“Надад өөр сонголт алга. Би тэвчихгүй нь. Хоёулаа салъя” гэж хэлээд тэр над луу “Уучлаач” гэсэн харцаар ширтэв. Цээжнээс нэг юм огшоод л ирлээ. Уйлах гэсэндээ биш л дээ. Уур хүрсэндээ тэр. Хөмхийгөө зуун, зэвүүцэнгүй инээмсэглэлээр түүнийг “мялаачихаад” цэцэрлгийн модон сандалнаас босон машин луугаа явлаа.
“Одоохон хойноос гүйгээд ирнэ дээ” гэж бодон бардам алхсан боловч ямар ч хөлийн чимээ сонсогдсонгүй. Цэцэрлгээс 100 метрийн зайтай байсан улбар шар өнгийн Мурано машиныхаа дохиоллыг унтраагаад орж суулаа. Машинаа асаахад автоматаар “Серебро” хамтлагийн “Не Время” электроник дуу явж эхлэв. Хөдлөхөөсөө өмнө хэсэг амьсгаагаа дарж, зүрхээ тайвшруулах хэрэгтэй боллоо. Яаж ч бодсон итгэхгүй юм. Сая минутын өмнө хэн нэгэн намайг хаячихав уу даа? Өдийг хүртэл хүнд “Салъя” гэж хэлж байснаас хүнээс сонсож байсангүй. Хаазаа гишгээд чигээрээ хурдаллаа.
Эрчүүдийг өөрөө хаячихаад, дараа нь дэлгүүрээс шинэ хувцас аван дараагийн залуугийн эрэлд гардаг минь бараг зуршил болчихсон байв. Харин хүнд ХАЯГДАХААРАА юу хийх ёстойгоо сайн мэдэхгүй л байв. Хамаг ажил бүтэлгүйтчихсэн юм шиг дотор давчдаад нэг л биш. “Олон хүнтэй уулзаж байж л өөрт тохирох хүнийг олж авна ш дээ. Залуус өөрсдөө над руу залгаад байснаас би ямар өөрөө залгасан биш?” гэж өөрийгөө зөвтгөхийг оролдов. Заншсанаараа машины урд талын толинд өөрийн жавхаалаг алаг нүд, зузаавтар уруул, бага зэрэг долгионтой гил хар үс, ихэмсэг төрхөө харан харан явлаа.
Зуны дулаахан үдэш гудамжаар машингүй шахуу байсан учир хурдаа 70 км хүртэл нь нэмэв. Бүх найзууд руугаа залгасан боловч ажил, хүүхэд, нөхөр гэсэн гуравхан шалтгаанаар уулзахаас татгалзсан хариу өгөх юм. Өөдгүй охид. Найз нь анх удаа хүнд хаягдчихаад байхад…гэсэн бодол тээсээр байрныхаа булангаар баруун эргэлээ.
Тоормосоо гишгэн буухаасаа өмнө хэсэг тээнэгэлзэн суулаа. Утасныхаа жагсаалтыг доош гүйлгэн хань татах хүн хайж байтал Тэмка гэж томоор тэмдэглэсэн нэр нүдэнд тусав. Тэмүүжин бид хоёр бие биенээ долоон настайгаасаа хойш мэддэг юм. Түүнтэй уулзаагүй жил гаруй болсноо санаад ногоон товчоо даран, дугаар луу нь залгалаа.
-Байна уу? гэж танил боловч урьдныхаасаа жаахан баргил хоолойтой найз минь утсаа авав.
-Байна байна. За сайн уу? Юу байна? Зав байна уу?
-Одоо 10 цагаас ажил тарна. Зав гаргаж болох байх гэж хэлэхэд нь би ажлыг нь асуух гэснээ саяхан өөрийн нэр дээр зоогийн газар нээсэн гэдгийг нь дуулаад хаягийг нь хаа нэгтээ тэмдэглэж авснаа санав.
-За за. Тэгвэл найз нь яваад очъё. Чи байж байгаарай.
Улаан товчийг даран, бөглөрөөд байсан уур, бухимдлаа хуваалцах хүн олсондоо баярлаад машинаа эргүүллээ. Түүн лүү цагаа олж ярилаа хэмээн бодлоо. Учир нь түүний хувьд би жирийн нэг найз нь биш байсан юм. Өөрөөр хэлвэл би түүний анхны хайр нь. Бид хоёрын аав ээжүүд хоорондоо дотно найзууд байсан учир гэр, зуслангийн байшин хоёр нь манайхтай хөрш байрладаг байлаа. Одоо бидний аль аль нь нүүсэн л дээ. Тэр надад баяр болгоноор ямар нэг бэлэг илгээдэг. Ийм үед л өөрийн “мятрашгүй шүтэн бишрэгч” дээрээ очиж аргадуулах ёстой биш гэж үү? Хэн нэгэн намайг түлхвэл, өөдөөс үг дуугүй тэврээд авах хүн дээр очиж сэтгэлээ засах хэрэгтэй хэмээх бодол намайг тайвшруулав. Хотын өндөр нам байшингууд дундуур сүлжсээр “Clair De Lune” рестораны үүдэнд ирлээ. Эндхийн хажуугаар олон удаа өнгөрч байсан ч нэг ч удаа орж үзээгүй, оръё ч гэж боддоггүй байсан юм. Бага байхад “Чиний дуртай спагеттиг хийж өгье” гээд л гэртээ урьдаг байсан бяцхан хөвүүн том рестораны эзэн, ахлах тогооч болчих юм гэж хэн санах билээ. Хааяа амттай хоол идмээр санагдахаараа л эрхгүй Тэмкаг санадаг юм.
Нүд гялбам олон гэрлээр чимэглэсэн хаалгаар ороход шинээр нээгдсэндээ ч тэр үү, хаах дөхсөн болоод ч тэр үү ширээнүүд бараг хоосон байв. Тэкэн дээр цаашаа харан сууж байсан хар хослолтой залуу эргэж хараад инээмсэглэв. Эрүүн доогуур нь бага зэрэг сахал ургаж, илүү эршүүд төрхтэй болсноос биш найз минь яг л хэвээрээ байлаа.
-Олоод ирэв үү? гээд тэр эелдэг инээмсэглэсээр угтаж ирэв. Намайг хамгийн цаад талын ширээн дээр суулгаж, хоол аваад ирье хэмээгээд тэр гал тогоо луугаа явав. Хэдэн хормын дараа Тэмүүжин хоёр тавагтай стейк, 1 шил дарстай барьсаар ирлээ.
-Ирдэг чинь сайн боллоо. Би ойрд оройн хоол идэж амжихгүй байсан юм. Чиний ачаар хооллох нь гээд тэр ширээнд суув.
-Тогооч юм байж хоол идэж амжихгүй байхдаа яах вэ дээ гэж би дооглонгүй хэлээд амтархан идэж эхэллээ.
-Чи улам үзэсгэлэнтэй болжээ.
-Харин чи илүү “том” болчихож.
-Үргэлж л цүнхийг чинь бариад дагадаг пацаан байна гэж бодоогүй биз дээ гээд түүнийг нүдээрээ инээмсэглэхэд нь би царайг нь өөрийн мэдэлгүй тогтож харав.
Сая ямар царайлаг харагдав аа? Урьд нь энэ тод хөмсөг, өндөр хамар, зөв хэлбэртэй уруулыг нь яагаад анзаардаггүй байсан юм бол хэмээн би дотроо дэггүйтээд амжлаа. Хоолоо идэнгээ яриа, байгаа байдал, үйл хөдлөлийг нь анхааралтай ажиглахаар шийдэв. Миний нүд лүү эгцлэн хараад яриагаа үргэлжлүүлэх нь дур булаам. Хацар нь ялигүй хонхойдог юм байна. Эрүүн дэх сахал нь өөрт нь зохижээ. Гараа хөдөлгөх нь яриаг нь улам сонирхолтой болгоно. Сэтгэлд минь хөнгөхөн санаа алдалт, баяр баясалтай зэрэгцэн төрлөө. Тэмүүжингээс би өнгөрсөн 16 жилийн турш огт харагддаггүй байсан өөртөө итгэлтэй байдал, сайхан царай төрхийг олж харав. Эсвэл би урьд нь анзаардаггүй байсан байж мэднэ. Багаасаа нэгнээ сайн мэддэг байсан хүмүүс хамгийн сайхан хос болдог гэж найзын маань хэлж байсан санаанд оров. Яриаг нь сонсонгоо давхар “Би түүнд боломж олгох хэрэгтэй байх? Миний хайж байсан хүн тэр мөн ч юм билүү?” гэсэн бодолд ээрэгдэн сууж байтал тэр ярихаа түр зогсоод энгэрийнхээ халааснаас түрийвч гаргаж ирэв.
-Чамд дуулгах баяртай мэдээ байна гээд түрийвчнээсээ нэгэн эмэгтэйн зургийг гаргаж ирлээ.
-Найз нь сүй тавьсан. Дараа сарын сүүлээр хуримаа хийнэ гэх нь тэр. Зүрхэнд төрөөд байсан баяр догдлол үнсэн нурам болж, цээж хорсох шиг санагдлаа. Балмагдсандаа нүдээ ч цавчлахгүй түүний өөдөөс хэдэн секунд ширтсэнээ гэнэт анзаараад гараас нь зургийг аваад харлаа. Над руу аятайхан, даруухан төрхтэй, харваас эелдэг, сайхан сэтгэлтэй охин инээж байв. Долоон наснаасаа л миний нүдэнд өртөх гэж урд хойно гүйдэг байсан түүний амьдралд надаас өөр эмэгтэй хүн байна гэдэгт итгэх үнэхээр бэрх санагдлаа. “Намайг гэх найдвараа алдаад, хайргүй хүнтэйгээ гэрлэх гэсэн юм биш биз” гэж бодсондоо нүд лүү нь харж байгаад
-Чи түүндээ хайртай юу гэж асуув.
-Маш их хайртай. Тэр миний анхны хайр гэх үү дээ. Нэрийг нь Солонго гэдэг юм. Найзыг нь жинхэнэ аз жаргалтай болгосон хүн дээ.
-Аан тийм үү? гэж хэлэхэд миний хоолой бага зэрэг зангирах шиг болов. Байж боломгүй юм. Чиний хайртай хүн би шүү дээ? гэж аман дээр гарсан ч хэлж зүрхэлсэнгүй. Найз бүсгүйнхээ тухай ярихдаа түрүүн намайг харснаасаа илүү нүд нь гэрэлтэж, жаргалтай болж байгаа нь мэдэгдэж байв. Өнгөрсөн жил миний төрсөн өдрөөр надад цэцэг, бэлэг өгчихөөд харьж явахдаа Солонготой танилцсан гэнэ. Тэгэхэд би гэртээ өөр нэг залуутай тэврэлдээд, хаана хоол идэхээ ярилцаж байхад Тэмүүжин алтанзулын баглаа, том улаан хайрцагтай бэлэгтэй тэврэн орж ирж байсан нь санаанд оров. Би тэр үед түүнийг тоолгүй, “Бэлгээ тавьчихаад яв даа, баярлалаа” гэсэн үгээр урмыг нь хугалан буцааж байсансан. Түүний хайрын түүх миний сэтгэлийг тавгүйтүүлж, Солонгоод атаархах сэтгэл төрүүлэв. Яриан дундуур нь таслаад
“Танайд шар айраг бий юу? Өнөөдөр намайг явтал хаахгүй биз дээ?” гэлээ.
-Би ажилчдаа явуулчихаад, чамтай жаал сууж байгаад харина аа. Хэд хүргэсэн ч хамаагүй ээ. Удаан уулзаагүй найз маань ирчихээд байхад гээд тэр зөөгчид хоёр шил Budweiser захив.
Тэмүүжин нэг жилийн хугацаанд юу хийсэн тухайгаа нэгд нэггүй ярьж өгөв. Тэр нэг л мэдэхэд өөрөө ч анзааралгүй найз бүсгүйнхээ талаар ярьчихаад байв. Энэ нь намайг улам ч бухимдууллаа.
Хэсэг хугацааны дараа тэр
–Чи сонин сайхнаа ярь л даа. Би л баахан юм ярьчихлаа. Ажиллаж байгаа юу? гэж асуув.
Юу гэж хариулахаа мэдэхээ больчихлоо. Би түрүү жил их сургуулиа төгсчихөөд ажил ч хийгээгүй юм л даа. Эрчүүдтэй зугаацаж, дэлгүүрээс дэлгүүр хэсэж, наргиж цэнгэсээр бүтэн жил өнгөрснийг би сая л анзаарч ухаарав. Аав ээж маань томоохон бизнес эрхэлдэг болохоор надад мөнгө олох шаардлага байсангүй. Ажлыг хойшлуулж явсаар өдий хүржээ.
-Энэ жил жаахан амарч, ядаргаагаа тайлъя гэж бодсон юм аа. Одоогоор ажилгүй л явна хэмээн амандаа дуулдах төдий хариуллаа.
-Аав ээж нь, бас Батаа ах нь сайн уу? Нээрээ Солонго Батаа ахтай нэг газар ажилладаг юм байна лээ хэмээн тэр дахиад л түүний тухай яриад эхлэв. Миний тэвчээр барагдлаа. Түрүүнээс хойш гарах гээд байсан нулимас тогтож дийлэхгүй болсон бололтой бөмбөрөөд эхлэв.
-Яасан бэ? Уйлаад байна уу даа? гээд тэр сальфеткаар хацрыг минь арчиж эхлэв. Нэгмөсөн шулуухан хэлчихье гэж бодоод би гар дахь бакалаа тавиад нүүр өөд нь эгцлэн харлаа.
-Тэмүүжээн? Би өнөөдөр энд яах чиний сэтгэлийг үгүйлсэндээ ирсэн юм. Надад хайртай гэдэг байсан биз дээ? 16 жилийн хайр чинь ийм өчүүхэн байсан юм уу? Хэзээд намайг тосоод, тэврээд авдаг найз дээрээ аргадуулах гэж иртэл надад шинэ найз бүсгүйнхээ талаар гайхуулж байх шив. Намайг зүгээр л мартчихаа юу? Чиний хувьд зүгээр нэг хүн болж хувирсандаа итгэхгүй байна. Миний оронд өөр хүн сэтгэлдээ тээж явдаг болсонд чинь үнэхээр их гомдож байна гэж бараг нэг амьсгаагаар шахуу хэлж орхилоо.
Нулимас тогтох нь бүү хэл улам ч бүр асгараад байв. Тэр хэсэг чимээгүй доошоо харж байснаа -Би чамайг мартчихсан юм шиг харагдаад байна уу? гээд түрийвчнийхээ нөгөө талаас хуучирч үнгэгдсэн нэг ширхэг хөзөр, миний зурагтай гаргаж ирэв.
-Бундын хатныг санаж байна уу? Би чамайг мартсан бол энэ хөзрийг хадгалж явна гэж үү? гэв. Би юу яриад байгааг нь ойлгохгүй байлаа.
-Чи санахгүй байгаа чинь илт байна. Хоёулаа 10 настайдаа зуслангийн гадаа бөмбөгөөр тоглож байтал чи уйтгартай байна гээд яваад өгсөн. Тэр үед чиний үс мөрөө дөнгөж шүргэсэн урттай, яг одооных шигээ тас хар өнгөтэй байсан. Шалбархай өвдөгтэй, жижигхэн ягаан өнгийн даашинзтай, цагаан үсний даруулга зүүчихсэн, нүдээрээ инээдэг хөөрхөн охин залхсан царай гаргаад дотогшоо орчихсон гэж хэлээд тэр ялимгүй гунигтай инээмсэглэл тодруулав.
-Би чамайг гомдоочихлоо гэж айхдаа дэлгүүрээс зайрмаг аваад аргадахаар орсонсон. Намайг ороход буйдан дээр үсээ самнаж байснаа зайрмаг авчирсныг хараад инээж билээ. Дараа нь намайг хөзрөөр мэргэлж өгнө гээд дэргэдээ суулгасан. Ямар юмных нь мэргэ байх вэ дээ. Зүгээр л тоглож байсан хэрэг. Намайг дотроо нэг асуулт бодоорой гэхэд чинь би чамайг надад сайн болов уу гэж дотроо хэнээс ч юм мэдэхгүй асуугаад сугалтал энэ Бундын хатан гарч ирсэн шүү дээ. Яахав, зүрхний зурагтай юм болохоор нь миний асуултанд “Тийм” гэсэн хариу гарлаа гэж итгээд хөл газар хүрэхгүй шахам болж байсан хэмээн тэр өнөөх хөзрөө эргүүлж тойруулан, бас л цаанаа бодлогширонгуй мушийлаа.
Түүнийг энэ тухай ярихад би гэнэт тэр өдрийг тов тодорхой саналаа. Түүнийг бундын хатан харчихаад инээгээд байхаар нь би юу шивнэж сугалсныг нь сониучирхан асууж байсан. Намайг өөртөө сайн эсэхийг асуусныг нь дуулаад “Битгий горьд” гэж хэлчихээд гараад явчихаж билээ. Нээрээ л миний өвдөг шалбарчихсан байсан. Тэр энэ бүхнийг одоо болтол санадаг юм гэж үү хэмээн бодоод би түүн лүү харлаа. Тэр үргэжлүүлэн
-Би чамд тийм жаахан байхаасаа хайртай байсан. Шохоорхол биш шүү. Энэ жинхэнэ хайр байсан. Харин чи намайг яаж гомдоож байснаа санахгүй байгаа биз дээ. Тэгсэн мөртлөө би чамайг мартсан юм шиг харагдлаа гэж үү. Чиний хувьд би үргэлж хэн нэгнийг орлох тоглоом байсан. Одоогоос 6 жилийн өмнө чи хажуу орцны залуутай үерхдэг байсан. Нэг өдөр чи түүнийг өөр охинтой явж байхыг хараад над дээр ирж уйлж байснаа санаж байна уу. Тэгэхэд би чамд хайртай гэдгээ хэлээд үерхэе гэж гуйсан ш дээ. Чи магадгүй хэтэрхий их гомдсондоо хариултаа андуураад хэлчихсэн байх. Гэхдээ чи тэгэхэд надад зөвшөөрсөн юм шүү. гэж хэлэхэд нь түүний хоолой ч мөн адил зангирч байгаа нь надад сонсогдов.
-Чиний хувьд хуурамч, миний хувьд жинхэнэ тэр үерхэлд төгсгөл гэж байгаагүй. Чамайг ядаж надад салъя гэж хэлчихээд түүнд тэврүүлсэн бол би баярлах байлаа. Гэтэл чи хуучин найз хөвгүүнтэйгээ эвлэрээд надтай үерхэж байснаа тэр чигтээ мартсан шүү дээ. Би чиний найз залуу байхад сийхгүй миний хажууд түүнийг тэвэрч байсан. Даарч байна гэж хэлэхдээ чи минийхийг биш түүний цамцыг нөмрөхийг хүссэн чинь илт байсан. Тэгэхэд л би өөрийгөө чиний хувьд хэн ч биш гэдгээ ойлгосон юм. Холбоогоо таслая гэж бодсон ч тэмдэглэлт өдөр болгоноор чамайг баярлуулахыг хүссэндээ бэлэг өгдөг байсан.
Чамтай байсан хором, мөчийг би нүдэндээ одоо ч тодоор хардаг. Чиний өмссөн хувцас, хэлж байсан үг, хоолойны өнгө, инээмсэглэл гээд бүгдийг нэг бүрчлэн санадаг юм. Бүтэн 15 жилийн турш чамд шоовдорлогдож ирж дээ. Тэр өдөр ч урьдын адил чиний дуртай цэцгийг, даашинзтай хамт аваачиж өгчихөөд, гуниглангуй алхаж байхдаа Солонготой танилцсан. Одоо би түүнтэй гэрлэх болсондоо буруудлаа гэж үү? Насан турш чиний хойноос гөлөг мэт дагах ёстой байсан гэж үү? хэмээн тэр гарынхаа алгаар духаа тулан суулаа.
Хэлсэн үг болгон нь миний зүрх лүү зүүгээр хатгах шиг болж, өөрийн эрхгүй чангаар эхэр татан уйлчих гээд хамаг хүчээрээ тэвчиж суулаа. Урьд нь хэзээ ч санадаггүй байсан багын минь үйл явлууд нүдэнд тэр чигтээ харагдаж байсан юм. Бид хоёул чив чимээгүй хэдэн хормыг өнгөрөөв.
-Гэхдээ чиний анхны хайр чинь би биш гэж үү? хэмээн би гэм хийсэн хүүхэд шиг аяархан асуулаа.
-Ганцхан өөрөө тэр хүнд хайртай байна гэдэг жинхэнэ утгаараа “хайр” биш гэдгийг би ойлгосон. Тэр хүнээсээ эргүүлээд хайр халамжийг мэдэрч байж л хүний зүрхэнд “хайр” бүрэн үүд хаалгаа нээдэг юм билээ. Гэхдээ чамд маш их баярлалаа. Чиний ачаар л би Солонготой учирч, одоо аз жаргалыг мэдэрч байна хэмээн тэр хэллээ.
Энэ үгийг сонсох хүсэл надад үнэхээр байсангүй. “Үгүй ээ. Чи надад л хайртай шүү дээ.” гэж мянган удаа, эргээд надад сэтгэлтэй болтол нь хэлмээр санагдав.
Хэсэгтээ суусны дараа бид хоёул гэр гэртээ харих болцгоолоо.
–Хожимдсон ч гэсэн гомдоож явсанд уучлаарай гэж би хэлээд түүнийг найзын ёсоор тэвэрлээ. Хүзүүнээс нь балчир байхдаа хамт нэг савлуур дээр суугаад тоглодог байхад үнэртдэг байсан танил үнэр мэдрэгдэв. “Clair De Lune”-ээс гараад би утсаа хартал хэдэн цагийн өмнө салсан найз залуугийн минь дугаараас 7 дуудлага ирсэн байв…Түүн лүү эргүүлж залган уучлалт гуйхаар шийдээд утсаа барьсан чигтээ машин луугаа алхлаа. Миний дотроос нэг хүн “Шинээр эхлээрэй бүсгүй минь” гэж шивнэх шиг болов.
2010.06.21