Европын холбоо эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох боломжийг өргөжүүлэхээр төлөвлөж байгааг ажил олгогчид эсэргүүцэв. Уг санаачилга эхчүүд ажлын байраа хадгалах илүү эрх эдлэх ба эцгүүд хүүхэд асаргааны чөлөө авах боломжоо бүрэн ашиглах үүд хаалгыг нээж өгөх ёстой. Европын холбооны одоогийн хуулиар эх, эцгийн аль аль нь дөрвөн сарын турш цалинтай чөлөө авах эрхтэй агаад харин цаашид чөлөөг үргэлжлүүлэх асуудлыг тусгаагүй байсан. Гэхдээ цалингаа бууруулсан хэмжээгээр авч болно гэсэн ойлголт байв.
BusinessEurope хэмээх Европын ажил олгогчдын холбоо Евро комиссын санаачилга эдийн засагт хохирол учруулж, компаниудад давшгүй ачаа үүрүүлэх болно гэж мэдэгджээ. Тус холбооны ерөнхий захирал Маркус Бейрер FT сонинд өгсөн ярилцлагадаа “Хүмүүс биднээс ажлын байр бүтээхийг хүсэж байгаа. Тэдний хүсэхгүй байгаа зүйл бол хөдөлмөрийн өртгийг өсгөх замаар ажлын байр бий болгоход саад хийх санаачилгууд юм” хэмээв. Авьяаслаг эмэгтэйчүүдийг ажилдаа үлдэх болон эцгүүд хүүхэд асаргаанд илүү үүрэг гүйцэтгэх боломжийг нээх ёстой санаачилгыг шүүмжилснээр ажил олгогчид Үйлдвэрчний эвлэл ба Евро комиссын эсрэг байр сууриа харууллаа.
Брюсселийн мэдэгдсэнээр уг төлөвлөгөө эдийн засагт ур чадварын хомсдолыг багасгах замаар урт хугацааны үр ашигтай бөгөөд хүнд хөрөнгө оруулж буй хэрэг юм. Эдийн засгийн хүндрэлийн цаг үед комисс ажилчдын эрх ашгийг хамгаалах талаар олигтой арга хэмжээ авахгүй байна гэх шүүмжлэл сонсогдох болсны улмаас Брюссель нийгмийн чанартай ийм алхам хийхэд хүрсэн бололтой. Үүнд хувиараа бизнес эрхлэгчдийг нийгмийн халамжид хамруулахаас өгсүүлээд ажлын цагийг ахмадуудыг асрахтай зохицуулах хүртэл төрөл бүрийн арга хэмжээ орж байгаа юм.
Ноён Брейрер “Европыг сайнаар хардаг болгох гэсэн цаад санааг нь дэмжиж байна. Гэхдээ юуны өмнө үндсэн асуудалд анхаарах ёстой. Нэгд, сайн ажилтай байх эрх юм. Гэвч аргатай нь санал нийлэхгүй байна” хэмээв. Евро комиссын хүйсийн тэгш эрх хариуцсан төлөөлөгч Вера Журова хөдөлмөрийн зах зээл дэх эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн оролцооны тэгш бус байдлаас үзэхэд одоогийн журам хол явахгүй нь харагдсан гэжээ. Тэрбээр “Хөдлөхгүй байгаа нь алсын хараагүй явдал. Бид ажиллах хүсэлтэй эмэгтэйчүүдийн эрхийг хааж байна. Хүмүүс ажлаа хийх үү эсвэл гэр бүлтэйгээ үлдэх үү гэхээс өөр сонголтгүй орчин бүрдчихээд байна” хэмээн онцлов.
Брюсселийн мэдээгээр эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт эрэгтэйчүүдийнхээс 11 хувь доогуур байгаа бөгөөд ажил эрхэлдэггүй эмэгтэйчүүдийн 20 хувь нь асрах үүргээ гүйцэтгэхийн тулд ажлаас татгалзсан гэж ярьсан байна. Энэ нь эцсийн дүндээ авьяас чадварын хомсдол үүсгэж, эдйн засгийн өсөлтийг хойш татдаг гэж тус комисс үзсэн аж. Европын холбооны ажил эрхлэлтийн байдлыг хянадаг Eurofound байгууллага хөдөлмөрийн зах зээл дэх хүйсийн ялгаа холбооны хэмжээнд 70 тэрбум еврогийн алдагдалд хүргэдэг гэж тооцжээ.
Жим Брунсден
Засгийн газрын мэдээ