Гомдол, стрессээ тайлах энгийн бас үр дүнтэй аргууд

bracelets-color-girl-hands-Favim.com-417433Миний анзаарснаар бидний олонх нь дотроо байгаа гуниг, бэрхшээлээ дотроо хадгалаад ил гаргадаггүй.

Хүн бүхэнд ирэх ертөнцийн жамыг хэн маань ч алгасч чадахгүй орчлонд төрсөнтэйгөө эвлэрэх гэж над шиг гутарч, гуниж, бас өөдөө босох гэж хамаг чадлаараа тэмцэж байгаа маш олон хүн бий. Азаар зарим хүмүүс ертөнцийн жамыг анхнаасаа л ухаарсан байдаг учраас байгаа зүйлийг байгаагаар нь хүлээн авч чаддаг нь юутай сайхан. Гэвч миний хувьд тийм байсангүй. Нөхцөл байдалтайгаа эвлэрч чадахгүй, өөрөөсөө түмэн шалтгаан хайж, уй гунигаасаа мултарч чадахгүй багагүй хугацааг үдсэн юм.

Яг энэ үед маш олон хүн надад олон сайхан зөвлөгөө өгснөөс нь би хэрэгжүүлж эхэлсэн юм л даа. Хэдийгээр би зорилгодоо бүрэн хүрч амжаагүй байгаа ч над шиг шаналж яваа хүмүүст бага ч гэсэн  үр дүнг мэдрүүлэхийг хүсч байна. Эдгээрийг эрхэм уншигч тантай хуваалцмаар байна. Над шиг гунигаасаа гарч гэрэлд дулаацахыг хүсч байгаа олон хүн байгаа байх. Тэдэнтэй сайхан мэдээ хуваалцъя:

Гуниг, гутрал, стресс бухимдлыг заавал илэрхийлж гарга

Миний анзаарснаар бидний олонх нь дотроо байгаа гуниг, бэрхшээлээ дотроо хадгалаад ил гаргадаггүй. Түүнийгээ цээжиндээ тээж, сүүлдээ багтаж шингэхээ болихоор нь хайртай хүмүүстээ уур уцаар, гомдлоо гаргаж, эсвэл буруу замаар явчих гээд байдаг.

Үүний оронд тэрхүү цээжинд тань буглаад байгаа зүйлийг заавал ил гарга. Дотроо болоод байгаа зүйлийг бичиж болно. Эсвэл мэрэгжлийн сэтгэл зүйчид хандаж болно. Миний хувьд Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн их зүгээр санагдсан.

Асуудлаас битгий зугтаа

Би өөртөө тулгарсан асуудлаас зөндөө зугатсан. Гэвч хувь тавилан, цаг хугацаанаас хэн ч зугатаж чаддаггүйг ойлгосон. Тиймээс хэцүү байгаа, хүнд байгаагаа хүлээн зөвшөөр.

Уруу дорой харагдахаас битгий ай. Яагаад хэцүү цаг үедээ хүн өөрийнхөөрөө байж, ядарч сульдаж байгаагаа бусдаас нуух гэж дүр эсгэх ёстой юм бэ. Тэгж өөрийгөө хүчилж зовоох хэрэг ерөөсөө байхгүй. Тэрний оронд бодит байдлыг хүлээн зөвшөөрч, байгаа зүйлийг байгаагаар нь хүлээн ав.

Нэг зүйл дээр хэт төвлөрөх хэрэггүй

Энэ бол хүнийг стресст оруулдаг хамгийн гол зүйл юм шүү. Нэг зүйлд хэт төвлөрч зөвхөн тэр тухайгаа л бодоод байвал амархан ядарч, сульдаад сэтгэлийн хүчээ гамнахгүй байна л гэсэн үг.

Тэрний оронд өөрийнхөө хоббитой зүйлийг хий. Жишээ нь, би хатгамал нэхэж байгаа. Бас гэртээ шинэ хоол туршихаар оролдож байна. Ингэж анхаарлаа өөр олон зүйлд чиглүүлснээр нэг зүйлд хараат байхаас сэргийлж байгаа юм.

Айдастайгаа нүүр тул

Энэ бол хамгийн хэцүү алхмын нэг л дээ. Айдас бол яг л зэрэглээ шиг. Гарт баригдахгүй, биегүй. Бидний хийсвэрлэл, ургуулан бодох нэг тал нь юм. Айдсаа таньж мэд. Түүнийг таньж мэдэлгүйгээр түүнтэй нүүр тулна гэдэг өөрөө хүчээ тарамдсан хэрэг болно.

Тэрний оронд юунаас айгаад байна, тэр айдас бодитой юу, эсвэл зүгээр л чиний сэтгэлийг шимэгчилдэг манан төдий зүйл байна уу гэдгийг эхлээд тунгаагаад үз. Түүний дараа чи айдсыг таньдаг болчихно. Тэр сэтгэлд чинь хаанаас ч юм ороод ирвэл “Аан, нөгөө айдас байна. За энэ чинь нэг тэгдэг дээ. Тиймээс би өөр зүйл бодох ёстой юм байна”, эсвэл “Би чадна, би шийдэмгий, өөртөө үнэнч, аз жаргалтай эмэгтэй” гэх зэргээр өөртөө хэлж дотоод хүчээ өндөрсгө. Бидний дотоод хүч айдас, сөрөг сэтгэлээс илүү гарсан цагт бид амьдралынхаа утга учрыг жинхэнэ утгаар нь ухамсарладаг юм шиг санагдсан.


Гомдол, стрессээ тайлах энгийн бас үр дүнтэй аргууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.