УЛС ОРНЫ ТЭРГҮҮНҮҮДИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ОХИД

Улс орны тэргүүнүүдийн нөлөө бүхий ОХИД

Ерөнхийлөгчийн өргөөнд албан өрөө, нууц материал үзэх эрх. АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Цагаан ордонд аавынхаа дэргэд ажиллахаар болсон нь энэ аж.

Гэхдээ тэр Ерөнхийлөгчийн засаг захиргааны албан ёсны ажилтан болж, цалин авахгүй. Түүний гүйцэтгэх үүрэгт ямар нэгэн хязгаар хориг байхгүй бөгөөд хуульч Жейми Гореликийн хэлснээр тэрбээр Трампын нүд, чих төдийгүй албан бус зөвлөх байх гэнэ. Амжилттай яваа бизнес хатагтай, дээдсийн мэдээллийн од энэ бүсгүй ийнхүү төрийн тэргүүнүүдийн нөлөө бүхий охидын тоог нэгээр нэмлээ. Тэгвэл бусад нь хэн сэн билээ?

УЛС ТӨРИЙН ШАЛАМГАЙ ЗҮТГЭЛТЭН

Марьям Наваз Шариф 43 настай, Пакистаны Ерөнхий сайд Наваз Шарифын охин юм. Тэрбээр эхэндээ гэр бүлийнхээ сайн үйлсийн санг хариуцан ажилладаг байснаа 2013 онд аавыгаа дахин сонгогдоход туслах зорилгоор сонгуулийн аянд нь чухал үүргийг гүйцэтгэж байсан. Харин одоо Марьям аавынхаа эрх баригч “Пакистаны мусульманы лиг” (“Наваз”) намд ажилладаг.

“Тэрбээр бүхий л үед анхаарлыг төвд байсан. Тэрбээр эрх мэдэлтэй нэгэн бөгөөд аавынхаа улс төрийн карьерыг өв залгамжилж ч мэднэ” хэмээн ВВС-ийн урду хэлний тасгийн ажилтан Асиф Фарук мэдэгджээ.

Өнгөрсөн жил Марьямын нэр Панамын баримт дотор харагдсанаас үзэхэд тэр хоёр ахтайгаа оффшор компани, данстай, түүнийгээ Лондонд тансаг зэрэглэлийн орон сууц авахад ашигладаг гэж таамаглал дэвшүүлэхэд хүргэжээ.

Харин аав нь энэ бүхнийг үгүйсгэж, “Миний болон гэр бүлийн минь эсрэг улс төрийн ашиг сонирхолд чиглэсэн хүмүүсийн гаргасан мэдээлэл” гэж мэдэгджээ. Пакистаны Дээд шүүхээс энэ хэргийг судалж буй бөгөөд ойрын долоо хоногт шийдвэр нь гарах гэнэ.

РОК-Н-РОЛЛ ХАТАГТАЙ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гэр бүлийн амьдралаа олны нүднээс их нуудаг. Тиймээс ч түүнийг хоёр охинтой гэхээс өөр зүйл бараг мэдэгддэггүй байсан юм.

“Оросын албан ёсны хүмүүс сэтгүүлчдийн гэр бүлийг нь сонирхдогийг маш сэжиглэнгүй хүлээн авдаг. Сэтгүүлчид хэр гүн нэвтрэхээс бүх зүйл шалтгаална. Гэхдээ мэдээллийн ихэнх хэсгийг албан ёсны баталгаатайгаар авдаггүй” хэмээн “BBC”-гийн Оросын албан ахлах редактор Фамиль Исмайлов ярьж байна.

2015 онд Путины бага охин Екатерина Москвад Катерина Тихоновагийн нэрээр амьдардаг нь ил болсон юм. Тэр цагаас хойш Оросын хэвлэлүүдээр түүнийг Путины эртний андын хүү Кирилл Шамаловтой гэрлэсэн, энэ хос нефть хийн үйлдвэрлэлд хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан тухай алгуурхан мэдэж эхэлсэн.

Өдгөө 30 настай Екатерина Москвагийн их сургуулийн дэргэдэх “Үндэсний оюуны хөгжил” олон нийтийн санхүүжилттай санг тэргүүлдэг.

Түүнчлэн түүний нэр дээр хэдэн сая ам.долларын гэрээнүүд хийгдсэн байдаг бөгөөд түүний зөвлөхөөр Путины итгэмжит хүмүүс оролцдог аж.

Тихонова акробат рок-н-ролл сонирхдог. 2013 онд Швейцарьт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр тавдугаар байр эзэлж байжээ.

АФРИКИЙН БАЯН ЭМЭГТЭЙ

Изабель душ Сантуш 43 настай, Анголын улс төрийн ахмад дайчин, Ерөнхийлөгч Жозе Эдуард душ Сантушийн том охин юм. Эцгийнх нь хувьд 1979 оноос улс орноо удирдаж байгаа аж.

Изабель “Sonangol” төрийн өмчит нефтийн компанийг тэргүүлдэг бөгөөд “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр 2013 онд Африкийн хамгийн баян эмэгтэй, хувийн хөрөнгө нь 3.2 гаруй тэрбум ам.доллараар үнэлэгддэг тэрбумтан эмэгтэйгээр тодорч байсан.

Изабель душ Сантуш Их Британид боловсоол эзэмшсэн. Улсынхаа санхүү, харилцаа холбоо, алмаазын салбарт хувьцаа эзэмшдэг нь Анголын нөлөө бүхий бизнес эрхлэгчдийн нэг болгожээ. Түүнчлэн тэрбээр Португалийн цахилгаан эрчим хүч, нефть, хийн салбарт ч хөрөнгө оруулалт хийсэн гэнэ. “Trans­parency International” байгууллагаас бизнесийн орчин нь хамгийн ил тод бус орнуудын тоонд орсон Ангол улсад Изабель душ Сантушийг эцгийнхээ нэрийг барьж, хөрөнгө босгосон гэж буруутгадаг. Харин тэрбээр үүнийг үгүйсгэж, “Өнөөдөр гаргасан миний амжилт ганц цагийн дотор ирээгүй юм шүү. Үүнд би 20 жилийг зарцуулсан” хэмээн 2015 онд ВВС-д өгсөн ярилцлагадаа дурьджээ.

ХАЙРТАЙ ГӨРӨӨС

Сумейе Эрдоган 31 настай, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хамгийн бага, хайртай  охин юм. Аав нь түүнийг миний гөрөөсхөн” гэж дууддаг. Туркт энэ үг нь гоо үзэсгэлэнтэй, илүү нандин хүнээ илэрхийлдэг” хэмээн ВВС-гийн Туркийн албаны ажилтан Ирем Кокер ярьжээ.

Британи, АНУ-д улс төр судлалаар боловсрол эзэмшсэн Сумейя аавыгаа эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын тэргүүн байхад зөвлөх нь байсан бөгөөд олон тооны дипломат айлчлалд нь дагаж явдаг байсан гэнэ.

2015 онд Сумейег парламентын сонгуульд хүч үзэх нь гэсэн цуу яриа гарсан ч ийм зүйл болоогүй юм.

Өдгөө тэрбээр Туркт эмэгтэйчүүдийн ашиг сонирхлыг хамгаалах байгууллагад даруухан алба хашдаг. Үүнээс гадна тэрбээр эцгийгээ болон түүний явуулж буй бодлогыг байнга дэмждэг байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ТЭРГҮҮН, СЕНАТОР

Өдгөө 39 настай Озода Рахмон бол Тажикистаныг 1994 оноос удирдаж буй Ерөнхийлөгч Эмоммали Рахмоны охин.

Хууль зүйн ухааны дэд эрдэмтэн, дипломат зэрэгтэй. Тэрбээр 2009 онд Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд болж, 2016 онд аав нь түүнийг Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүнээр томилжээ. Үүнээс гадна тэрбээр парламентын дээд танхимд сонгогдсон.

Озода Тажикистаны Төвбанкны нэгдүгээр орлогч дарга Жамолиддин Нуралиевтэй гэрлэсэн бөгөөд таван хүүхэдтэй.

Ерөнхийлөгч Рахмон есөн хүүхэдтэйгээс зөвхөн Озода л Засгийн газарт ажилладаггүй аж. Түүний ах Рустам нь Душанбе хотын дарга бол эмэгтэй дүү Рукшона ГХЯ-нд ажилладаг.

Бусад ах дүү нар нь ч мөн бизнес, төрийн байгууллагад удирдах албан тушаал хашдаг болохоор Рахмоны гэр бүл Тажикистандаа хамгийн баян, нөлөө бүхийд тооцогдох нь аргагүй биз ээ.

ЛГБТ-ИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ

Мариэла Кастро бол Кубын Ерөнхийлөгч Рауль Кастрогийн охин, домогт хувьсгалч Фиделийн ач дүү юм.

“Түүний ээж Вильма Эспин эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг. Харин одоо охин нь түүний үйл хэргийг үргэлжлүүлж байна” хэмээн ВВС-гийн испани хэлний албаны ажилтан Лилиет Эредеро мэдэгджээ.

1962 онд төрсөн Мариэла парламентын гишүүн, түүнчлэн бэлгийн цөөнхийн эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч. Тэрбээр Засгийн газрын санхүүжүүлдэг Cenesex бэлгийн хүмүүжлийн үндэсний төвийг тэргүүлдэг аж. Энэ байгууллага нь ХДХВ/ДОХ-оос ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах гээд олон асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Мариэла хүчтэй лоббидсоны хүчинд 2008 онд Куба улсад хүйс солиулах мэс заслыг үнэ төлбөргүй хийх тухай хуулийг батлуулж чадсан билээ.
Өглөөний сонин
Э.Мөнхзаяа


УЛС ОРНЫ ТЭРГҮҮНҮҮДИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ОХИД
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.