Зорилго хүнийг бий болгодог

024-111456-185894622Хорьтойдоо ямар нэгэн зүйлд тэмүүлж амьдрана гэдэг хичнээн бахдалтай билээ.
Хорвоо дээр хамгийн тэнэг хүн хонхор газар тунасан ус шиг хөдөлгөөнгүй, зогсонги амьдралаар амьдардаг.

Тэд одоогийнхоосоо арай дээр амьдрах юмсан гэж хүсэж эрмэлзэхээсээ илүү одоо байгаа байдлаа л хадгалж амьдръя гэсэн зогсонги зан чанар давамгайлсан хүмүүс байдаг. Гэтэл байгаадаа сэтгэл ханаад гараа хумхиад суух тусам байрандаа байх нь улам хэцүү болдог нь амьдралын жам билээ.

Хүн цаг үргэлж урагшаа тэмүүлж, хичээж зүтгэн байж ядаж одоогийнхоо амьдралын төвшинг хадгалж чаддаг. Гэхдээ бас дан ганц идэж амьдрахын төлөө өөрчлөлт, шинэчлэлийг эрэлхийлж таван мэдрэхүйгээ ажиллуулна гэдэг хэтэрхий хүч барсан ажил бөгөөд бас тэгэх шаардлага ч байхгүй билээ. Өмнөө зорилго тавьж түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хичээж зүтгэнэ гэдэг урам зоригтой бас хөгжилтэй зүйл атал тэгэж явахын хэрэг юу байх вэ.

Хичээл зүтгэл, амжилт гэдэг биднээс өөр онцгой, тусгай хүмүүст л байдаг зүйл байх гэж бодож байна уу.
Зорилго гэдэг заавал агуу том зүйл байх ёстой юу? Жишээлбэл гурван жилийн дотор кино ойлгох хэмжээнд англи хэлийг сурна гэсэн зорилго тавиад англи хэлний дамжаанд явж эхэлж болно. Гурван жил уйгагүй хичээж зүтгэхэд тэр зэргийн юмыг чадалгүй дээ гэж бодож болох ч яг одоо эхлэхгүй л бол гурван жил бүү хэл бүх насаа зориулаад ч хэрэгжүүлж чадахгүй байж мэдэх юм.

Зорилго тавьж ажиллаваас таны хийж буй ажил үр бүтээлтэй, басхүү баяр баясгалангаар дүүрэн байх болно. Нэг л өдөр гадаад хүмүүсийн ярьж байгааг чөлөөтэй ойлгодог болж тэр үед өөрөөрөө бахархаж амжилтын амтыг мэдрэх болно. Тэгээд сэтгэлээр унаж өөрийгөө голох болгондоо амжилт олж байсан тэр үеэ эргэн дурсаж хийж бүтээх эрч хүчийг олж авч бай.

Ухаалаг эмэгтэйчүүд өмнөө зорилго тавьж өдөр болгон түүнийгээ заавал биелүүүлнэ гэж өөртөө амлаж байдаг. Арван жилийн дараа, гурван жилийн дараа, нэг жилийн дараа биелүүлэх гэрийн даалгаврууд нь тэдний толгойд аль хэдийн төлөвлөгдсөн байдаг.

Гурван жилийн дотор гучин сая төгрөг цуглуулах, ирэх жил зун Европ руу аялалаар явах, нэг жилийн дотор хоёр зуун ном унших ч гэх юмуу ер нь юу ч байж болно. Зөвхөн юуг, хэдий хэр хугацааны дотор гэдэг нь тодорхой байх ёстой. Яг хүссэн хугацаандаа биш юмаа гэхэд дөхүүлээд ч болов биелүүлчих боломжтой зорилго тавиад уйгагүй оролдоод үз. Оролдлого сайт оройд гарна, олиггүй муу ёроолд хоцорно гэдэг үг байдаг шүү дээ. Нэг удаа зорилгоо биелүүлж амжилтын амтыг мэдэрч чадвал уг амтыг мэдрэх гэж ахин дахин амжилт гаргасаар хийж бүтээхийн “донтон” болдог. Та ийм төрлийн донтон болох ёстой.

Амжилтын амт гэдэг чухам юу болохыг мэддэг эмэгтэйчүүдэд амьдралаас уйдах, залхах зав байдаггүй. Орой унтах болгондоо “Маргааш бас ямар гайхалтай өдөр болох бол.?” гэж маргаашаа сэтгэл догдлон хүлээдэг. Хүн үхэн үхтлээ тасралтгүй зорилго тавьж түүнийгээ хэрэгжүүлдэг байх ёстой. Ялангуяа хорин настан та бүр ч илүү.

Мөрөөдөл хүнийг өөрчилдөг.

Биелүүлэхийг хүсч байгаа эцсийн зорилгоо бид мөрөөдөл гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл би ямар хүн болохыг хүсч байгаагаа цээжиндээ зурж, дүрсэлсэн байдаг бол тэр миний мөрөөдөл гэсэн үг.
Хичнээн амаараа “би эд материалын хувьд ч, оюун санааны хувьд ч хангалуун амьдрахыг хүсч байна” гэж хэлж байгаа хэдий ч хэрэг дээрээ цээжиндээ тэр зургийг зураагүй бол мөрөөдөл байхгүй байна гэсэн үг. Мөрөөдөлтэй эмэгтэйчүүд өөрийнхөө мөрөөдөлдөө хүрэх үеийн дүр төрхийг урьд хэзээ нэгэн цагт яг тэгэж амьдарч байсан мэт нүдэнд харагдтал ярьж чаддаг.
“Мөрөөдөл биелнэ” гэдэг нь өдөр бүр түүнийгээ бодож тэр мөрөөдөлдөө хувцас өмсгөж, өнгө будгаар будаж чаддаг эмэгтэйд илүү хүчинтэй үг мэт. Тийм эмэгтэйчүүдэд гаднаас нь харахад ямар нэгэн мэдэгдэхүйц зүйл байхгүй ч өөрийгөө маш онцгой гойд хүн болгох хүч байдаг.

Ар гэрийн санхүүгийн байдал таагүйн улмаас сургуулиасаа жилийн чөлөө авсан А их дэлгүүрт цагийн худалдагчаар түр ажиллав. Өдөржингөө хөлөө хавагнатал зогсоогоороо ажиллана гэдэг амаргүй хэрэг байсан ч тэр бүсгүйг түүнээс илүү шаналгаж байсан зүйл нь бусад хүмүүст дорд үзэгдэх явдал байлаа.

Их дэлгүүрийн худалдагч ч гэсэн дотроо зэрэг дэвтэй байдаг болохоор ямар нэгэн брэндийг төлөөлж байгаа худалдагч болон их дэлгүүрийн үндсэн худалдагч нар гадаад төрх нь хүртэл өөртөө итгэлтэй бардам, бас дэлгүүрийн зүгээс ч үзүүлж байгаа хангамж нь шал өөр байдаг байв. А шиг ажлынхаа хөлсийг өдөр өдөрт нь авч туршилтын лангуун дээр ажиллаж байгаа ажилчид хаана ч очсон дорд үзэгддэг байлаа. А –гийн хамгийн дургүй цаг нь өглөөний цугларалтын цаг байсан юм. Бүтэн өдрийн турш царайгаа нэг ч харуулдаггүй давхрын ахлагч гэх залуу нилээн олон минут өмнөө зогсоож байгаад загнаж зэмлэдэг байсан ба тэр зэмлэж байгаа үгс нь дуугүй сонсоод зогсохын аргагүй зүйлүүд байдаг байлаа.

“Күнради… -ийг уншиж үзсэн хүн байна уу? Байхгүй л биздээ.    Тэр зохиол дээр ингэж гардаг юм…”
А өглөө бүр голдуу ахлах сургуулийн боловсролтой эмэгтэй худалдагч нарыг жагсаачихаад дорд үзэж харьцдаг түүнд “Күнради биш Күндэра тэнэг малаа…” гэж өөдөөс нь хашгирмаар байвч, арай ядан тэвчдэг байлаа. А тэр мөч болгонд өөрийгөө хүнд ингэж хэлүүлэхээр хүн биш хэмээн дахин давтан хэлж өөрийн мөрөөдөлдөө хүрсэн байх үеийн дүр зургаа толгойдоо байнга боддог байв. Бизнес удирдлагийн чиглэлээр суралцаж байсан тэрээр маркетингийн гарамгай мэргэжилтэн болохыг хүсч байлаа. Ахисаар ахисаар яваандаа мэргэжлийн удирдагч болж CEO –ийн зэрэгт хүрсэн байх нүд гялбам амьдралаа А өглөө бүрийн цугларалт дээр тоо томшгүй олон удаа сэтгэлдээ ургуулан боддог байсан юм. Хэсэг хугацааны дараа тэрээр бүх мөнгөө шавхан төлбөрөө төлж сургуульдаа дахин орсоноор өнөөх ажлаа хийхээ болилоо.

Тэр цагаас хойш А ажлын байран дээрээ хэн нэгэнтэй өрсөлдөх, ажилдаа ядарч туйлдаж сөхөрч суумаар болох үедээ их дэлгүүрийн өглөөний цугларалтан дээр мөрөөддөг байсан өөрийн дүр төрхөө нэг ч удаа мартаж байсангүй. Хүсч байсан маркетингийн салбартаа амжилт гаргах болсон А хэдэн жилийн дараа том корпорацид зөвлөхөөр уригдаж ажиллах болж цалин ч өндөр авдаг боллоо. Их дэлгүүрийн салбараа хариуцаж ажиллах болсон А бизнесийн орчиноо судалж аваад залуу худалдагч охидыг илт дорд үзэн дээрэлхэж харьцдаг байсан давхрын ахлагч өнөөх залуутай ахин нүүр тулах тохиол таарлаа. Тэр залуу тоо томшгүй олон худалдагч охидын нэг байсан А –г таниагүй боловч А түүнийг маш сайн санаж байв. Тэр залуу төв офисоос ажил шалгах гэж ирсэн том дарга болох А –г дээд зэргээр хүндэлж, долоохоос наагуур харьцаж байлаа.

Өдрийн хамгийн завгүй цагаар толгойгоо өндийлгөөд компьютерээ шагайж ажлаа хийж байгаа бусад нөхдөө нэг хар. Нэг албан газар, нэг өрөөнд ижил шахуу ажил хийж байгаа болохоор бүгд л нэг төвшинд амьдрах мэт харагдаж байгаа ч тэдэн дунд 10 жилийн дараа шал өөр төвшиний хүн болох хүн гарцаагүй байж л байгаа. Гаднаасаа гоц гойд юмгүй эгэл жирийн харагдаж байгаа ч дотро агуу их мөрөөдлийг тээж явдаг хэн нэг нь амжилтын оргилд гарсан байх нь лав.

Мөрөөдөлтэй хүн хүссэндээ хүрч чадахгүй байлаа ч мөрөөдөлтэй байна гэдгээрээ бусдаас онцгой үнэ цэнийг өөртөө бий болгож чаддаг.

Мөрөөдөлтэй хүн ижил түвшинд байгаа бусад хүмүүсээсээ өөр зүйл ярьдаг, хийж байгаа үйлдэл нь ч өөр байдаг. Тийм учраас мөрөөдөлтэй, өмнөө тавьсан зорилготой хүн ямар ч хэцүү байдалд орсон тэрнээс яаж ийгээд гарч чаддаг ба хөнгөн хуумгай алхам барагтай л бол хийдэггүй.

Яаж ч унагаасан буцаад байрандаа ордог дондогмаа тоглоом шиг байдаг юм.

Мөрөөдлийг ихэнхдээ бодит байдлын эсрэг тал гэж тайлбарладаг ч мөрөөдөл ба бодит байдал нь хоорондоо шалтгаант холбоотой байдаг юм. Бодит байдал болох ямар ч боломжгүй, өөрийнх нь зан чанар, хувийн онцлогт тохироогүй “хий хоосон” мөрөөдөл л биш бол мөрөөдөл заавал биелэгдэх чанартай байдаг. Бодит байдал дээр байгаа давуу тал чинь мөрөөдлөөсөө ухрахгүй байх хүч болж, мөрөөдлөөрөө эрч хүчээ сэлбэн ажилладаг учраас мөрөөдөл бодит байдал хоёр өөр хоорондоо салшгүй холбоотой байдаг. Сайхан амьдрахыг хүсч л байгаа бол яг одоо өөрийнхөө ирээдүйн зургийг сэтгэлдээ зур. Мөрөөдөл гэдэг ямар ч хэрэгцээгүй хий хоосон бодол төсөөлөл ерөөс биш.!


Зорилго хүнийг бий болгодог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.