ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН: Парис, Милан, Нью-Йоркын тайзнаа эх орныхоо нэрийг гаргаж буй модель Ж.Энэрэл

Дэлхийд алдартай Chanel, Victoria’s secret зэрэг брэндийн загварын шоунууд болдог “Grand Palais”-ийн тайзнаа загвар өмсөн Парисын загварын долоо хоногт оролцож, итгэмжлэгдсэн кутюр загвар зохион бүтээгч Галя Лахав болон Португалийн “Luis Buchinho”, Германы “Talbot Runhof” зэрэг брэндийн нүүр царай болж эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж буй 22 настай залуухан модель Ж.ЭНЭРЭЛ-ийг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагынхаа зочноор урьж оролцууллаа. Тэрээр энэ жил Парисын загварын долоо хоногоос гадна Миланы загварын долоо хоногийн хүрээнд Италийн “Kristina Ti”-гийн тайзан дээр загвар өмссөн бөгөөд удахгүй Португалийн загварын долоо хоногт оролцохоор бэлдэж байгаа ажээ.

-Сайн байна уу. Нью-Йорк, Парис, Миланы загварын долоо хоногт оролцож дэлхийд алдартай загварын тайзнаа эх орныхоо нэрийг гарган, амжилттай яваа танд юуны өмнө нийт уншигчдынхаа зүгээс баяр хүргэе. Тэгэхээр хоёулаа таны загварын гараа хэдэн настайдаа, хаанаас эхлэв гэдгээс яриагаа эхлүүлье?

-Юуны өмнө ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагынхаа зочноор урьж оролцуулсанд баярлалаа. Намайг 14 настай байхад манай ээж эмэгтэй хүн ямар байх ёстойг суралцаг гээд “Торго” загварын агентлагт оруулж байсан. Тэр үеэс загварын ертөнцөд ойлголттой болж, бага багаар дурлаж эхэлсэн. Тэгээд хамгийн анх “Торго” агентлагийн үндэсний хувцас танилцуулдаг жуулчдад зориулсан шоунд загвар өмсөж байсан. Дараа нь “Торго” шоунд орох гээд тэнцээгүй болохоор дараа жил заавал орно доо гэсэн зорилт тавьж байлаа. Нэг их удаагүй “Гоёл” наадамд оролцож байсан юм. Тухайн үед анх удаа том шоунд оролцож байсан болохоор нөмрөгөө тайзан дээр унагаад, дараа нь загнуулж байж билээ. Түүний дараа жил гаруйн хугацаанд загвар өмсөөгүй Хятадад сурсан юм. Хятадаас ирээд “UB fashion week”-д оролцоод загвараа дахин өмсөж эхэлсэн. Түүний дараа “Face of Mongolia”-д түрүүлээд “Монгол модель” агентлагт орох саналыг авч, албан ёсоор загварын карьер маань эхэлсэн гэж хэлж болно. Одоо Нью-Иорк, Парис, Миланы агентлагуудын гэрээт моделиар ажиллаж байна. Өнгөрсөн жил Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцсон. Энэ жил Милан, Парисын загварын долоо хоногт оролцсон байгаа. Шоуны үеэр би Португалийн Luis Buchinho дизайнерын загварыг өмссөн юм. Тэгсэн дараа нь Португалийн агентлагаас надад Португалийн загварын долоо хоногт оролцооч гэсэн урилга өгснийг нь хүлээн аваад байгаа.

“Casting” буюу шалгаруулалтад орж хүмүүст өөрийгөө харуулахад ердөө нэг минутын хугацаа л өгдөг  

-Нью-Иорк, Парис, Миланы томоохон агентлагуудын гэрээт модель болж, том брэндийн загварын шоунд оролцоход нэлээд өндөр шалгууртай байдаг байх. Томоохон загварын агентлагуудын модель болох эхлэлээ хэрхэн тавьсан бэ?

-Анх Монгол брэндийн Б.Баярмаа эгчтэй хамт Нью-Йоркын загварын долоо хоногт оролцохоор явж байсан. Тэгсэн тэнд очоод маш азтай учрал болж, дэлхийн томоохон агентлагуудын модель охидыг сонгож өгдөг “scout director”-тай тааралдсан юм. Тэгээд намайг харчихаад, алхуулж үзээд, маш их таалагдлаа гэж хэлсэн. Тэр явдлаас жилийн дараа намайг Нью-Иоркын “MUSE” агентлагт моделиор оруулж байсан.

Томоохон загварын агентлагийн модель болно гэдэг мэдээж маш өндөр шалгууртай байдаг. Тайзны модель гэхэд наанадаж 178 см-аас дээш өндөртэй байх хэрэгтэй. Олон улсын загварын стандарт, шаардлага Монголоос тэс өөр байдаг болохоор миний хувьд зураг авахуулахаас эхлээд л бүхнийг шинээр эхлүүлсэн. Агентлагт моделиор орох шалгуураас гадна томоохон загварын шоунд оролцохын тулд хүчтэй өрсөлдөгчидтэй тулгардаг. Бүгд л надаас гоё биетэй, царайлаг моделиуд байдаг. Загвар өмсөгч хүнд сэтгэлээ баланслах чадвараас эхлээд харилцаа, гадна төрх, хувцаслалт, стиль, дотоод гоо сайхан гээд бүгд бүрдсэн байх ёстой. Ганцхан загварын долоо хоногийн ганцхан шоунд оролцохын тулд 300 модель өрсөлдөж, түүнээс 15-20 модель ордог. Шоунд оролцох модель шалгаруулахад дөрвөн үе шатыг дамжиж байж, шалгаруулж авдаг. Эхлээд зөвхөн агентлагийн модель сонгож авдаг хүмүүс рүү нь зургаа явуулна, зураг тэнцвэл шалгаруулалтад орох эрхээ авахаар өрсөлдөнө. Ингээд тэнцсэн тохиолдолд зөвхөн тухайн шоунд өрсөлдөх эрхээ авдаг. Тэнцсэн бол брэндийнхээ дизайнертай зураг авалтаа хийлгэж шалгуулна гэх мэтээр өндөр шалгууруудыг давах хэрэгтэй байдаг. Тэнцээгүй үед сэтгэлээр унах тохиол ч их гарна. “Casting” буюу шалгаруулалтад орж хүмүүст өөрийгөө харуулахад ердөө нэг минутын хугацаа л өгдөг. Дөрөв, таван цаг хүлээж байгаад нэг минутын дотор өөрийгөө харуулж, тэнцэх эсэхээ шийдүүлнэ гэдэг маш хэцүү. “Thank you, bye” гэх үгийг сонсох үеийн мэдрэмж хамгийн хэцүү нь байдаг. Хааяа сэтгэлээр унах, хэцүү санагдах үеүд цөөнгүй гарна. Тэр үедээ анх “Торго” шоунд тэнцэж чадахгүй, дараа жил орно гээд явж байсан би хүн бүхний мөрөөддөг Парист ирчихсэн байна гэж бодохоор их урам зориг, эрч хүч төрдөг. Тэр үеийг бодоод өөрийгөө зоригжуулдаг гэж хэлж болно.

-Олон улсын моделиудтай өрсөлдөн, дэлхийн загварын тайзнаа алхаж байхад тэдэнтэй харьцуулагдах, Монголдоо сурч чадаагүй ч гэдэг юм уу. Тийм зүйлүүд ажиглагдах уу?

-Тийм зүйлүүд олон гардаг. Анх ирээд алхахдаа өгзгөө хөдөлгөж байна гээд их шүүмжлүүлсэн. Анх сурахдаа л ингэж сурсан болохоор түүнийгээ зөв гэж бодоод яваад байсан байна лээ. Тэгсэн энд “мод” шиг алхахыг чухалчилж байгаа учраас алхаагаа засах гэж их хичээж байна. Мөн өгүүлэмжтэй, хурц харж алхах бус төв царайлж алхах ёстой гэдгийг мэдэж байна. Энэ мэтээр Монголын загварын стандарт, тэнд заалгасан зүйлүүдээс зөрүүтэй зүйлүүд олон ажиглагддаг.

Зорилгоо бодохоор өөрийн эрхгүй ажиллах эрч хүч, урам зориг төрдөг 

-Загвар өмсөгч хүнд гаднах гоо үзэсгэлэнгээс гадна, дотоод гоо үзэсгэлэн мөн чухал гэж түрүүнд хэлж байсан. Тэгэхээр хоёулаа эндээс Ж.Энэрэлийн дотоод мөн чанар, үзэл бодол хувь хүнийх нь талаар ярилцъя. Ажлаасаа авдаг хамгийн том урам зориг юу вэ?

-Өөрийнхөө зорилгыг бодохоор өөрийн эрхгүй ажиллах эрч хүч, урам зориг төрдөг. Миний хувьд загварын ертөнцийн тал дээр цаашдаа бүр том, том брэндийн нүүр царай болох, томоохон дизайнер зурагчидтай хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байдаг. Мөн энэ амьдралдаа заавал нэг зүйл бүтээхийг хүсдэг Миний хийж, бүтээсэн зүйлийг хэн нэгэн хараад түүнээс урам зориг аваасай гэж боддог.  Загвараасаа гадна кино найруулагчаар сурч, ажиллах зорилготой байгаа. Энэ мэтээр зорьсон зүйлүүд маань маш их, энэ зорилгууддаа заавал хүрнэ гээд өөртөө амлалт өгчихсөн болохоор хичээхгүй л бол сэтгэл амардаггүй. Тийм болохоор ямар ч хэцүү үе тохиолдсон босоод алхдаг. Тиймээс чи л зөвхөн өөрийгөө унагаж, босгож, баярлуулж, уйлуулж чадна гэж хэлэх дуртай. Тэгэхийн тулд өөрийгөө маш сайн үнэлж чаддаг хэмжүүртэй байх ёстой юм болов уу гэж боддог. Хэн нэгнийг сайн байна гэж магтлаа гээд хууртаж биеэ тоодоггүй, муу байна гээд сэтгэлээр унадаггүй байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг.

-Залуу хүнд үлгэр дууриал авдаг хүн гэж байдаг даа. Таны үлгэр дууриал авдаг хүн хэн бэ?

-Миний role model гэх юм бол Жизель Бундхен, Карлье Клосс зэрэг алдартай загвар өмсөгчдийг их судалдаг байсан. Загварын тал дээр энэ хүмүүсээс маш их зүйлийг суралцсан гэж хэлж болно. Харин хувь хүнийхээ тал дээр урам зориг авч, суралцдаг хүмүүс миний эргэн тойронд олон бий. Тухайлбал, дуучин Чойжоогоо, Номин гэх мэт маш олон уран бүтээлчид миний эргэн тойронд байдаг. Энэ хүмүүс надад зүгээр сууж болохгүй, заавал нэг зүйлийг бүтээх ёстой  гэдгийг үргэлж мэдрүүлж байдаг. Тэднийг хараад их урам зориг авдаг. Мөн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг үзэх дуртай. Б.Лхагвасүрэн гуайн “сэтгэл хүрсэн газар бие хүрдэг” гэж хэлсэн нэг үг байдаг. Энэ үг сэтгэлд их ойр санагддаг болохоор үргэлж бодож явдаг даа.

-Залуу хүний хувьд сурч, судлах зүйлүүд олон байдаг байх. Өөрийгөө хөгжүүлэх цаг хэр их гаргадаг вэ?

-Хорвоо ертөнц дээр миний мэдэхгүй маш олон зүйл байна даа гэж үргэлж өөртөө хэлдэг. Энэ нь өөрийгөө хөгжүүлж, аливаа зүйлийг сурахад том түлхэц болж байдаг юм шиг санагддаг. Өөрийгөө хөгжүүлэх ойрын төлөвлөгөө гэх юм бол бүжиглэж сурна, франц хэл сурна гэсэн зорилттой байна. Миний хувьд хятад, орос, англи хэлтэй. Мөн ном унших их дуртай. Одоо Айн Рэнд зохиолчийн “Атлантын нуруу тэнийв” гээд зохиолыг уншиж байна. Саяхан мөн энэ зохиолчийн “Эх сурвалж” гээд номыг уншиж дуусгасан. Тэр номын гол дүрд Ховард Роарк гээд архитектор залуу гардаг. Мөнгөний төлөө бус зөвхөн өөрийнхөө үнэ цэнийг бий болгосон бүтээл хийхийн тулд ажиллаж байгаа залуу олон адал явдал, ээдрээт, хэцүү бэрх замыг туулж, эцэстээ амжилтад хүрч байгаа нь миний хамгийн хайртай дүрүүдийн нэг болж, сэтгэлд хүрч чадсан.

-Загвар өмсөгч болох хүсэлтэй охидод ямар зөвлөгөө өгөх вэ?

-Үнэхээр загвар өмсөгч болмоор байгаа бол цаг алдалгүй боломжийг хайгаад үз гэж хэлмээр байна. Зургаа агентлагууд руу илгээж үз, өөрийн биеэр очоод уулз. Миний хувьд ой хоёр сартай хүүтэй. Хүүгээ төрүүлсний дараа 26 кг нэмсэн. Тэгээд үнэхээр тууштай хичээхгүй бол зорилго, мөрөөдлөө орхих юм байна гэж бодсон. Зургаан сарын хугацаанд дасгал хөдөлгөөн хийж 20 кг хасаж чадсан. Тэгж байж Нью- Иоркын тайзан дээр гарсан. Үүнтэй адил ямар ч хүн зорилго өөдөө тэмүүлж, хийхгүй л бол үхэх гэж байгаа юм шиг зүтгэж, өөртөө нэхэл хатуутай байх юм бол ямар ч амжилтад хүрч чадна гэж боддог.

-“Mongolia’s next top model” нэвтрүүлгийг үзсэн байх. Таны хувьд хэнийг дэмжиж байв?

-“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн бүх дугаарыг үзсэн. Загварын салбарыг хүмүүст илүү сайн ойлгуулж чадсан, маш том ахиц дэвшил авчирсан юм болов уу гэж бодож байгаа. Харин нэвтрүүлгийн “casting” буюу шалгаруулалтын нэг дугаар гарсан. Тэр үеэр хүмүүст маш буруу ойлголт өгч байна даа гэж бодсон. Шалгаруулалтад ороход ганцаарчилж уулзаад, олон зүйл асуугаад байдаггүй. Миний түрүүнд хэлсэнчлэн тухайн загвар өмсөгчид нэг л минут тайзан дээр өгөгддөг. Тиймэрхүү зүйлүүдийг тусгаж өгөөгүй байсан. Бусдаар бол үр өгөөжтэй сайн нэвтрүүлэг болсон гэж дүгнэж байгаа. Хамгийн анхны дугаар дээр Б.Цэрэндолгорыг хараад өмнөө зорилготой, ямар ч зүйлд сандрахгүй тууштай хүүхэд юм байна гэж харсан байсан. Т.Номин-Эрдэнийн хувьд бол маш сайжирсан. Сүүлийн дугааруудад зурагнууд нь маш сайн болж байсан. Ю.Балжидмаагийн хувьд бол бид хоёр бие, биеэ маш сайн мэднэ. Хөөрхөн охин. Тэнцүүхэн оролцогчид байгаа юм байна гэж бодож байсан.

-Ярилцсанд баярлалаа. Португалийн загварын долоо хоногийн шоунд нь амжилт хүсье?

-Баярлалаа. ”Сэтгэл хүрсэн газар бие хүрдэг” гэдэг үгтэй адилаар хүсэл мөрөөдөлтэй байж, түүндээ тэмүүлэх юм бол ямар ч амжилтын оргилд хүрч чадна гэж боддог. Ярилцлагыг маань уншиж байгаа залуустаа хүсэл, мөрөөдөл, зорилгынхоо төлөө тууштай тэмцэж, ялалт байгуулаарай гэж хэлмээр байна.

ITOIM.MN


ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН: Парис, Милан, Нью-Йоркын тайзнаа эх орныхоо нэрийг гаргаж буй модель Ж.Энэрэл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.