Нүүрний будаггүй ч ХӨӨРХӨН харагдах 10 ДҮРЭМ

Нүүрээ будсан охин л хөөрхөн харагддаг гэсэн дүрэм хаана ч байхгүй. Харин ч будаггүй, булбарай төрхөөрөө гайхуулах энэ л насан дээрээ болсон болоогүй будаг нялж, наснаасаа овортой харагдах хэрэггүй. Хөгшрөөд ирэхээр хүссэн хүсээгүй нүүрээ будаж өө, сэвээ далдлах шаардлагатай болно. Тиймээс бид чамд будаггүй ч нүүр бардам алхахад чинь туслах гоо сайхны хэдэн дүрмийг хүргэж байна.

ТӨГС ХӨМСӨГ

Хөмсөг бол будаггүй нүүрний хамгийн их анхаарал татах хэсэг. Тиймээс юун түрүүнд нүүрний хэлбэртээ тохируулж хөмсгөө засах хэрэгтэй. Энэ тал дээр чи мэдлэг, туршлагагүй бол мэргэжлийн гоо сайханчид хандаарай. Мөн хөмсгөө үсний эсвэл хенна шивээсний будгаар будаж болно. Гэхдээ хөмсөгний өнгө үсний чинь өнгөтэй зохицолтой эсвэл адилхан байх ёстойг анхаараарай. Хэрэв чи төрөлхийн шингэн хөмсөгтэй бол ургамлын гаралтай тос (castor oil) -ыг А витаминтай холиод өдөр бүр хөмсгөндөө түрхээд үз. Хэдэн долоо хоногийн дараа гайхалтай үр дүн гарах болно.

НҮД БА СОРМУУС

Нүдээ илүү өргөн харагдуулахын тулд сормуусаа дэрвийлгээд өнгөгүй гелээр будаарай. Эсвэл сормуус хийлгэсэн ч болно.

Харин нүдэн доороо хар, хөх толботой бол хооллолтоо анхаар. Учир нь нүдний доорх толбо нь төмөр, Б витамины дутагдлаас үүсдэг. Элэг, мах зэрэг нь эдгээр витамины өндөр агууламжтай хүнс юм. Мөн гаа эсвэл ногоон цайтай мөсөөр арчих нь үр дүнтэй.

ТАНАН ЦАГААН ШҮД

Танан цагаан шүдээрээ нүүр дүүрэн инээмсэглэх нь чамайг ямар ч үед маш сайхан харагдуулна. Тиймээс шүдэнд өнгөр тогтоох зүйл хэрэглэсний дараа шүд цайруулагчтай оогоор угааж заншаарай. Харин төрөлхийн саарал эсвэл шар шүдтэй бол шүдний эмнэлэгт хандах хэрэгтэй.

УРУУЛАА МАРТАЖ БОЛОХГҮЙ

Тэжээл, чийгшүүлэгч, гуужуулагч зэрэг нь зөвхөн нүүрэнд биш урууланд чинь ч бас хэрэгтэй. Уруулын тос, бальзамыг тогтмол хэрэглэж байгаарай. Оливын тос, бусад ургамлын гаралтай тосоор орлуулсан ч болно. Мөн уруулаа долоо хоногт нэг удаа зөөлөн үстэй сойз эсвэл хурууныхаа өндгөөр массаж хийх маягаар үрж, гуужуулж байвал тустай. Харин үүний өмнө уруулаа чийгшүүлж, элсэн чихрэнд дүрэхээ мартуузай.

ҮС САЙХАН БОЛ…

Нөгөө л олон жилийн өмнөх уйтгартай үсний өнгө, үсний засалт чиний будаггүй нүүрэнд тус биш ус л болно. Гэхдээ хэт тод өнгийн үс чиний будаггүй, натурал төрхтэй зохицохгүй. Тиймээс аль болох энгийн, натурал өнгөөр үсээ будахыг зөвлөе.

Мөн үзүүрээ тогтмол тайруулж, халууны хамгаалалтай бүтээгдэхүүн сонгож, үс хэлбэрт оруулдаг бүтээгдэхүүн ихээр хэрэглэхээс зайлсхий. Коксны тос үс гялалзуулж, хагтаж, хуурайшсан үсийг эмчлэх ид шидтэй байдаг. Мөн Монголд элбэг ургадаг халгай, ганга зэрэг ургамлаар үсээ угаагаад үзээрэй.

ӨДӨР БҮР НАРНЫ ТОС

Нарны хэт яагаан туяа нь арьсыг эрт хөгшрүүлэх, арьсны хорт хавдар үүсгэх зэрэг олон сөрөг нөлөөтэй. Тиймээс нарны туяанаас хамгаалах SPF агууламж өндөртэй тосыг дөрвөн улирлын турш өдөр бүр хэрэглэж заншаарай.

ӨӨГҮЙ ТОЛИГОР АРЬС

Нүүрээ өдөрт хоёроос дээш удаа угаах хэрэггүй. Ер нь орой унтахын өмнө угаахад л хангалттай. Харин өглөөд сүүн шингэнээр нүүрээ цэвэрлээд дараа нь чийгшүүлэгч юмуу мөсөөр нүүрээ арчихад хангалттай. Хамгийн чухал нь нүүрний арьсаа үрэхгүй байх юм шүү. Мөн долоо хоногт нэг удаа нүүрэндээ маск тавьж гуужуулж байвал үр дүнтэй.

НОЙР ХАМГИЙН МУНДАГ НЬ

Хоногт багадаа 7-9 цаг унтах нь сайхан толигор арьстай болоход тустайгаас гадна эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлдөг. 23:00 цагаас оройтолгүй унтаж байгаарай. Учир нь арьсыг өнгөлөг болгодог даавар болох мелатонин нь шөнө дундад ялгардаг. Харин чамайг шөнө дунд өнгөртөл орондоо орсон мөртлөө утсаа ухаад хэвтэж байхад ялгардаггүй гэсэн үг.

Мөн дээшээ харж унтах нь үрчлээ үүсэхээс сэргийлдэг.

ХОДООД ХОГИЙН САВ БИШ

Өдөрт иддэг хоол, хүнс чинь, чиний арьсны байдалд шууд нөлөөлдөг гэдгийг олон судалгаа нотолсон. Загас, ургамлын тос, үр тариа, самар, цагаан идээ зэргийг өдөр бүр хэрэглэвэл тустай.  хамгийн чухал хүнс.

ХУВЦАС БУРХАН БИЕ ЧӨТГӨР

Эцэст нь арьсны өнгөө тодруулж, өө сэвээ далдалсан, зөв өнгийн хувцас өмсвөл гадаад төрх чинь өөлөхийн аргагүй харагдана.

Крем түрхээгүй арьс цаанаа л нэг цонхигор харагддаг шүү дээ. Энэ үед бүхэлдээ хар хувцас өмсөх нь байдлыг улам дордуулдаг. Цагаан өнгө ч бас төгс сонголт биш. Харин тод өнгө буюу цэнхэр, оюу, маргад, тоорын өнгөтэй хувцас сайхан харагдана.

Амжилт хөөрхнөө kiss

YOLO.mn


Нүүрний будаггүй ч ХӨӨРХӨН харагдах 10 ДҮРЭМ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.