За, юу байцгаана даа, залуусаа. Та нар намайг таньж байна уу, би бол бактерийн гэр бүлийн гишүүн хелико байна. Зарим нэг нь намайг бүр сайн таньдаг юм. Тэгээд л миний тухай сонсохоороо бүр устгах юмсан гэж улайрч дайраад л, миний нүүрийг муухай болгож байгаа өөдгүй өмхий хүрэн гэж уурлаад л. Гэхдээ би тэрэнд нь огт эмзэглэдэг ч үгүй. Хүмүүсийг надад дургүй байх тусам би бүр хорлонтой болж байгаа. Намайг санаа суусан өөдгүй амьтан гэж бүү бодоорой. Өөдгүй нь бол үнэн л дээ, гэхдээ би та нартай л адилхан залуухан гэвэл итгэх үү. Анх намайг 1983 онд илрүүлсэн юм чинь залуу байхаас аргагүй. Та нар миний тухай олон мэдээллийг өдрийн тэмдэглэлээс мэдэж авах болохоор илүүг нуршихаа азналаа.
Миний амьдралын ахиад нэг хорлонт өдөр
Өнөөдөр ч сайхан өглөө байна шүү. Энэ Мөнхөө эрт босоход яадаг байна аа. Өдөр болгон ингэж их унтаж хичээлээ хоцорч байх юм. Мөнхөө бол миний эзэн, эзэн ч гэж дээ би түүний ходоодонд амьдардаг байхгүй юу. Би түүний ходоонд байх ёстой хэмжээнээсээ аль эрт хэтэрчихсэн. Гэхдээ тэр хайнга учраас миний тухай мэдэх ч үгүй. Сүүлийн үед тэр маш их ядрах болсон. Бас гашуун юм идэх төдийд л цээж нь аймшигтай хорсох бөгөөд хоолоо хэтрүүлж идвэл огиудас нь хүрээд л. Яагаад ийм дээрээ тулчихаад байхад эмнэлэгт үзүүлэхгүй яваад байдгийг нь ойлгохгүй байна. Гэхдээ үүнийгээ удаан эмчлүүлэхгүй бол надад л сайн биз.
Өө, ашгүй Мөнхөө босч байна. Би түүнийг өглөөнийхөө цайг ууна гэж итгэхгүй байна, гэхдээ уугаасай гэж өглөө бүр, тодруулбал сүүлийн зургаан сар залбирч байна. Оройтож боссон учраас хар хурдаараа сургуулийнхаа зүг харайлгана. Эхний цаг завсарласны дараа ангийнхаа хөвгүүдтэй нийлж тамхилна. Тамхи татахынхаа өмнө аяга ус ч уудаггүй. Тэгээд л хелико миний ажиллагааг эрчимжүүлэх нь тэр дээ. Мэдээж миний хамаатан садангууд түүний ходоодоор үржиж байвал уурлах юун билээ.
Их засварлагааны цаг: Мөнхөө найз нартаагаа нийлж хоолонд орох гэж байна. Гэхдээ тэд яагаад ч юм хамгийн тостой, шарсан хуурсан хоол идэх бөгөөд хоолоо хийжүүлсэн ундаагаар даруулна. Энэ нь тухайн үедээ өөрсдийнхөө ходоодны зайг нөхөхөөс биш биед хэрэгтэй амин дэмээр маш бага. Тэгээд ч хоорондоо харшилдаг хоол хүнсийг идэхээр чинь ямар хэрэг байх билээ.
Байж байгаарай, Мөнхөөгийн утас дуугарч байна…
За, өнөө орой ч жинхэнэ сайхан үдэшлэг болох нь дээ. Мөнхөө өнөө орой арван жилийн ангийн найзын төрсөн өдөрт уригдлаа. Тэнд зөндөө олон залуучууд ирэх юм. Тиймээс өөрийнхөө хамаатнууд болох хеликогоо ирсэн залуучуудад тараах хэрэгтэй.
Оройн үдэшлэг дээр: Мөнхөө өнөөдөр тийм ч сайн хооллоогүй учир одоо ганц хоёр шил пиво уухад л би бүр ч идэвхжинэ. Тэгээд ч иймэрхүү үдэшлэг дээр ууж байгаа зүйлээ хоорондоо дамжуулдаг шүү дээ. Энэ л миний хамгийн ихээр хүсэн хүлээдэг мөч байгаа юм. Маш олон хүнд хүрэх боломж ч гэж ойлгож болно.
За, тэр харав уу, энэ хөөрхөн охин түүний ууж байсан ундаанаас балгачихлаа. Яваарай, миний хайрт гэр бүлийнхэн. Та нарт аз жаргал хүсье. Тэр охиныг хоолоо зөв зохицуулж иддэггүй байгаасай л гэж залбирая.
Залуучууд бид чинь сүрхий нялуун хүмүүс биш тул нэг тавагнаас бялуугаа хувааж таараа. Тэр үед л олон хүний амаар дамжин, ходоодонд нь бөх наалдах хэрэгтэй. Үдэшлэг удаан үргэлжлээсэй.
Маргааш өглөө: Өчигдөр ч нилээн амжилттай ажилласан шүү. Өдөр болгон иймэрхүү үдэшлэгт явдаг бол мөн сайхан хэрэг ээ, хэхэ. Хөөх, өнөөдөр Мөнхөө ямар эрт сэрэв ээ. Тэр ээжтэйгээ миний тухай яриад байх шиг байна даа. Юу гэнэ вэ, энэ мэдээг сонсооод хелико миний бие үнэхээр гүн шоконд орлоо. Энэ бол миний амьдралын хар өдөр байх болно. Яагаад гэж үү. Мөнхөөгийн ээж миний тухай бүхнийг мэдсэн байна. Тэр “миний хүү, нүүрэн дээр чинь ийм их юм гардаг нь хеликобактертай холбоотой байх. Хүний ходоодонд байх хэмжээнээсээ хэтрэх юм бол хоолонд дургүй болох, цээж гашуу оргих гээд чиний байнга хэлдэг зовиур илэрдэг гэнэ. Удаан эмчилэхгүй бол ходоодны шарх, хавдар болох тохиолдол ч бий. Үүнээс гадна аяга халбага гээд халдварлах боломж их байдаг учир эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Ээжтэйгээ хамт яваад шинжилгээ өгье, за” гэж хэлсэн. Харин түүнийг Мөнхөө хүлээн зөвшөөрөөд одоо тэр хоёр эмнэлэг явахаар зэхэж байна.
Би хэдийгээр хүний ходоодонд байдаг бактери боловч илүү их болох юм бол хүмүүсийг өвчлүүлдэг. Гэхдээ л би та нарын адил мөнх настай биш учраас эмчилгээ хийлгэхийн төдийд л устана шүү дээ. Ингээд л миний чөлөөт амьдрал дуусах нь тэр. Би өрөвдөлтэй биш гэж үү. Яагаад хэн ч надтай найзлахыг хүсдэггүй байна.
Анхнаасаа та нар эрүүл мэндээ боддог байсан бол би гарч ирэхгүй л байсан ш дээ. Тэгээд намайг дуудаж авчирчихаад одоо болохоор устгах гэх юм. Би ч гэсэн амьд явах эрхтэй байж болдоггүй юм уу.
Бэлтгэсэн: GIO /EMEGTEICHUUD/