Б.Гүнзаяа: Ээж минь миний хамгийн том спонсор

Б.Гүнзаяа: Ээж минь миний хамгийн том спонсор

 

Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа олон авьяаслаг бүсгүй бий. Тэдний нэг нь мисс, фото модель Б.Гүнзаяатай ярилцлаа. 

-Азийн Оскар буюу AFA-д оролцоод иржээ. Энэхүү арга хэмжээ болон сүүлийн үеийн сонин сайхнаасаа уншигчидтай маань хуваалцаач? 

-Миний хувьд олон улсад Монгол Улсынхаа нэрийг гаргаж ажилладаг. Сүүлийн үед гурван тэмцээнд амжилттай оролцлоо. Дэлхийн мянга мянган охидоос шилэгдэж Азийн кино наадмын улаан хивсний ёслолд Монголоо төлөөлж, Монголоос анх удаа уригдсандаа маш их баяртай байна. Энэ арга хэмжээнд шинэ дүр төрх гэдэг утгаараа амжилттай оролцсон. Азиудын реклам сурталчилгаа, кино, клип, фото, компаниудын нүүр царай гэдэг талаасаа голлож ажилласан. “Hongkong film awards TV”-тэй хамтарч ажиллах санал авсан. Ажлууд эхнээсээ хийгдэж байна. Монголдоо бид багаар ажиллаж байгаа бөгөөд фото чиглэлээр голлон ажиллахаар төлөвлөсөн. Ер нь бол ажлынхаа хажуугаар өдөр бүр зураг авалттай байна.


- Ер нь эхний саналууд ирсэн гэлээ. “Hongkong film awards TV”-тэй ямар чиглэлээр хамтарч ажиллаж байна? 

-Эхний саналууд гэвэл компаниудын нүүр царай болох юм. “Hongkong film awards TV” миний продюсерийг хийж явах юм. Тэгэхээр цааш цаашдаа олон санал ирнэ гэж итгэж байгаа.

-Өөрөө эрхзүйч мэргэжилтэй юм билээ. Мэргэжлээрээ ажиллаж байгаа юу? 

-Би одоо улсын байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байгаа. Ерөнхийдөө мэргэжилдээ маш их сонирхолтой. Цааш цаашдаа энэ чиглэлээр явсан ч хууль, эрх зүйн мэдлэгтэй байна гэдэг нь эмэгтэй хүний хувьд өөрийгөө илэрхийлэх болоод аюулгүй байдал талаасаа ч хэрэгтэй гэж боддог.

-Эрхзүйч хүн яаж яваад загварын салбарт урвачихав аа? 

-Би ер нь арван жилд байхаасаа загвараар хичээллэж, бэлтгэж ирсэн. Манай гэр бүлийнхэн маш их дэмждэг. Миний хувьд Монголдоо “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч гэж явдаг. Олон улсын тэмцээнд оролцоход Мисс Монгол аялал жуулчлалын холбоо хамтарч ажилладаг. Ингэснээр миний гадагшаа карьер маань амжилттай эхэлж байгаа. Одоо Монголдоо карьераа үргэлжлүүлэх сонирхолтой байна. Мэдээж залуу хүн учраас өөрийгөө давхар хөгжүүлж байгаа. Жүжиглэх ур чадвар, ярианы ур чадвараа хөгжүүлж байна. Би бас илтгэл тавьдаг. Ер нь ямар л боломж байна тэр бүгдийг ашиглаж өөрийгөө бүх л талаар хөгжүүлдэг.

Манайх спортын бас багшийн гэр бүл гэж хэлж болно. Манай ээж маш олон жил багшилсан ардын багш хүн бий. Саяхан төрөөс “Алтангадас” одонгоор шагнуулсан. Манай аав хөнгөн атлетикийн тамирчин байсан. Манай эгч маань ээж шиг номын хүн, ах маань хувиараа бизнес эрхэлдэг. Мөн боксоор хичээллэдэг. Би багаасаа хөнгөн атлетикаар хичээллэж ирсэн. Тиймдээ ч би “Мисс Монгол 2014”-өөс “Спорт мисс”-ийн шагналыг авч байсан. Ерөнхийдөө олон улсын түвшний шалгууруудын тэргүүнд спорт байдаг. Тиймээс би сүүлийн үед туялзуур сэлмээр хичээллэхээр сонирхож байна.

-Гадаадад тэмцээн уралдаанд хэл маш чухал. Өөрийн тань англи хэлний мэдлэг хэр вэ? 

-Англи хэлээр өөрийгөө илэрхийлэх хэмжээнд сайн. Гэхдээ мэргэжлийн түвшинд суралцаагүй л дээ. Хэлийг өдөр тутамд ашиглахгүй бол мартагддаг. Ер нь бол ойлголцоод явдаг. Тиймдээ ч энэ амжилтууд гарч байгаа. Цааш цаашдаа өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Би аливаа зүйлд мундаг, би тэрийг сурчихсан гэж хэлэх дургүй.

-Загварынхан тэр тусмаа олон улсын тэмцээн уралдаанд оролцдог мөн фото модель хүн формтой байх ёстой байх. Үүнийгээ хэрхэн зохицуулж байна? 

-Миний хувьд Гүнзаяа биш Монгол гэж тодотгуулдаг учраас биеийн галбир зөв, арьс маань гоё байх ёстой гээд форм мэдээж бий. Тийм шаардлага тулгарахад тэмцээн эхлэхээс сарын өмнө бэлтгэлээ хийгээд формдоо орчихдог. Монголдоо ирээд амарч, тайван байдаг. Ер нь тамирчин шиг л бэлтгэл хийдэг.

Би тайзан дээр яг өөрийнхөөрөө байж, өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэрдэг 


-Бага насаа хаана өнгөрүүлсэн бэ? 

-Би Сэлэнгэ аймгийн Хөтөлийн охин. Их сайхан газар өсч, торнисон. Манай Хөтөл бол маш их тайван хэрнээ хотын хөгжилтэй. Маш мундаг сурлагатай, оюунаараа өрсөлддөг хүүхдүүд байдаг. Тиймээс ч манай сургуулийн хүүхдүүд маш сайн явдаг. Олон улсын түвшинд ч тэр сонгосон мэргэжлээрээ ч тэр тухайн салбартаа манлайлж чаддаг.

-Аялал жуулчлалтай холбоотой миссийн тэмцээнүүдэд нэлээд оролцдог юм билээ. Энэ салбарыг ер нь хэр сонирхдог вэ. Аялах дуртай юу? 

-Би аялах маш их дуртай. Боломж л гарвал аялхыг илүүд үздэг. Ерөнхийдөө цаашдаа Монголд минь ийм байгаасай, энэ маань илүү хөгжөөсэй гэсэн зүйлсийг түлхүү харж байна. Мэдээж би суралцаад явж байгаа. Цаашид хувь нэмрээ оруулна. Гэхдээ одоо ч гэсэн би энэ салбарт өөрийн зүгээс хувь нэмрээ оруулж байгаа гэж боддог. Гүнзаяа ийм гэдэг утгаар биш Монгол охид ийм байдаг юм байна гэж гадныхан дүгнэдэг. Тийм учраас би тэр хэмжээний байх гэж хичээдэг. Тийм байхын тулд сургуулилт хийдэг, хүчин чармайлт гаргадаг. Үүнийхээ үр дүнд гадны улсад Монголынхоо нэрийг гаргаж, сайхан шагналуудыг авч байна. Тухайн орчиндоо “Монголд очиж үзэх юмсан”, “Монголчууд ийм байдаг байх нь” гэсэн сонирхлыг байнга төрүүлэхийг эрмэлздэг.

Мисс Монгол аялал жуулчлалын холбоотой хамтарч ажилладаг учраас манай холбоогоор дамжиж гадны улсууд маш их жуулчилж ирдэг. Тухайлбал, ирэх зургаадугаар сард 50 гаруй хүн ирнэ. Энэ бол аялал жуулчлалд бас хувь нэмрээ оруулж байна л гэж харж байна.


-Эх орноо төлөөлөөд олон улсын тайзан дээр гарахад ямар мэдрэмж төрдөг вэ. Тайзны айдас сандрал байх уу?

-Олон улсын тайзан дээр гарах бүртээ шинэ мэдрэмж авдаг. Миний хувьд олон гоё тайзан дээр гарсан. 10 мянган үзэгчтэй тайзан дээр гарч үзсэн. Тэндээс авах энерги, мэдрэмж үнэхээр гайхалтай. Тодорхой хэмжээнд сандрал байдаг. Гэхдээ тэр бүхнээс би маш их кайф авдаг. Яагаад гэхээр тэр бүрт өөрийнхөөрөө байдаг. Би тайзан дээр яг өөрийнхөөрөө байж, өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэрдэг. Хүн өөр өөр зүйлээс кайф авдаг. Харин миний хувьд тийм зүйлээс кайф авдаг.

“Mongolia” гээд хэлэхээр “Ямар гоё юм бэ” гээд л хамар шархираад л бас Бат-Эрдэнийн Гүнзаяа гээд аавынхаа нэрийг дуудуулах үнэхээр сайхан. Тэрийг бол тухайн мөчдөө  илүү их эмоци илэрхийлж чадах байх. Одоо бол яг тэр эмоцио илэрхийлэх боломжгүй, үнэхээр гайхалтай.

-Бүсгүйчүүдийн хувьд арьсаа арчлах, гоо сайхандаа анхаарах бол нэн тэргүүний зүйл. Бас нэлээд төвөгтэй асуудал байдаг. Өөрөө гоо сайхандаа хэр анхаарч байна? 

-Мэдээж хамгийн чухал зүйл бол арьс. Миний хувьд гадны улсад тэмцээн, арга хэмжээнд оролцохдоо өдөр бүр мэргэжлийн түвшинд маш хүнд будалтууд хийлгэх шаардлагатай болдог. Тэгэхээр яалт ч үгүй арьсаа хамгаалах хэрэгтэй. Зав л гарвал будгаа арилгаад арьсаа амраах ёстой. Явахаасаа өмнө арьсаа бэлтгэж өгөх шаардлагатай байдаг. Тэр бүхэнд маань “Royal De beaty” гээд салон хамтарч ажилладаг. Тиймдээ ч миний арьс тухайн зураг авалтуудад маш сайн бэлтгэгддэг.

Арьсны цэвэрлэгээ маш чухал. Цэвэрлэгээ дээр нь чийгшил маш чухал. Яагаад гэвэл Монголын маань уур амьсгал ширүүн. Гэхдээ монгол охид бүгд үзэсгэлэнтэй харагддагт би үнэхээр их бахархдаг. Яагаад гэвэл, энэ ширүүн уур амьсгалд ийм гоё байна гэдэг чинь тухайн хүний хөдөлмөр, арчилгаа гэж хардаг. Монголын гоо сайхны салбар маш мундаг гэж би боддог. Яагаад гэхээр, би өөр газар make up хийлгэхэд хэчнээн гоё байсан ч зохицуулж чаддаггүй ч юм шиг. Монголчууд илүү тухайн орчинд нь дасан зохицуулах мэргэжлийн ур чадвар нь үнэхээр мундаг.


-Гоо сайхны мэс заслын талаарх таны бодол? 

-Хүн өөртөө л таалагдаж байвал гоо сайхны мэс засал хийлгэж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Энэ бол хувь хүний үзэл. Хувь хүний үзлийг хүндэтгэх хэрэгтэй.

- Охид, бүсгүйчүүд сонирхож байгаа байх л даа. Өөрөө гоо сайхнаа “Royal De beaty”-д даатгадаг гэлээ. Тэдний үйлчилгээ таны сэтгэлд бүрэн нийцдэг гэсэн үг үү? 

-Миний сошиал хаягаар охид гоо сайхны талаар асууж ханддаг. Би өөрийнхөө хэмжээнд мэддэг зүйлсээ хуваалцахыг хичээдэг. Миний хувьд өөрийн гоо сайхнаа эргэлзэлгүй “Royal De beaty”-д даатгадаг. Сэтгэл ханамжтай байдаг. Сүүлийн үед маш их ачаалалтай ажиллаж байна. “Asian film awards”-д оролцоод ирснээс хойш үндсэндээ амраагүй байна. Миний ажил 8-17 цаг байдаг бол би өглөө долоон цагт гэрээсээ гараад шөнийн 00 цагт харьж байна.

Яагаад гэхээр, би ажлынхаа хажуугаар өөрийгөө хөгжүүлэх сургалтуудад хамрагдаж байна, өдөр бүр зураг авалт, ярилцлагад орно гэх зэргээр ачаалал ихтэй байдаг. Тиймээс арьс маань амарч чадахгүй, хуурайшиж, ядарч байна. Ийм учраас надад нэмэлт зүйлүүд хэрэгтэй.

-Найз залуутай юу? 

-Одоогоор найз залуугүй. Найз залуутай болно гэсэн төлөвлөгөөгүй байна. Ерөнхийдөө карьертаа анхаарч байгаа. Нэгдүгээрт, найз залуутай болсон ч зав гаргаж чадахгүй учраас  хойшлуулсан. Хоёрдугаарт, хүнтэй танилцах, болзоход зав гаргаж амжихгүй байна. Үнэхээр хувь тохиол нь таараад учрахыг үгүйсгэхгүй. Ийм зүйлд мэдээж ам гарч болохгүй л дээ. Түүнд нэг их ач холбогдол өгөхгүй байна.

-Ер нь ямар залуус таалагддаг вэ? 

-Ерөнхийдөө ажил хэрэгч, амьдралын идэвх, зорилготой залуус таалагддаг.

Эрчүүд эмэгтэйчүүдтэй хүн гэдгээр нь бус гангараа шиг харьцахад дургүй 

-Загварынхан, миссүүдийг хэл ам байнга дагалдаж явдаг л даа. Тухайлбал, мөнгөтэй хүмүүсээр спорсорлуулдаг, тийм санал байнга ирдэг ч гэдэг юм уу? 

-Би яг үүнийг хэлмээр санагдаж байна. Жишээлбэл, гадны охид тэмцээнд оролцлоо гэхэд хангамж маш өндөртэй байдаг. Улсаас нь хувцсыг нь бэлдэж өгдөг, улсаас нь бүх баг нь ажилладаг. Дизайнерын сургууль хувцас хэрэглэлд нь анхаарч, гоо сайхан гэхэд улсынх нь хамгийн алдартай салонууд нь ажилладаг. Бүр бие хамгаалагч хүртэл гаргаж өгдөг. Харин тэр охин өөрөө тэмцээндээ л анхаардаг байх жишээтэй. Гэтэл манайд тийм зүйл байхгүй. Бүх асуудлаа өөрөө зохицуулдаг.

Гэхдээ мэдээж сайн санаатай олон хүн үүнд анхаардаг. Тиймдээ ч энэ салбар цаашдаа маш их хөгжинө. Хөгжүүлэхийн тулд ч би ажиллана гэж боддог. Яагаад заавал эмэгтэй хүн хэн нэгний хараат байх ёстой юм. Уг нь энэ салбар гадаадад нэр хүндтэй, хүн хөдөлмөрөө үнэлүүлж чаддаг. Гэтэл Монголд нэр хүнд нь уначихсан. Заримдаа мисс ч юм уу энэ салбарт ажилладаг гэж хэлэхээсээ санаа зовмоор үе ч бий. Эрэгтэйчүүд нь хүн гэдгээр нь харьцаж чаддаггүй. Гангараа шиг харьцах гээд байдаг. Би бол тийм зүйлд шууд нүүрэн дээр нь хэлдэг. Миний өссөн хүмүүжлээс шалтгаалдаг байж магадгүй.

“Чамд спонсор байдаг уу”, “Чи байнга гадагшаа явах юм энэ мөнгийг чинь хэн гаргадаг юм” ч гэх зэргээр мэр сэр асуудаг. Би гэрийнхэндээ хүмүүс надаас ингэж асуугаад байна хэлж байсан. Тэгсэн чинь манай гэр бүлийнхэн нь “Хүүе ээ гэрийнхэн нь спонсорлож байна шүү дээ” гэдэг. Манай ээж бүр инээгээд “Би спонсортой, миний ээж гэж хэлэхгүй юу” гэдэг. Яг үнэндээ бол ийм байна. Ээж миний хамгийн том туслагч, итгэл найдвар.

Залуу хүн ажил хийх бүх боломж байна. Би л лав надад ажил хийх ямар боломж байна бүгдийг нь ашигладаг. Чадахгүй, мэдэхгүй зүйлээ асуухаас ичиж санаа зовдоггүй. Яагаад гэхээр, би залуу хүн. Би хийж хөдөлмөрлөх гэж, сайн сайхан амьдрах гэж явж байгаа учраас санаа зовоод байх зүйл байхгүй. Магадгүй 40,50 хүрчихээд хүнээс юм гуйгаад ч юм уу, хүнээс юм асуугаад явж байвал тэр бол ичгэвтэр зүйл. Үүн дээр юу гэж хэлэх гээд байна гэхээр, би өнөөдөр хөдөлмөрлөж байна. Улсын байгууллагад ажиллаж байна, хажуугаар хувийн ажилдаа анхаарч байна. Хувцас загвар тал дээр ажиллаад Монгол болон гадаадад өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ гаргаж байна. Тэгэхээр надад тэгж мөнгөний гачигдалд ороод байх шаардлага байхгүй. Дээр нь гэр бүл маань намайг бүх л талаар дэмждэг.

Гэхдээ би аль болох өөрөө биеэ даагаад явахыг хүсч, зорьж байна. Тиймээс энэ тал дээр ийм өрөөсгөл ойлголттой байж болохгүй л дээ. Дээр үеийн үеийн улиг болсон үзлээсээ салаач ээ л гэж хэлмээр байна.

Дэлхийн хэмжээний загварын долоо хоногуудад оролцохыг хүсдэг
-Монгол охид, бүсгүйчүүд гадны тэмцээн уралдаанд маш амжилттай оролцдог болсон. Тэр хэрээрээ амжилттай яваа нь ч бий. Тэднээсээ хэнийг нь харж үлгэр дуурайл авдаг вэ? 

-Монголын топууд, загвар өмсөгчид эхнээсээ дэлхийн хэмжээнд гарч байна. Манай үеийнхэн ер нь зориод явж байна. Энэ бол дараагийн үе хөгжих зам нь нээгдэж байна гэсэн үг. Би үеийнхнээрээ маш их бахархдаг. Маш их дэмждэг. Мэдээж дээд үеийн эгч нар байна. Тэднээсээ үлгэр авч байж л явж байна. Бүгд л мундаг, тодорхой хэмжээгээр олонд танигдсан байна гэдэг бол өдий хүртэл хичээж ирсний үр дүн гэж бодож байна. Тэр нь муухай шүү гэсэн юм байхгүй. Хүн бүр өөрийн онцлогтой. Тэр онцлогоороо гарч ирсэн байдаг. Манай Монголын топууд, загвар өмсөгчид маш мундаг.