Дэлхий нийтээрээ жил бүрийн долдугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн хүн амын өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Тус өдрийг өнөө жил “Бүх нийтээрээ Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдах нь” уриан дор тэмдэглэх аж.
Манайд жилд 80 мянга орчим жирэмслэлт бүртгэгддэгээс 12 мянга гаруй нь хүсээгүй жирэмслэлт байдаг гэнэ. Үр хөндөлтийн байдлаар 6-7 жирэмслэлт тутмын нэг нь үр хөндүүлдэг гэсэн тоогоор дэлхийд дээгүүрт ордог байна. Харин сүүлийн жилүүдэд “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноор энэ тохиолдол харьцангуй буурсан бөгөөд жирэмсэн эхчүүдэд хандсан олон арга хэмжээг авч байгаа ажээ. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 46 хувь нь эрхтэн тогтолцооны ямар нэг суурь өвчтэй байгаа нь жирэмсний болон төрөхийн хүндрэл үүсэх эрсдлийг бий болгох магадлалтай гэнэ. Тиймээс хүн амын өсөлттэй холбоотой бүхий л асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр холбогдох албаныхан ажиллаж байгаа юм байна.
Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлэл хийв. Өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар дэлхийн хүн ам долоон тэрбумд хүрсэн бол манай улсын хүн ам хоёр сая 700 мянга гарчээ. Судалгаагаар манай улсын хүн амын 48.6 хувийг эрэгтэйчүүд, 51.4 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Дэлхийн хэмжээнд 33 хүн тутамд нэг жирэмслэлт бүртгэгддэг бол манайд 35 хүн тутамд нэг жирэмслэлт бүртгэгддэг юм байна.
Д.Догсмаа
Эх сурвалж: “Монцамэ”