог. Хүнд хүсэл, мөрөөдөл, зорилго гэж зөндөө олон зүйл бий. Гэхдээ миний амьдралын туйлын зорилго бол аз жаргалтай амьдрах. Би үргэлж тэгж боддог. Аз жаргалтай амьдрахын тулд надад юу хэрэгтэй вэ гэдэг их сонин. Надад гэр бүл хэрэгтэй, сэтгэл хангалуун амьдралын баталгаа хэрэгтэй. Бүх юм цогцолж байж аз жаргалтай амьдарна. Энэ бүхэн багтдаг тэр сайхан зүйлийг биет зүйлээр төсөөлбөл алтан, гэрэлт бөмбөлөг гэж болно. Тэр бөмбөлөг маань аз жаргал юм. Би үүнийг Далайн ламын номноос уншиж байсан. Нэг их гүн гүнзгий философиддог хүн биш л дээ, гэхдээ юмыг өнгөцхөн хараад, бодоод өнгөрөх дургүй. Юмны цаад утга учрыг нь ойлгохсон гэж их хичээдэг. Харин чаддаг эсэхээ хэлж мэдэхгүй юм.

Ингэхэд олны нүдэнд ил байдаг урлагийнхны амьдрал ч тэр хэрээрээ олны анхаарлыг татдаг. Таны тухай элдэв яриа, хов живийг ямраар хүлээж авдаг вэ?
Анх би өөрийнхөө тухай бичсэнийг сонсоод шоконд ороод, уйлж байлаа. Эхэндээ би муу хүн юм болов уу, надаас болсон юм болов уу гэж олон юм бодсон. Сүүлдээ ойлгоогүй учраас тэр бүрийг ойлгохгүй өнгөрөөе гэж боддог болсон. Жишээ нь сайтын сэтгэгдлүүд байна. Тэр сэтгэгдлээс болж хямраад, эсвэл та нар юу гээд байгаа юм гээд хариу бичээд суух нь хаашаа юм. Орхисон нь дээр юм байна лээ.

Таныг харж байхад залуу найруулагч Б.Чингүүний богино хэмжээний бараг бүх кинонд нь тоглосон байдаг шүү дээ. Тийм ч учраас та хоёрыг холбож, дотно харилцаатай гэж бичээд байдаг юм болов уу. Та ямар хариулт өгөх вэ?
Анх Б.Чингүүнтэй “Амьдралын амт” киног найруулахад нь танилцаж, уран бүтээлийн найзууд болсон. Бид хоёрын тухай хов жив маш их гардаг. Үнэндээ бидний хооронд дотно харилцаа байхгүй, харин зөвхөн уран бүтээлийн гар нийлдэг сайн найзууд. Хамтарч ажиллахад амар, бие биеэ сайн ойлгож мэдэрдэг хүмүүс гэж байдаг шүү дээ. Тэдний нэг нь бид хоёр. Хүмүүс бодсоноороо л бодно биз. Тэглээ гээд бидний амьдралд ямар ч нөлөө, өөрчлөлт орохгүйгээс хойш эмзэглэхээ больсон.

Яруу найрагч Ц.Хулангийн ярилцлагыг уншиж байгаад уруулаа тодхон будаад таар углаад явж байсан ч хүмүүс сайхан гэж дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг залуу насны тухай ярьсан хэсэг их таалагдсан. Залуу нас үнэхээр гоё л доо. Дээр нь гоо үзэсгэлэнтэй байна гэдэг бүр ч гоё. Хөөрхөн байх, нэр алдартай, олны танил байх ямар вэ?
Би өөрийгөө хөөрхөн, сайхан гэж боддоггүй. Яахав олны танил байхын тухайд мэдээж сайхан. Хэн нэгэн хүн сайн байна уу, таны киног үзсэн их таалагдсан гэж хэлэх маш сайхан. Их урам авдаг даа. Нөгөөтэйгүүр, хар цагаан, өдөр шөнө сүлэлдэж байдагчлан сөрөг хандлагууд ч их гардаг. Би зүгээр л мэргэжлээрээ ажиллаж, өөрт оногдсон ажлаа хийж яваа уран бүтээлч. Миний киног үзэх дуртай хүмүүс байдагт би баярладаг. Хүмүүс намайг хүндэлж харьцаж байгаад би баярладаг. Намайг биш, УДЭТ-ыг, хамт олныг маань, уран бүтээлийг маань хүндлэхэд бүр би баярладаг.

Мэдээж ийм залуухан, үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй гоо сайхны мэс заслын тухай нэлээн өөр үг хэлэх болов уу. Эмэгтэй хүн гоё сайхан байхын тулд хамраа өндөрлөж яагаад болохгүй гэж ярих нь бий. Харин таны бодлыг сонирхъё?

Мэдээж эрс эсэргүүцэхгүй. Гэхдээ аав, ээж маань бурхантай “нийлж” байгаад биднийг бүтээсэн. Яг ийм төрхөөрөө би аав ээждээ хөөрхөн. Энэ хэвээр минь хайрлаж байгаа хүмүүст би хамгийн хөөрхөн нь. Залуу нас нь өөрөө хүнийг чимж, хүмүүс залуу насаараа гоёж, бардамнаж амьдардаг ш дээ. Давхраа, хамар гээд ганц нэгхэн юм байж болно л доо. Гэхдээ цэл залуухан байж хэтэрхий туйлшраад, олон юмаа өөрчилсөн хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүсийн сэтгэлийн ертөнц мэс засалтай хамт бага багаар сүйдэж байдаг юм болов уу гэж би боддог ш дээ. Харин нас яваад арьс унжаад ирсэн үед ганц нэг татуулж яагаад болохгүй гэж.

А.Ганчимэг хэр зоригтой бүсгүй вэ?
Амьдралд цөөнгүй тохиолддог хоёр сонголтын нэгийг л сонгох үеийн зоригийг асууж байх шиг байна, тийм үү. Тэр тохиолдолд их нухацтай бодох байх. Хэн ч гэсэн тулсан газарт зориг гаргах байх. Би ч бас чадна.

Чи мэргэжилдээ хайртай, энэ бол чиний амьдрал. Дэлхийн кино ертөнцөд сайн дүр бүтээгээгүй ч гоо сайхан, тачаангуй байдлаараа алдрын замаа зассан Мерилин Монро байна. Дандаа гүнжийн, дур булаам хатагтайн дүр бүтээж, хөөрхөн царайгаараа алдаршсан Одри Хэпберн гэж байна. Харин чи монголын кино урлагт хэн гэж дурсагдмаар байна вэ?
Жүжигчин хүний туйлын хүсэл мөрөөдөл өөрийгөө эвдэх, өөрөөсөө өөр хүний дүрд тоглох. Хөөрхөн сайхан гэсэн үг хүнд мэдээж сайхан санагдана. Гэхдээ миний сонголт гэвэл хүнд илүү дурсагдах, олон олон өөр дүрд хувирсан, сайн жүжигчин гэдэг хувилбар.

Хараад байхад найруулагчид чамд эерэг талын, зөөлөн, сэргэлэн бүсгүйн дүр өгч байна. Яагаад чамд эсрэг дүр, эсвэл чамайг эвдсэн, өөрийгөө өөрөөр харуулах дүр өгөхгүй байна вэ?
Мэдэхгүй л дээ. Би ч бас энэ талаар бодож үзсэн. Манайхан киноны дүр оноохдоо тэр хүнд ийм дүр тохирно гэж шууд оноодог. Тэрнээс тэр жүжигчнийг ингэж эвдье гэсэн бодол байвал бид ч дуртай, их хичээх болов уу. Хэрвээ надад тийм дүр ирвэл би дуртайяа хүлээж авна.

Тэгвэл чамд сайн талын гол дүр, сөрөг туслах дүр өгвөл алийг нь сонгох вэ?
Чөтгөрийг нь.

Авах уу?
Авна.

Итгэлтэй байна уу?
Тийм.

А.Ганчимэгийг харахад зөөлөн, эелдэг, байнга инээмсэглэж явдаг эмэгтэй. Энэ занг шиг ашиглах, далимдуулах, магадгүй дээрэлхэх тохиолдол байдаг болов уу? Чи ер нь хэр хүчтэй эмэгтэй вэ?
Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бусдыг дээрэлхдэг хүн зөндөө байдаг. Гэхдээ хатуу бөгөөд үнэн үгийн өмнө ямар ч хүн нугардаг гэж би боддог. Хүнд голыг нь олсон, цөөхөн үнэн үг хэлчихэд тэр хүн “аан за за” гээд явчихдаг. Гэхдээ би ийм сөрөг бодолтой хүмүүст хэзээ ч дээрэлхүүлж, эрхшээлд нь орж байгаагүй. Би өөрийгөө хамгаалах чадвартай гэж боддог.

Ганц бие, олны танил, залуухан жүжигчин бүсгүйд харц шидэх, болзоонд урих эрчүүд хэр олон байгаа бол?
Зөвхөн би гэлтгүй ямар ч эмэгтэй хүнийг эрчүүд хүндэлдэг, уулзахыг хүсдэг. Ертөнцийн бүх л бүсгүйчүүдэд залуучууд дурлаж, болзоонд урьдаг. Миний хувьд хэнтэй нь ч муухай харьцдаггүй. Хэн нэгэн надтай уулзах санал тавьбал ажилтай байгаагаа, уулзахыг хүсэхгүй байгаа бол тэрийгээ шуудхан л хэлчихдэг. Би хүсвэл чи миний найз шиг бай, үгүй бол өөр харьцаа байхгүй гэдгийг ойлгуулчихдаг болов уу гэж бодож байна. Ойлгодог байх аа.

Дуучин Ч.Ануд нэг хүн өглөө бүр 99 сарнай илгээдэг байж. Ер нь ийм романтик байдлаар, эд мөнгөөр, гадаад аялалаар, эсвэл уран бүтээлийг нь ивээн тэтгэх маягаар эмэгтэй хүний сэтгэлийг татахыг оролддог ахимаг насны эрчүүд бишгүй байдаг юм шиг ээ. Чамтай ийм хүн тааралдаж байсан уу?
/Бодол болов/. Үгүй, таарч байгаагүй.

Гадагшаа гарч, хилийн чанадад өөрийгөө сорих бодол байна уу?
Бодсон. Одоо ч боддог. Гэхдээ миний цаг арай болоогүй. Би маш сайн сурах хэрэгтэй гэж боддог. Хүн бүх юмыг мэддэг чаддаг байхад бүх хаалга онгойдог. Тэр бол миний боловсрол, мэдлэг, ажлын туршлагаас шалтгаална.

Цаг хугацаа өнгөрөх тусам эмэгтэй хүний гоо сайхан гунддаг. Хэр хугацаа хэрэгтэй бол?
Би амьдралаа ерөнхийд нь төлөвлөсөн байгаа. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар шийдсэн зүйл алга. Бодлын, төлөвлөгөөний шатандаа явж байна гэх үү дээ. Ямартай ч надад боломж гарвал гадны уран бүтээлд оролцож, өөрийгөө бага ч болов нээхийг хүсдэг.

Ингэхэд хэзээ ганц бие амьдралдаа цэг тавьяа гэж бодож байна. Эмэгтэй хүний шийдвэрийн нэг талд хожоо, нөгөө талд золиос байдаг. Эсвэл чи онцгой гойд амьдармаар байна уу?
Ямар нэгэн зүйлд онцгойрохын тулд олон жил ганцаараа явна гэдэг тэнэг хэрэг л дээ. Би жишээ нь 2 жилийн дараа хүүхэдтэй болоод дахиж 3 жилийн дараа хүүхэдтэй болно гэдэг ч юм уу, иймэрхүү төлөвлөгөөнд дургүй. Амьдрал гэнэтийн сюрпризтэй гэнэтийн юмаар дүүрэн байвал гоё. Би маргааш ч хүүхэдтэй болж болно ш дээ. Энэ бол амьдрал. Миний амьдрал гэнэтийн зүйлээр баялаг байхад би дуртай. Тийм үед, өөрөө сэтгэл хангалуун, би энэ хүнтэй л гэрлэх юм байна даа гэсэн итгэл дүүрэн цагтаа хэзээ ч хамаагүй сонголтоо хийнэ.

Чи ямар эр хүнийг хүлээж байна вэ?
Хүлээгээд байгаа юм алга. Бүх зүйлд цаг хугацаа, хувь тавилан гэж байдаг. Миний хувьд би эр хүнийг зоригтой, ухаантай байх ёстой гэж боддог. Ухаан гэдэг хүний оюун бодлын бүх хүрээг хамардаг. Эр хүний ноён нуруу гэж ярьдаг даа, тулхтай хүнд дуртай. Эрэгтэй хүн амьдралыг авч явах чадвартай байх ёстой. Гэхдээ энэ нь мөнгө гэсэн үг биш л дээ. Юмыг хийх гээд байгаа хүн надад таалагддаг. Бас дээр нь уулзахад уйтгартай хүн байвал онцгүй.

Гайхалтай сайхан яриа өрнүүлсэн А.Ганчимэгтээ баярлалаа. Бид хоёр олон сайхан сэдвээр ярилцсан ч дутуу орхисон зүйл маш их. Миний асуугаагүй, чиний хэлмээр зүйл юу байна?
Хүнийг муулж, доромжлоход би маш дургүй. Хаа нэг газар миний тухай мэдээлэл гарахад олон “коммент” ирдэг учраас би их эмзэглэдэг. Хүмүүсийг соёлтой байгаасай гэж маш их хүсдэг. Дулмаа муу л байгаа биз чамд ямар хамаатай юм. Дулмаа хөөрхөн л байгаа биз, чамд ямар хамаатай юм. Дулмаа өөрийнхөө амьдралаа авч явах гээд хөдөлмөрлөөд явж байхад хажуугаас нь Дорж Дулмаа ёстой тэнэг, биш миш гэж ярьдаг. Монголчууд оюуны өндөр чадвартай хүмүүс. Тийм ч учраас жижиг сажиг хов живнээс хол байгаасай гэж хүсдэг. Манайхан гэр бүлсэг, элэгсэг мөртлөө өөрт нь хамаагүй зүйлийг хамааралтай болгож, хэн нэгнийг гутаан дормжилж, сэтгэл санаагаар унагаах явдал их байх юм. Өөрөө өөрийнхөө замыг хараад, хийж хөдөлмөрлөж байгаа зүйлдээ зориод явбал хэн хэндээ хал палгүй сайхан амьдрах болов уу гэж боддог. Бас улам бүр боловсролтой, зорилготой болж байгаа залуучуудаа түрээд дэмжээд өгөөсэй. Залуучууд боловсролдоо анхаардаг шигээ нийгмийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй байгаасай. Хог хаяхгүй, ус хэмнэх зэргээр жижигхэн зүйлсэд ч гэсэн анхаарлаа хандуулаасай. Бодож явахад бүтнэ гэдэг дээ.

Ярилцсан Б.Энхрийшагай

Нийтэлсэн: Хосоо /newsapp/сайтараскруткаaracer.mobiчитать чужую переписку вконтакте онлайнчехол для айфона 5кредитная карта без справки о доходах краснодарcasino online qartuladbest dubai escortsbedava casino slot oyunlar?Game show networkотдых в мае на мореалекс фитнес марьино отзывыальфа банк дополнительная кредитная картатур на майские жукиденьги в долг на телефон теле2туры в африку ценыбыстрый займ денег в барнаулегор¤щие туры на майхороший адвокат киевчугунные кастрюлигорящие туры в испанию на август 2015как установить батарею отопленияуслуги адвоката в полтавереклама нового сайтадом под ключ спбe coli в моче лечениесип панель стоимость


Ганчимэг: Би эротик хэсэгт тоглох нь байтугай жүжиг дээр бүсээ ч тайлдаггүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.