Жирэмслэлтээс хамгаалах аргуудын талаар эмэгтэйчүүдийн эмчээс саяхан хэдэн зүйл лавлаж асууж суухад нэг зүйл ихээхэн анхаарал татлаа. Бүсгүйчүүд маань гэр бүл төлөвлөх аргын талаар ихэнх нь ерөндгийг л тохиромжтой гэж ойлгодог нь буруу аж. Яагаад гэвэл ерөндөг бол зөвхөн эрүүл хүнд тавих ёстой хэрэгсэл аж. Түүнээс биш үтрээний үрэвсэлтэй хүнд тавьчихвал хамаг үрэвслийг нь саванд нь хамаад оруулчихдаг ихээхэн сөрөг талтай гэнэ. Түүнээс гадна бас нэг айхтар зүйл сонссон нь юу гэвэл, ерөндгөө авахуулах хугацаандаа авахуулахгүй, эсвэл таарахгүй болоод үрэвсэл өгөх, улмаар түүнийгээ эмчлүүлэхгүй удаан хугацаанд явбал савны хавдар үүсэхэд ч нөлөөлж болзошгүй аж.
Жижигхэн өргөс хурууны өндгөнд орчиход л хэчнээн өвддөг билээ дээ. Тэгвэл умайд ерөндөг хугацаанаасаа удаан байрлах, үрэвсэл оруулах, шархлуулах зэрэг нь хавдрын эрсдэлийг өсгөж мэдэх нь гарцаагүй үнэн ч байж мэдэх л юм.
Иймд эмэгтэйчүүд минь, ерөндөг тавиулсан бол мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчид тогтмол үзүүлж, тохирох эмчилгээг нь хийлгэж яваарай.
Эмэгтэй хүний сав дүлий эрхтэн гэдэг дээ. Өвдөж байгааг нь мэдэх бараг л боломжгүй. Тиймээс л тогтмол үзлэг шинжилгээнд ордог бол шинэ амьдралын эх булаг болсон эрхтэнээ болоод эрүүл мэндээ хамгаалахад ихээхэн чухал гэдгийг бүү мартаарай.