Хэрүүл үүсдэг ялихгүй 8 шалтгаан

walking-on-the-mountain-1-1566594-1279x8521Гэр бүлийн хэрүүл нь ахуйн шинжтэй жижиг сажиг зүйлсээс ч үүсч болно. Хамгийн гол нь үүнийг гэр бүлийн аз жаргалыг нураах чадалтай “гэмт хэрэг” болгохоос зайлсхийх хэрэгтэй. Тиймээс эхнэр, нөхөр хоёрын дунд маргаан гарах шалтаг болдог ялихгүй зүйлсийг мэдэж, цаашид ялихгүй хэрүүлээс зайлсхийж сурах нь чухал юм.

Хэн цэвэрлэгээ хийх вэ?
Хуримын дараах анхны оройноос л хэн нь аяга тавгаа угааж, гэр орноо цэвэрлэх вэ гэсэн асуудалтай тулгардаг. Энэ асуудал алтан хурим хүртэл шийдэгдэлгүй явсаар нэг бус удаа хэрүүлийн шалтгаан болох нь олонтаа. Ихэнх хүүхнүүд анхнаасаа хоолоо хийж, гэрээ цэвэрлэж, өөрсдөө сайн дурын “үйлчлэгч” болсноор нөхрөө дасгачихдаг. Ингээд олон жил гэр орныхоо ажилд нөхрөө оролцуулаагүй байж гэнэт туслалцахыг шаардах нь том алдаа юм. Тиймээс хэн нь хэзээ гэрээ цэвэрлэж, хоолоо хийхээ анхнаасаа тохиролцож түүнийгээ дагах нь цаашид ямар нэг асуудал үүсэхээс зайлсхийх боломж олгодог.

Зуршил
Нөхөр нь өлөн элгэн дээрээ тамхи татах, эхнэр нь бигудитэйгээ унтах гээд ахуйн шинжтэй таагүй зуршлууд олон байдаг. Гэхдээ хоол идсэнийхээ дараа хэхэрдэг нөхрийнх нь зуршил анхандаа нэг ёсны дүрсгүйтэл мэт санагддаг боловч олон жилийн дараа яваандаа эхнэрийнх нь дургүйцлийг хүргэж, засахыг шаардахаас өөр аргагүйд хүргэдэг. “Зуршил бол хүний хоёрдахь төрх” гэдэг ч үг бий. Тиймээс зуршлаа засахыг шаардахдаа муулж, гутаалгүйгээр энэ нь ямар учраас таалагдахгүй байгааг тайлбарлах хэрэгтэй.

Хүмүүжил
Хүүхдээ яаж хүмүүжүүлэх тал дээр эхнэр, нөхөр хоёр өөр өөрсдийнхөө хүсэл сонирхолд хөтлөгдөн бие биенээ үгүйсгэсэн аргыг хэрэглэдэг. Гэтэл хүүхэд бүрт тохирдог сурган хүмүүжүүлэх универсаль арга гэж байдаггүй. Тиймээс энэ тал дээр эцэг, эхчүүд юуны өмнө хувийнхаа амбицаар бус харин хүүхдийнхээ онцлогийг удирдлага болговол илүү зохистой.

Мөнгө
Яаж ч ажилласан авч байгаа цалингийнхаа хэмжээний талаар эхнэртээ зэмлүүлж байгаагүй эр гэж бараг байдаггүй. Гэтэл эрчүүд эхнэрээ өөрөөс нь ахиухан цалинтай ажил хийхийг хэзээ ч шаарддаггүй. Тиймээс “ахиухан цалинтай ажилд орж чаддаггүй арчаагүй амьтан” гэж янших нь турах гэж байдгаараа хичээж байгаа эмэгтэйг “яасан бүдүүн юм бэ” гэж гоочлохтой адил юм.

Хадам
“Би чамтай суусан болохоос ээжтэй чинь суугаагүй” гэсэн ундуйцал маш түгээмэл байдаг. Хадмууд жинхэнэ утгаар аав, ээж болж чаддаггүй нь олонтаа. Тиймээс хосууд “муу хадам” гэж нэрлэхээсээ өмнө хайртай хүнийг тань өдий хүртэл нь өсгөсөн хүн гэдгийг ухамсарлах хэрэгтэй.

Ор дэрний асуудал
Эр эмийн харьцааны асуудал нь эхнэр, нөхрийн хоорондын харьцааны салшгүй чухал хэсэг тул маргааны эх үүсвэр болох нь бий. Нөхөртөө уурласнаас болж эхнэр нь толгойн өвчнөөр шалтаглан ойртохоос татгалзах нь олон байдаг бол эхнэр нь үргэлж сэтгэл дундуур байгаагаас болж нөхрийнх нь бэлгийн хэвийн ажиллагаа алдагдаж улмаар ойртохоос татгалзахад хүргэдэг. Эр эмийн харьцаанд сэтгэл дундуур байгаагаас болж гэр бүлийн хүмүүс өөр зүйлээр нэг нэгнээ өөнтөглөх нь олонтаа. Тиймээс бэлгийн амьдралтай холбоотой элдэв шүүмжлэлийг маш болгоомжтой байдлаар илэрхийлэх хэрэгтэй.

Хардалт
“Хардалт харьцааг холдуулдаг” гэдэг нь үнэхээр ортой үг. Итгэл, харилцан ойлголцол нь хэн нэгнийхээ халаас, цүнхийг далдуур шалгахтай хэзээ ч зэрэгцэх ёсгүй. Хэрээс хэтэрсэн их хардалтын цаана голдуу өөртөө итгэлгүй байдал нуугдаж байдаг. Өөрийнхөө санаа бодлыг гэр бүлийнхээ хүнтэй хуваалцах нь дэмий хардаж, өөрийгөө болон өрөөлийг зовоохоос хавьгүй илүү үр дүнтэй. Дэмий хардаж байснаас “цаанаа хэн нэгэнтэй болсон бол хэлээрэй” гэж шударгаар хэлж ч болно.

Градус
Баасан гарагийн орой найз нартайгаа ганц хоёр кружк пиво ууж тухлах нь олон эрчүүдийн хүсч байдаг зүйл. Харамсалтай нь энэ хүсэл Баасан төдийгүй Бямба, Ням гарагуудад ч үргэлжлэх нь цөөнгүй. Халамцуу нөхрөө хараад тайван суудаг эхнэр гэж байхгүй болов уу.
Яаж ч уурлаж уцаарлаж, аргадаад нөхөр нь уламжлалт уулзалтаас татгалзана гэж бараг байдаггүй бөгөөд тэр болгоныг эхнэрийнхээ ээлжит яншилт төдийхнөөр хүлээж авдаг. Тиймээс уухаараа тэнэг харагддаг эсвэл архи үнэртээд байхаар хүсэл төрөхгүй юм гэсэн илүү бодитой зүйлээр шалтаглах нь илүү үр дүнтэй байдаг.


Хэрүүл үүсдэг ялихгүй 8 шалтгаан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.