Бусдаас юм асууж, юм хүсэхээсээ бүү цааргал.
Нас ахиад хүний эхнэр болоод ирэхээр нэг сайхан зүйл нь өмнөхөөсөө илүү шудрага илнг далангүй болчихдог гэж ярьцгаадаг. Эмнэлэгт үзүүлж байхдаа эмчээс санаа зоволгүйгээр, нэг бүрчлэн сайтар асууж өвчнийхөө талаар илүү сайн мэдэж авах, юм худалдаж авахдаа хэрэгтэй юм байвал урамшууллыг нь нэхэж байгаад ч болов авах зэрэг давуу талтай болдог.
Энд нэг их хурцадмал асуудал, алдаа дутагдалын талаар ярих гээгүй л дээ. Гэвч Солонгос залуу эмэгтэйчүүд бусдаас юм асуух, юм хүсэхээсээ ихэд санаа зовж ичэнгүйрдэг.
Хэдэн хоногийн өмнө их сургуулийн цайны газар ороод хоолонд дугаарлаж зогслоо. Би авсан хоолоо хартал шар манжин нь хэтэрхий бага байх шиг санагдаад худалдагчаас дахиад жаахан нэмж өгөхийг хүслээ. Тэр байдлыг хараад зогсож байсан эмэгтэй оюутнууд гэнэт ухаан орсон юм шиг “надад ч бас” хэмээн шар манжин нэмүүлэх гэж бүгд аягаа сарвайцгаалаа.
Тэгээд бодоод үзэхнээ урд нь оюутнууд хоолныхоо хачрыг бага байна гэж хэлээд нэмүүлж байсан нь үгүй санагдлаа.
Бусад хүмүүсийн хийж байгаа ажилд саад болох юм уу, ичгүүр сонжуургүй зүйл л биш бол мэдэхгүй зүйлээ үнэн сэтгэлээсээ асууж, өөрт хэрэгтэй зүйлсээ үнэн сэтгэлээсээ гуйж бай. Хүмүүс таны бодсоноос ч илүү танд туслана шүү. Ялангуяа та чинь цэцэг цэврүү шиг хорин насан дээрээ яваа шүү дээ. Таны гуйлтыг биелүүлэхээс татгалзах хүн гарахгүй л болов уу. Хүнээс юм сайн асууж, гуйдаг хүний хийсэн ямар ч ажил үр дүнтэй байдаг.
Ямар нэгэн юмыг асууж, хүснэ гэдэг дэлхийн бөмбөрцгийг тойроод гүйгээд байх бус, идэвхи санаачлагатай, зориг зүрхтэйгээр бөмбөрцөгрүү явж орж байна гэсэн утгатай билээ. Мөн юм сайн асууж, гүйж чаддаг хүн түүгээрээ дамжуулан удирдагч болох орчин, нөхцлийг бүрдүүлж чадсан байх тохиолдол их байдаг. Та өөрийнхөө амьдралаас илүү их, илүү том зүйл олж авахыг хүсч байгаа бол юм асууж, юм гуйх дасгал сургуулилт сайн хийж байх хэрэгтэй. Одоогийнхоосоо арай илүү “ширэн” нүүртэй байж чадвал, таны өмнө илүү зүйл нээлттэй болно.
Сэргэлэн цовоо байхад ч дасгал сургууль хэрэгтэй.
Урлагийн мэргэжил эзэмшсэн С бүсгүй зураач болохыг хүсч байлаа. Гэтэл ямар ч туршлагагүй хэрнэ ажил эхлэнэ гэдэг амаргүй байлаа. Иймээс сургуулиа төгссөний дараа ажил олж чадахгүй л байгаад байв. Нэгэн номын санд цагаар ажиллах болсон С цаг зав л гарвал зургийн хичээлээ давтаж мөрөөдлөө сэтгэлдээ тээсээр л байсан юм.
Нэг өдөр дөч эргэм насны хүн авсан номоо буцааж өгөх үед нь номых нь хавтсыг харсан чинь Италийн алдарт хүүхдийн номны зургийн эмхэтгэл байлаа. С бүсгүй өөртэй нь мэргэжил нэгтэй хүн байгаад ихэд олзуучирхан “энэ гоё ном байна уу?” хэмээн асуулаа.
Тэр эрхэм номын сангийн ажилтан өөрөөс нь юм асууж байгаа нь их л сонин байгаа бололтой, бас цэрвэсэн мэт хэсэг зогсож байснаа сая л инээмсэглэн ингэж хариулав: Тийм ээ. Та хүүхдийн номны зураг сонирхдог бол энэ номыг заавал үзээрэй.”
“Өө тийм үү? За тэгвэл би ч гэсэн нэг үзье байз. Баярлалаа.”
С бүсгүйн нүүр дүүрэн инээмсгэлхийг хараад сэтгэл тэнэгэр тэндээс гарах гэж байсан өнөөх хүн буцаж ирээд түүнээс ингэж асуулаа. “Та хүүхдийн номны зураг эвлүүлэгч мэргэжилтэй хүн үү?”
“Их сонирхдог. Одоохондоо суралцаж байгаа.”
“Өө тийм үү? Тэгвэл дараа нь надруу нэг залгаарай.”
Тэр хүний өгсөн нэрийн хуудсыг хараад С бүр гайхаж орхилоо. Тэр хүн зурагт ном сайн хийдгээрээ алдартай хэвлэлийн компанийн захирал байсан юм. Шинээр гаргахаар төлөвлөж байгаа номныхоо зургийг судлахаар номын сангаар үйлчлүүлж байсан уг захирал С-ийн зурсан зургуудыг өндрөөр үнэлж, тэр бүсгүй зүүдэнд ч оромгүй боломжтой учирч номны зураач гэдэг ажилд орлоо.
“Сэргэлэн цовоо, авхаалжтай” байна гэдэг хорвоо ертөнцтэй харьцаж, нүүр тулгархаасаа айхгүй байна гэсэн үг. Танихгүй хүнээс юм асуудаг, шавар бурхан шиг хүний сэтгэлийн хаалтыг авч хаяж чаддаг хүн илүү олон хүнтэй харилцаа холбоо тогтоож, бас илүү олон боломжуудтай нүүр тулдаг.
Бас нэг таатай зүйл нь ахимаг насны эмэгтэй хэт сэргэлэн цовоо байвал “өөрт хүртээлгүй юманд оролцсон, ийш тийшээ үсчсэн” гэсэн үнэлгээ авдаг байхад залуу эмэгтэй сэргэлэн цовоо байвал “өхөөрдөм хөөрхөн, зан ааш сайтай” гэж хэлэгддэг явдал билээ.
Залуу эмэгтэй таны асуулт, гуйлтыг чин сэтгэлээсээ сонсдог хүн байх тусам төдий чинээ танд туслахад бэлэн байна гэсэн үг.
Угийн дуугүй бүрэг учраас яах ч арга алга гэж ярьдаг эмэгтэйчүүд байдаг ч хүний зан чанарууд дундаас өөрчлөгдөхдөө хамгийн амархан зүйл нь дээрх зан билээ. Бүрэг ичимхий зан нь угийн, төрөлхийндөө биш илэрхийлэхдээ байдаг учраас “хүн өөрчлөгддөггүй” гэдэг онолд хамаарах категори биш юм. Нэг үгээр хэлбэл зориг зүрх гарган өөрийн бодож байгаагаа хэрэгжүүлбэл ямагт хичнээн сэргэлэн цовоо, авхаалжтай болж болно.
Урдах ажлаа л алдаа мадаггүй хийгээд байвал болох нарийн, тусгай мэргэжлийн салбарын хүн хүртэл авхаалжтай байснаараа амжилт олж, түүний өмнө боломж нээгдэж байгаа жишээг бид олонтаа хардаг билээ.
Товч жишээ дурьдвал харанхуй өрөөндөө сууж уйгагүй бичиж, уран зохиолын шинэ эрин үеийг мөрөөдөж байгаа зохиолчоос илүү хэвлэлийн компанийн захиралуудтай зуу татаж, сайн наргиж нааддаг хүн алдар хүндтэй зохиолч болох магадлал өндөртэй байдаг. Энэ бол бодит үнэн. Мэдээж алдар хүндэд хүрснийхээ дараа чадвараасаа шалтгаалж алдар хүндээ хадгалж чадах уу үгүй юу гэдэг нь шийдвэрлэгддэг.
Тэглээ ч гэсэн хүмүүсээс харилцан туслалцаа сайн авч байх хэрэгтэй. Үнэхээр сэргэлэн, цовоо, авхаалжтай бүсгүйчүүдийг элсэн цөлд аваачаад хаясан ч амьдарч чадна гэж хэлхэд хэтрүүлэг болохгүй. Тэд тийм л арга зальтай, сэргэлэн байна гээд та боддоо. Тэгэхээр та ч гэсэн тэдний нэг болох ёстой. Тэр чадварын багагүй хэсэг нь хүний сэргэлэн цовоо, авхаалжтай занд байгаа гэдгийг бүү март. Өөрийг чинь үл тоон дорд үзэж байсан ч алдах юу байхав зоригтойхон шиг хорвоогийн хаалгыг тогш. Хорвоо гэдэг тэгж тогшсон хүнд л үүдээ нээж өгдөг юм.