Бид бүгд л хайртай залуугаа үүрд өөрийн болгохыг мөрөөддөг. Тэгвэл үүнд таарах нэгэн жор байдаг аж. Гэхдээ та амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд маш их тэсвэр тэвчээр, ухаан зарах хэрэгтэй.
Юуны өмнө түүнд үргэлж анх дурлаж байсан шигээ халуухан, уярангуй байдлаар хандах хэрэгтэй. Та хоёр хэчнээн олон жил амьдарсан ч залуу цагийн тунирхал, түүнийг үргэлж баяр хөөртэйгөөр угтан авдаг чанараа гээж болохгүй. Үүний хажуугаар та хайртай хүнийхээ сэтгэл санааны байдлыг үргэлж тандаж бай.
Эрчүүд хэдийгээр сайхан төрсөн бүсгүй бүрийг шохоорхон харж, битүүхэн хүсэмжилдэг ч өөрийнхөө зүрхэнд ойр хүнийг гомдоохыг хүсдэггүй. Яг үүнийг л та ашигла. Хэрвээ түүнийг өөр нэг эмэгтэйтэй болсон бол хашгичин дайрч, уйлан гоморхох хэрэггүй. Харин уулзаад сайтар ярилцаж, түүнд хүн ёсоор албан ёсны чөлөө өгөх хэрэгтэй. Тэгээд “Хэрвээ чамд энэ хугацаанд тэр эмэгтэйтэй ойр байх сайхан санагдаж байгаа бол би чиний чөлөөний хугацааг дуустал огт гарч ирэхгүй. Харин түүнээс уйдаад явмаар санагдвал заасан хугацаагаа дуустал над руу бүү ир. Хэрвээ заасан хугацаанд чи надтай уулзмаар санагдах ч юм уу, эсвэл тэр бид хоёртой зэрэг уулзана гэж бодож байгаа бол яг одоо сонголтоо хий” гэж хатуухан хэлэх хэрэгтэй.
Ерөнхийдөө цорын ганц хүн гэдгээ ойлгуул. Тэр тэртэй тэргүй өөр нэгэн лүү явж чадахгүй. /Хэрвээ та түүнийг жорыг нь тааруулж хайрладаг бол шүү дээ/ Явсан ч тэр дороо л буцаад ирнэ. Тиймээс та хугацаа заасан ч гэсэн түүнийг өмнөө сөхрүүлэн суулгах боломжийг өөртөө нээнэ гэсэн үг.