Уйтгар гунигт автсан цэцэнтэй найзалсанаас аз жаргалтай тэнэгтэй найзал

hot-diy-ankle-bracelet-hot-highlight-your-legs-1-500x375

Хорвоо ертөнцийн талаар байнга л гомдоллож байдаг хүнтэй бүү найзал.

Хүн бүр ямарваа зүйлийг хатуу ширүүн шүүмжилдэг хүнийг хараад бахархах сэтгэл төрдөг. Бас шүүмжилж ярих юм бидний эргэн тойронд захаас аваад замаар дүүрэн байдаг.

Шүүмжлэлийг “бусад хүмүүсээс илүү ухаан тэлж, нүд нь нээгдсэн хүний хийдэг үйлдэл” гэж итгэдэг зарим хүмүүс аливааг шүүмжилж, энэ онцлогоо бататгадаг.
Шүүмжлэл гэдэг хэзээнээс нааш нийгмийг цэвэршүүлэгч, хөгжүүлэгч, боловсронгуй болгогч, хөдөлгөгч хүч нь байсантай маргах аргагүй юм.
Эрэгтэйчүүд илт давуу эрхтэй байсан нийгмийн тогтолцооны талаар шүүмжлэлтэй ханддаггүйсэн бол эмэгтэйчүүд өнөөдөр сонгуульд оролцож, өөрийнхөө ялалт амжилтын төлөө гүйж тэмцэж чадахгүй, зүгээр л мөрөөдөөд сууж байх байсан. Гэтэл шүүмжлэл гэдэг өөрийн чадваргүй, чадалгүй байгаагаа бусдын буруу хэмээн бусад руу чихэх хэрэгсэл болгох юмуу, өөрийнхөө алдаа дутагдлыг эргэн харж эргэцүүлдэг нүд, чихээ тагладаг зүйл болгож болохгүй.
Дандаа бусдаас бурууг эрж, хорвоог буруутгадаг хүн өөрийнхөө мэргэжил, ажилладаг салбартаа амжилт гаргаж байсныг харж байсан удаагүй санагдана. Тийм хүмүүс тэр намайг тэгчихлээ, энэ намайг ингэчихлээ гэж бусдыг шүүмжилсээр байгаад учир шалтгааныг ухаарах, өөрийгөө өөрчлөх зав чөлөө ч гардаггүй.
Хорвоо дээр юм болгонд гомдоллож, юм болгоныг шүүмжилж байдаг хүмүүсийн амьдрал урагшилна, дэвжинэ, дээшлэнэ гэсэн баталгаа байхгүйгээс гадна юмыг шүүмжилдэг энэ зангаа эргэн тойрныхоо хүмүүст халдаачихдаг юм.
Тийм учраас тархи толгой, оюун ухаанаа эрүүл байлгахын тулд ийм хүмүүсийг өөрөөсөө хол байлгах хэрэгтэй. Өөр авууштай зан чанар их байлаа ч гэсэн ийм хүмүүстэй найзаллаа гээд таньд сайн юм ер болохгүй.
Үнэндээ хүүхэлдэйн кинон дээр гардаг “гомдоллож явдаг smooph” шиг хүмүүс нийгэмд амжилт гаргах магадлал багатайгаас гадна “өөр үлгэр жишээ авахаар зан чанар” тэдэнд байх нь юу л бол.

Өөдрөг үзэлтэй хүнд хариулт байдаг.

Ж бүсгүй сүүлийн үед маш их сэтгэлийн шаналалтай байх боллоо. Хоёр жил найзалсан найз залуугаасаа салсаны хажуугаар орон нутагт ажиллах асуудлаас болж удиртлагатайгаа ам мурийн ажил дээрээ ч таагүй уур амьсгалтай байх боллоо. Тэгээд гадуур явж юм худалдаж авах замаар стрессээ тайлсаар байгаад түрийвч нь хоосорч бусдаас мөнгө зээлж амьдрахад хүрчээ. Ж амьдралын энэ бүх бэрхшээлийг түр ч болов мартаж, найзуудтайгаа уулзаж сэтгэлээ тайтгаруулахыг хүслээ. Ахлах сургуулийн ангийн найз болох А найзынхаа байдлыг сонсоод харамсаж байгаагаа илэрхийлж, өөрөө ч багагүй хүнд байдалд байгаагаа ярилаа. А энэ бүх зүйл Солонгосын нийгэм эрүүл бус байгаатай холбоотой гэж ярьж гарав.
Тэр өдөр А, Ж хоёр хамтдаа эрхтэн дархтануудад л үйлчилдэг нийгмийн тогтолцоо, хээл хахуульд идэгдсэн бизнесийн орчин, эрэгтэй хүнийг тахин шүтсэн балар эртний үзэл зэргийг зад шүүмжилж, ийм нийгэмд төрсөн өөрсдийгөө өрөвдлөө. Гэтэл ийм уулзалтууд нь Ж-ийн унаад байгаа сэтгэлийг засахад ямар ч тус нэмэр болохгүй байлаа.
Нэг өдөр Ж гадуур ажил хөөцөлдөж яваад ажил нь энүүхэнд байдаг их сургуулийн найз Б-гээ саналаа. Хамт өдрийн хоол идэхээр болж хоёр найз уулзлаа. Б  Ж-г харуутаа л “чи их туржээ. Өмнөхөөсөө илүү дэгжин харагдаж байна гээч” гэж хэллээ.
Сэтгэлийн шаналгаанаасаа болж нүүр царай маань хачин муухай байгаа байх гэж бодож байсан Ж-гийн сэтгэл санаа энэ үгийг сонсоод арай дээрдэх шиг болов. “Чи ч ёстой зовж байгаа юм байна даа. Гэхдээ миний хэлэхийг сонс. Манай ажил дээр яг чам шиг удирдлагатайгаа муудалцаж зовж байсан нэг хүн байдаг юм. Гэтэл тэр хүн одоо ажлаа хийгээд аягүй сайхан байгаа. Яасан гээч…”
Ж-гийн байдлыг сонссон Б өөрийнхөө хамт ажилладаг, Ж-гийнхтэй ижил асуудалтай тулгарсан ч, түүнийгээ ухаалгаар шийдвэрлэж чадсан нэг хүний тухай ярьж өглөө. Онцын сонин зүйлгүй байдаг л нэг яриа байсан боловч Ж  Б-тэй хоол идээд гарахдаа цаанаа л нэг сэтгэл нь өөдрөг, эрч хүч дүүрэн болсон байлаа.
Үнэндээ урьд өмнө нь Ж  Б-д тийм ч таатай бус ханддаг байсан юм. Их сургуульд байхдаа Ж-гийн шимтэн уншдаг байсан Артур Шопенгауэр-ийг уйтгар гунигаас өөр юу ч алга хэмээн дургүйцэж байгааг нь хараад өөртэйгээ тохирох хүн биш байна гэж бодон түүнээс хойш Б-тэй нэг их дотно нөхөрлөхөө байсан юмсанж.
Гэтэл одоо Ж байнга л Б-тэй уулзахыг хүсдэг боллоо. Хичнээн завгүй байсан ч яаж ийгээд ажлаа зохицуулж хамтдаа дэлгүүр хэсэх юмуу  хоол иддэг боллоо. Тийм уулзалт давтагдах болгонд Ж-гийн стресс бага багаар тайлагдаж гарч, байдал хамаагүй дээрдээд байх шиг санагдах боллоо. Удирдлагатайгаа ч эвлэрч, царайлаг сайхан найз залуутай ч боллоо.
Хэн нэгнээс ямар нэгэн материаллаг тус авч байж жинхэнэ тус болдоггүй ээ. Зүгээр л хамт байхад л тус дэм нь аяндаа ирдэг хүмүүс байдаг юм. Тийм хүмүүс бол ихэнхдээ хорвоо ертөнцийн сайн талыг түрүүлж харж чаддаг хүмүүс юм. Өөдрөг үзэлтэй хүмүүст амжилт гаргах далдын хүч ердийн хүмүүсээс хамаагүй илүү үйлчилдэг бөгөөд, тэд эрч хүчээ эргэн тойрныхоо хүмүүст түгээдэг.
Тийм хүмүүстэй хамт байх төдийд л өөрийн эрхгүй эрч хүчийг авдаг билээ. Эргэн тойронд чинь өөдрөг үзэлтэй хүн олон байх тусам таны амьдрал дээшлэх магадлал төдий чинээ ихсэнэ гэсэн үг юм.
Хэрвээ танд Ницше, Форест Гамп хоёрын аль нэгтэй найз болох боломж байвал Форест Гамп нь хамаагүй дээр.


Уйтгар гунигт автсан цэцэнтэй найзалсанаас аз жаргалтай тэнэгтэй найзал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.