Мөнхийн залуу Э.Одгэрэлийн тухай сонирхолтой 20 баримт

Монголын загварын салбарын томоохон төлөөлөгчдийн нэг, өдгөө 50 насыг зооглож яваа загвар өмсөгч, топ модел Э.Одгэрэл-ийн тухай сонирхолтой 20 баримтыг танд хүргэхээр бэлтгэлээ.

1.    Аав нь түүнийг хоёр настайд нь өнгөрсөн. Тиймээс ээж нь долоон хүүхэд өсгөх хэцүү тул даваагаас баасан гариг хүртэл өнждөг 24 цагийн цэцэрлэгт явдаг байжээ.

2. Түүнийг энэ зун Улаанбаатар хотдоо хамгийн өндөрт тооцогдох “Blue Sky Tower” цогцолборт нүүн орсон гэдэг. Тансаг гэрээ гурван тэрбумаар худалдан авсан. Түүнтэй Д.Дагвадорж, Г.Өсөхбаяр, Н.Энхбаяр нар хөрш гэдэг.

3.    Тэрээр 33 дугаар дунд сургуулийг төгссөн. Бага ангид байхдаа цүнхээ орцныхоо хаалганы ард тавьчихаад тоглох эсвэл бүжгийн дугуйланд явчихдаг байсан. Мөн хичээлдээ суух тун дургүй байсан бөгөөд заримдаа ангийнхаа хүүхдүүдийг уруу татаж таслаад, багшаасаа банга хүртэж байсан аж.

4.    Түүнд анхны захиа их эрт буюу гуравдугаар ангид ирж байжээ. 5б-ийн нэгэн шар хөвгүүн парампушкин цаасан дээр “хоёулаа үерхэе” гэсэн захиаг анх өгч байжээ. Аравдугаар анги хүртлээ утсаар ярьдаг байсан боловч үерхдэгчгүй, уулздагчгүй. Харин таарахаараа “шар муур шартай даа шарсан маханд дуртай дай” гэж шоолоод зугтаачихдаг байсан гэнэ.

5.    Э.Одгэрэл багадаа ээждээ зориулж шүүдрийн ус цуглуулж, цай чанаж өгч байжээ. Түүний ээж Кино үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд “Давааны цаана даваа” киноны зураг авалтын үеэр бяцхан Одгэрэл навч болгоны дор аяга тосоод, даарсан хөлөө үнээний халуун хэвтэр дээр гишгэж дулаацуулсаар балга хүрэхгүй шүүдрийн ус авчирч, ээждээ өгч байсан аж.

6.    Дунд сургуулиа төгсөөд “Халдвар судлал”-д угаагч хийдэг байхад нь Н.Соёлмаа хатагтай, одоогийн “Донж” төвийн Б.Төгөлдөрийн ах, талийгаач Б.Түвшин хоёр түүнийг “олж ирсэн” байна. Дараагаар нь “Шилмэл загварын ордон”-д бичээчээр ажиллаж эхэлжээ. Тэр үед буюу 1988 онд анхны “Гоёл” наадам болсон. Энэ наадам загвар зохион бүтээгчдийн гэхээсээ илүү загвар өмсөгчдийн дундах өрсөлдөөн болсон гэхэд болно. Харин түүний гуравдугаар байрын тавцанд угаагч байсан бичээч Э.Одгэрэл зогсож байлаа.

7.    “Гоёл” наадамд гуравдугаар байранд орсных нь төлөө түүнд 1989 оны туршид “Залуучуудын соёлын төв”-өөс зохиогдох бүх арга хэмжээнд үнэгүй орох эрхийн бичиг өгч байжээ. Дараа жил нь буюу 1990 онд “Монголын сайхан бүсгүй” буюу анхны “Монголын мисс” улсын уралдааныг зохион байгуулахад тэрээр тэргүүн байрыг Н.Мөнхцэцэгт алдан, “Мөнгөн эрдэнэ” шагналын эзэн болжээ.

8. Түүний тайзан дээрх ганцхан гараа л гэхэд 400-500 мянган төгрөг.

9.    Тэр шивээс хийлгэхийг нууцхан мөрөөддөг байна. Харин анх долдугаар ангидаа чихээ цоолж, ээмэг зүүж үзжээ.

10.    Топ модель маань ээмэг зүүх тийм ч дуртай биш. “Ээмгээ тайлахаар яг л оймсоо тайлсан мэт таатай байдаг” хэмээж байсан бөгөөд түүнд ердөө 4-5 ээлжийн ээмэг бий гэнэ. Харин тэрбээр гоёлын зүүлт, гутал, даашинзны арвин “сан”-тай бөгөөд үүгээрээ хэзээ нэгэн цагт үзэсгэлэн гаргана хэмээн хошигнож байсан удаатай.

11.    Тэрээр сэтгэл судлаач С.Энхболдтой гэр бүл болж 10 жил ханилжээ. Энэ хугацаанд охинтой болж ээж, аав болцгоосон. Гэвч өөрөөс нь нилээд олон ах нөхөр нь түүнийг загварын ертөнцөөс өөр сонголт хийхийг нэг бус удаа сануулсан нь эцэстээ салах шалтгаан болсон гэгддэг. Энэ талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ч удаан шуугисан.

12.    Түүний охин нь 1992 онд төрсөн. Нөхөр нь салсныхаа дараа охиноо өөр дээрээ авсан ч 10 нас хүрээд ээж дээрээ ирсэн. Охинтойгоо олдсон боломж болгоноо хамт өнгөрөөхийг хичээдэг. Одоо хилийн чанадад сурдаг.

13.    Мөн түүнийг Солонгос эртэй дотно харьцаа тогтоогоод жил гаран хугацааг хамт амьдраад салсан тухай 2008 онд хэвлэлээр бичиж байв.

14.    Харин түүний дараа АПУ компанийн дэд захирал Батжавтай хамтран амьдарсан хэмээн бичсэн байдаг.

15.    Тэрээр бассейнд тогтмол сэлдэг бөгөөд огт амрахгүйгээр 25 метрийн бассейнийг хоёр удаа туулдаг.

16.    Э.Одгэрэл гадаадаар аялах, дэлгүүр хэсэхдээ гоёмсог лаа худалдан авахаас хэзээ ч татгалздаггүй. Харин түүний хамгийн дуртай амттан “цефир”.

17.    Тэрээр архи, дарснаас илүү оргилуун дарс уух дуртай. Харин олон жилийн өмнө оргилуун дарсанд “шартаж” долоо хоногийн дараа л эл “шок”-ноос гарч байжээ.

18.    Өөрийгөө амьтантай зүйрлэвэл хамгийн хөөрхөн “акул” байх байсан хэмээн хошигножээ.

19.    Э.Одгэрэл чанадаг кофенд “нугас”-гүй бөгөөд “Starbuck’s” тэргүүтэй дөрвөн ч кофе шүүгээнд нь тогтмол байдаг гэнэ.

20.    Түүний шүлгүүдийг нэгтгэвэл ном гаргах хэмжээнд хүрч мэднэ. Тэрбээр сэтгэл нь хөдөлсөн, гэгэлзсэн үедээ шүлэг тэрлэх дуртай бөгөөд гэм нь түүнийгээ хэнд ч үзүүлэхгүй нуухыг илүүд үзэж, хааяахан уншиж, тайтгардаг тухайгаа ярьж байв.

Э.Сугар
Zuv.mn

Мөнхийн залуу Э.Одгэрэлийн тухай сонирхолтой 20 баримт
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.