Хамгийн анх “Амьдралд тавтай морил” олон ангит дэлгэцийн бүтээлийн Маралаа хэмээх хээгүй бондгор охины дүрээр олонд танигдаж байсан жүжигчин Б.Ариунцэцэг бүсгүйн ажил амьдрал нь сүүлийн үед нэлээн тод гялалзаж яваа. “Outlaw” хамтлагийн гишүүн Г.Чинзоригтой хамтын амьдрал зохиож хөөрхөн гүнжийн аав ээж болсон залуу хосууд бусдад үлгэр жишээ болохуйц сайхан гэр бүл. Эмоци продакшинд харъяалагдах болсон жүжигчин бүсгүй “Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирлын ширүүхэн тулаанд оролцож өөрийгөө өөр өнцгөөс үзэгч түмэнд таниулах гээд тун завгүй яваа бололтой. Мөн энэ жил эргэн ирсэн “Азтай бадарчин” хошин урлагийнхны том наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд өрсөлдөж байгаа жүжигчдээс хамгийн өндөр саналтай яваагаас харахад энэ жил Ариукагийн жил болох нь гарцаагүй бололтой. Тэрээр гэнэт том том тэмцээн уралдаанд ороод шокноосоо гарж чадахгүй л байна шүү. Дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа гэж өөрийн цахим хуудсаар дамжуулан талархал илэрхийлжээ. Сайн ээжийн ажлаа түр хойшлуулж жүжигчнийхээ ид шидийг хэрхэн гаргахыг үзэгчид шоуны шинэ дугаараас харах л үлдэж дээ.