Энэ амьдралд 2 янзын хайр байдгийг амьдрал өөрөө харуулдаг. Нэг нь өөрийнхөө төлөө хайрлах хайр. Нэг үгээр бусдын хайр өөрт нь юу өгч байгаагийн хэрээр түүнийг хайрлана гэсэн үг. Хажуудах хань нь юу хүсч, юугаар дутаж үгүйлэгдэж байгааг сонирхдоггүй, харин амьдралынхаа хугацааг өөрийнх нь аз жаргалын төлөө зарцуулж байгааг тийм л байх ёстой мэт үздэг. Ийм хайрын эзэд, хүний сэтгэл зүрх рүү өнгийж харахыг хүсдэггүй.
Хайрын нөгөө нэг хэв маяг нь, бусдыг түүний өөрийнх нь төлөө хайрлах хайр юм. Энэ бол авах зүйлийнхээ тухай биш, харин өгөх зүйлийнхээ тухай бодно гэсэн үг. Эхнэр нөхөр хоёр бие биенийхээ амжилтаар бахархаж, хэн нэгнийхээ төлөө өөрийгөө мартаж, сэтгэлийг нь мэдэрч хуваалцаж, үүгээрээ цаглашгүй аз жаргалыг мэдрэн, бие биенийхээ төлөө амьдрахыг хэлж байгаа юм.
Сэтгэл харамгүй ийм хайрын гол шинж нь өөрийнхөө төлөө хайрлахаас илүү их аз жаргалыг хүнд өгдөг явдал юм шүү дээ. Яагаад гэвэл хүн өөрийгөө мартахын хэрээр дараа нь илүү их аз жаргалыг мэдэрдэг байхаар бүтээгдсэн юм. Ийм хайрын эзэн болж амьдарсан бодит нэгэн түүхийг сонсож байсан билээ. Олон жил ханилсан хоёр хөгшин хэдэн малаа бараадан насаараа хөдөө амьдарчээ. Залуудаа үр хүүхдээ алдаж, зовлон туучиж эдэлснийх үү, хөөрхий эмгэнийх нь ухаан санаа нь орж гардаг, элий балай өвчтэй болчихож.
Бяцхан хүүхэд шиг аашилж, юм л бол нуугдаж тоглохын хэнээ тусч гэнэ. Өвгөн, ухаан самуурсан эмгэнээ дагуулан хойдох толгод руугаа мацаж, жижиг цохио хаднуудын ард өдөржингөө нуугдаж тоглоно. Өвгөн зориуд олохгүй байгаа дүр эсгэн хажуугаар нь өнгөрөх бүрт нөгөө нуугдаж байгаа хүн чинь байхгүй, тас тас хөхрөн баясан хөөрч, хүүхэд шиг л дэгдэн дэгдэн гүйдэг байсан гэдэг. Айл саахалтынхан нь “Муу өвгөнийг ч мөн зовоож байна даа, хөөрхий” гэлцдэг байснаа төдөлгүй л “Энэ хоёр мөн хөөрхөн өө, эвий гэж…” гэлцэх болж. Эмгэнээ жаргалтай байлгаж, аяыг нь дагуулан дураар нь тоглуулж байх нь өвгөний хамаг хүсэл зорилго, аз жаргал, хайр халамж нь болсон байсан юм. Гунигтай ч, сэтгэлд гэгээхэн энэ түүх хайрын мөн чанарын тухай үргэлж сануулах нь сайхан.