Өөрийгөө өөрчилж, бүтээмжээ нэмэх “5 С”-ийн зарчим

LOOK8_7Нэгэн хэвийн ажил амьдрал яагаад ч юм биед таатай, сэтгэлд ч түүртэлгүй. Адгах зүйлгүй ч алгуурлах явдал бас үгүй.
Урьдын л адил урсгал тайван даваа гариг
Нэгэн хэвийн ажил амьдрал яагаад ч юм биед таатай, сэтгэлд ч түүртэлгүй. Адгах зүйлгүй ч алгуурлах явдал бас үгүй. Гэсэн ч ингэж амьдрахад нэг л уйтгартай, нэгэн хэвийн дүнсгэр өдрүүдийг мэдрэх боллоо. Гэртээ ч тэр, ажил дээр ч ямар нэг бүтээмж, амжилт, аз, сэрхийсэн гэрэл гэгээ, сэтгэл догдлом хором байхгүй, нэг л саарал өдрүүд. Энэ бодол сэтгэл базлуулах болсноос хойш нэгэн долоо хоног ахиад л амар тайван, ажин түжин урсан одлоо. Цонхны гэгээ мэт ямархан нэг мэдрэмж, эрэлхийллийг хаа нэгтэйгээс зүрх сэтгэл минь шаардан эрж хайсаар…
Өчигдрөө өөрчилсөн бас нэгэн даваа гариг
Шинэ долоо хоногийн эхний өдрийн үдийн цайны дараа манай ажил дээр нэгэн бичил сургалт зохион байгуулагдав. Тэмдэглэлийн дэвэр, үзгээ бариад, үнэн хэрэгтээ далдхан түвэгшээн байж суусан тэр сургалтаас би өөр нэгэн болоод гарч ирсэнээ гайхаж билээ. Нөгөө л хаа нэгтэйгээс хайн эрэлхийлж байсан зүйлийнхээ эхлэлийг олов бололтой.
Өөрийгөө өөрчилж, бүтээмжээ нэмэх “5 С”
Эхлээд үнэндээ энэ тухай сонсоод нөгөө л онол,  яриад л өнгөрдөг лекц хэмээн бодож сууснаасаа одоо эмээх шиг. Энгийн үгээр тунчиг сонирхолтой өрнөсөн энэ бичил сургалтын гол шугам нь Өөрийгөө өөрчилж, бүтээмжээ нэмэх “5 С”-ийн зарчим. Хувь хүний өөрчлөлтгүйгээр юуг ч өөрчилж чадахгүй гэдэг юутай үнэн. Харин хувь хүн өөрчлөгдөхийн үндэс нь дадал зуршлаа удирдах явдал юм байна. Хүн ямар нэг үйлдлийг 40 удаа хийхэд дадал болдог гэнэ. Тэгэхээр эерэг сайн үйлдлийг 40 удаа хийж гэмээнэ тэр бүхэн оюун санаанд програмчлагдаж дадал зуршил болдогсонжээ. Харин мөнөөх “5 С”-ийн зарчим гэдэг нь:
1. Сайн ангилан ялгах
2. Сайтар цэгцлэн зохион байгуулах
3. Сайхан цэвэрлэж цэмцийлгэх
4. Стандартчилан хэвшүүлэх
5. Санаачлагатай байж өмнөх 4 С-г хэний ч шахалт шаардлагагүйгээр өөрийн ухамсраар хийж хэвших. 
Ердөө л энэ. Энэ нь ямар ч ажлыг илүү хялбар, илүү хурдан, илүү үр дүнтэй, илүү бага зардлаар хийхийг хэлж байгаа юм. Үүнийг жишээ баримтаар ярьсан нь сэтгэлд тогхийтэл туссаныг яана. Жишээлбэл, “Номин” супермаркет бүтээмж нэмэгдүүлэх 5 С-ийн зарчмыг хэрэгжүүлж, тусгай касс нээсэн нь бүх л үйлчлүүлэгчдийн таашаалд нийцжээ. Та ч бас анзаарсан байх. Их бараа аваагүй, ердөө 3-4 ширхэгийн дотор бараа худалдан авсан хүнд үйлчилдэг тусгай тасаг “Номин”-д бий. Энэ нь тухайн үйлчлүүлэгчээ хүндэлж, сэтгэл ханамж өгч, дарааллыг нимгэлж, бүтээмжээ өсгөх дөрөө болжээ.
Бас нэгэн байгууллагын нэгэн манаач замбараагүй олон өрөө тасалгаануудынхаа тоо томшгүй түлхүүрүүдийг тун амархан таньж олгох арга сэдсэн жишээний. Нэг үгээр цэгцтэй, зохион байгуулалттай, сахилгатай зөв нөхцөл бий болгохыг 5 С гэх бөгөөд энэ тавыг баримталснаар ямар ч ажлын бүтээмж эрс дээшилдэг хуультай.
Лекц сургалтын эхний үр дүнг манай хамт олон ажлын ширээгээ цэгцлэхээс эхэлсэн. Дээр дороо орсон бичиг цаас, нэвтрүүлгийн олон хуурцаг, шинэ хуучин тэмдэглэлийн дэвтрүүд, дууссан үзэг бал, хэдэн жилийн өмнө хэрэг болгон бичиж байсан санаанууд… Хэрэгтэй, хэрэггүйн зааг ялгарангуут өнөөх л өмнөх шигээ цаас хайж будилдаг хайран цагууд хумигдаж, өрөө маань цэмбэгэр тохилог, ажиллахад хичнээн таатайв.
Бүтээмжийн 80% нь тохитой ажлын байр, аз жаргалтай, ойлголцолтой уур амьсгалаас шалтгаалдаг гэсэн судалгаа гайхмаар санагдаж байгаа биз? Энэ л урам зоригоороо бид гэр орондоо өөрчлөлтийг хийх сэдэлд хөтлөгдөж, хувцасны шүүгээ, хүүхдийн өрөөний тоглоом сэлт, гал тогооны сав суулга гээд өмнө байсан өнгө төрхийг өөрчлөн, хэрэглэхэд өөрт амар хялбар, харахад цэвэрхэн тухлаг тийм байдлаар онхи өөрчилсөн. Гэр орныхон маань ч үүнд эрхгүй даган нэгдэж, тэр хэрээр амьдралд өнгө, сэтгэлд таашаал нэмдэг юм билээ.
Одоо бид өрөө тасалгаа ширээ шүүгээ төдийгүй, ажил алба, амьдрал хувь тавилангийнхаа утга агуулгад 5 С-г хэрэгжүүлэхээр дор дороо мэрийцгээж явна. Амьдралын урсгал саарал өдрүүд мартагдаж, сэтгэл бодолд сайхан санаанууд амилж, маргаашдаа яарах үнэхээр сайхан.

Өөрийгөө өөрчилж, бүтээмжээ нэмэх “5 С”-ийн зарчим
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.