М.Анхцэцэг: Дүү маань эдгэхгүй бол би өөрийгөө үзэн ядах байх

Хүндийг өргөлтийн ОУХМ М.Анхцэцэгийн дүү маш хүнд түлэгдэж, БНСУ-д өндөр үнэтэй мэс засал хийлгэх шаардлагатай болсон билээ. Гэр бүлийнхэн нь энэ мөнгийг цуглуулахын тулд хандивын аян өрнүүлж байна. Анхцэцэгтэй уулзаж, хандивын аян болоод тамирчны замналынх нь талаар ярилцлаа.

-Дүүд чинь туслах аян ид өрнөж байгаа. Ажил үйлс хэр бүтэж байна вэ?
-Миний дүүд мэс засал хийхэд 65 сая төгрөг шаардлагатай. Хандивын аян эхлээд долоо хоноход 11 сая төгрөг цуглараад байна. Өнөөдрөөс эхлээд илүү олон хүнд хүргэхийн тулд хандивын хайрцаг аялуулахаар болсон. Фитнессүүдээр явна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүндийг өргөлтийн шигшээ багийн охид хандивын хайрцаг барьж явахаар төлөвлөсөн.

-Дүүд чинь тохиолдсон зовлонгийн талаар дэлгэрэнгүй ярьж болох уу? 
-Манай хоёр эмэгтэй дүү хоёулаа хүндийг өргөлтийн спортоор хичээллэдэг. Номин маань Биеийн тамир, спортын дунд сургуульд сурдаг юм. Тэр өдөр сургууль дээрээ 20 литрийн түмпэн дүүрэн бантан ангийнхандаа өгөх гээд явж байгаад унаж, өөр дээрээ халуун хоол асгачихсан юм билээ. Анх очиход танигдахын аргагүй, аймаар хэцүү болсон байсан. Одоо тэр үеэ бодвол харьцангуй дээрдсэн. Гэхдээ халуунд арьс нь хорсоно, хүйтэнд даарна гээд зовлон их. Нүүр, цээж, гарын хэсгийн арьсан дээр ургалт явагдаад, наашаа түрээд гараад ирсэн байдалтай. 15-тай өсвөр насны охин ийм болсон нь хамгийн эмзэглэмээр. Энэ хүүхэд цааш өсөж том болно. Гэтэл нүүр ам, бие нь аймаар түлэгдсэн байдаг. Гадаа халуун болох тусам улам хэцүүднэ. Тиймээс их халуунаас өмнө хагалгаанд орох шаардлагатай.

-Дүү чинь түлэгдээд бараг есөн сар өнгөрсөн байна. Яагаад ингэж удсан юм бэ. Монголд эмчлүүлэх найдвар бий гэж хүлээгээд байсан юм уу? 
-Аравдугаар сард арьс нөхөх хагалгаа хийлгэсэн юм. Хагалгааны дараа гайгүй болно гэж найдаж байлаа. Гэвч арьс нь түрж ургаад гайгүй болдоггүй. Сургууль дээрээ түлэгдсэн болохоор сургуулийн захиргаа эмчилгээний мөнгө гаргаж өгөх байх гэж нэлээн хүлээсэн л дээ. Сургуулиас нь дөрөвдүгээр сарын 20-ны дотор мөнгийг нь цувуулж өгөөд эмчилгээнд явуулъя гэсэн юм. Гэвч зургаан сая төгрөг л өгсөн. Ингээд л хөдөлж эхлэхгүй бол болохгүй нь гэдгийг ойлгосон. Дүү маань насан туршдаа ийм болчихвол хэцүү шүү дээ. Хүнтэй ч нүүр тулаад уулзаж чадахгүй.

Олимпод амжилт гаргаж энэ хүмүүсийн ачийг хариулна

Энэ үед “Өнөөдөр” сонины Л.Ганчимэг сэтгүүлч “Хандивын аян өрнүүлэх хэрэгтэй. Бид хүмүүст хүргээд өгье” гэсэн юм. Ингээд “Өнөөдөр” сониноор дамжуулаад хандивын аянаа эхлүүлсэн дээ. Хүмүүс сайнаар хүлээн авч, тусалж дэмжсэн нь бидэнд маш том урам өгсөн. Ээж цэргийн хүн болохоор тэтгэвэртээ гарсан. Аав Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд явсан. Аавын цалин, ээжийн тэтгэвэр, миний авдаг цалингаар 65 сая төгрөг цуглуулна гэдэг мэдээж хэцүү. Амьдардаг хашаа байшингаа заръя гэхээр зургаан хүн гудамжинд гарах болчихоод байдаг. Тиймээс олон түмэндээ хандаж, хандив хүсээд явж байна даа.

-Шаардлагатай мөнгөө олоод мэс засал хийлгүүлбэл эргээд урьдын хэвэндээ орж чадах болов уу? 
-Ямар ч байсан гайгүй болно гэсэн найдвар тээж байна. Эмчилгээний талаарх бичиг баримт ээжид байгаа болохоор би сайн мэдэхгүй байна.

-Дүүгийн чинь сэтгэл санаа ямархуу байна? 
-Мэдээж 15 настай эмэгтэй хүүхэд ийм нүүр царайтай болчихоор хэцүү. Хажуугаар нь зөрсөн хүн бүр харна. Ойлгох хүн байхад ойлгохгүй нэгэн ч байна шүү дээ. Тийм болохоор өөрт нь хэцүү л байгаа болов уу.

-Хүндийг өргөлтөөр хэр амжилт үзүүлж байв? 
-Өсвөрийн улсын аваргаасаа медаль авчихдаг, гайгүй ирээдүйтэй тамирчинд тооцогддог юм.

-Хоёулаа ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Өнгөрсөн хугацаанд бэлтгэлээ тогтмол хийж чадаж байв уу? 
-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард оюутны ДАШТ-д ганцаараа яваад бэртэл авчихсан юм. Тийм болохоор гараа хөндөхгүйн тулд гам сайн барьж, бэлтгэл бараг хийгээгүй. Харин бэртэл эдгэснээс хойш бэлтгэлээ бага багаар хийсээр одоо дундаж ачаалалтай бэлтгэл хийдэг болсон. Өдөрт хоёр бэлтгэл хийхийн хажуугаар дүүдээ санаа тавина, мөнгө хайна гэсээр нэлээд ядарлаа. Ялангуяа сүүлийн хэд хоног бараг нойргүй шахам явж байна. Ирэх арванхоёрдугаар сард насанд хүрэгчдийн ДАШТ болно. Энэ тэмцээнээс медаль авчирна гэсэн том зорилго тавиад байгаа.

-Монголын туйванчид өмнө нь ДАШТ-ээс медаль авч үзээгүй. Харин өөрөө их том зорилго өмнөө тавьжээ. Үнэхээр дэлхийн аваргын медаль санаанд чинь багтаж байна уу? 
-Манай хүндийг өргөлт бусад спортыг бодвол харьцангуй амар. Бэлтгэл дээр өргөж байгаа хэмжээгээ өмнөх ДАШТ-үүдийн үзүүлэлттэй харьцуулахад медалийн багцаа гараад ирнэ. Ер нь медаль хүртэж буй тамирчдын өргөсөн жинд нэг их өөрчлөлт байдаггүй. Ганц, хоёр кг-ын зөрүү л гарна. Наймдугаар байр эзэллээ гэхэд хүмүүс их хойгуур орсон юм шиг ойлгодог. Гэтэл түрүүлсэн хүнээс 4-5 кг л дутуу байдаг.

-Одоо бэлтгэл дээр хэдэн кг-ыг өргөж байна вэ? 
-Энэ бол тамирчин хүний нууц (инээв). -ДАШТ хүртэл өөр ямар нэг тэмцээнд оролцох уу? -Наймдугаар сард Оюутны универсиад наадамтай. Оюутны олимп гэж ярьдаг, хоёр жилд нэг удаа болдог тэмцээн. Энэ тэмцээнд орохоор төлөвлөсөн.

-Илүү сайжрахын тулд тэмцээнд заавал оролцох ёстой юу. Халз тулааны спорт биш учраас нутагтаа бэлтгэлээ хийж байгаад орсон ч болмоор санагддаг юм. Эсвэл миний буруу юу? 
-Тэмцээнд орох, бэлтгэл хийх хоёр өөр л дөө. Жишээ нь, танд ажлынхаа өрөөнд тайлан тавих, эсвэл олон хүний өмнө илтгэл тавихын хооронд их ялгаа гарна биз дээ. Үүнтэй л адилхан. Тэмцээнд орох тусам бид гадаадын тамирчдын техникийг судална, бэлтгэлийн түвшинг мэдэж авна. Тэмцээн дээр олон хүний өмнө өргөх, бэлтгэл дээр өргөх хоёрын хооронд ялгаа их бий.

-Риогийн олимпийг эргээд дурсая. Дотроо ямар бодол тээж очсон бэ? 
-Би зургаан кг хасаж, олимпод орсон. Уг нь багш намайг 75 кг-д оруулах бодолтой байсан. Харин дотроо тооцоолоод үзэхэд 75 кг-д байгаа амжилтаараа үзвэл нэг бол хүрэл авна, эсвэл 4-5 дугаар байр эзэлнэ. Харин 69 кг-д орвол алт уу, мөнгө үү гэж яригдахаар байсан юм. Тиймээс илүү том амжилт гаргахыг бодож жин хасахаар шийдсэн л дээ. Гэвч цаг агаарын байдал, цагийн зөрүү их нөлөөлсөн. Ядаж байхад очингуутай ханиад хүрчихсэн. Дээрээс нь олон кг хассан болохоор тамирдсан тал бий. Ямар ч байсан энэ олимп надад маш их туршлага суулгасан. Гэхдээ бүх насаараа хөдөлмөрлөөд олимпод орж чадаагүй тамирчин зөндөө бий. Харин би 18 настайдаа олимпод өрсөлдөөд үзчихлээ. Одоо надад дахиад алдах эрх байхгүй.

-Олимпийн дараа нөгөө айхтар тэрбумын санал ирсэн байх аа. Ийм санал сонсоод юу бодогдсон бэ? 
-Жүдо, чөлөөт, бокс, буудлага бол олимпоос медаль авсан төрөл. Хэрэв би эдгээр спортын аль нэгээр явсан бол саналыг нь хүлээн авч магадгүй. Харин хүндийг өргөлтийнхөн олимп, дэлхийгээс хараахан медаль авч амжаагүй. Тиймээс энэ спортын анхны медальтан болохыг хүсэж байна. Үнэнийг хэлэхэд их мөнгө сонсоод явчихья гэж бодоогүй. Хүндийг өргөлтийн анхны олимпийн медальтан нь өөр улсын төрийн далбаа мандуулаад зогсож байвал муухай биз дээ.

-Тэр үед хэдэн улсаас санал ирсэн бэ? 
-Дөрвөн улс санал тавьсан. Казахстан, Узбекистан, Америк, Солонгос. Солонгосын гэрээний мөнгө 500 сая вонн байсан. Харин Америкийн санал болохоор тэндхийн их сургуульд тэтгэлгээр сурч, хоол, байраар хангах заалттай. Гадаадын тэмцээнд Монголын нэр дээрээс, Америкт болж байгаа тэмцээнд сургуулийнхаа нэр дээр орох ёстой. Яагаад Америк руу яваагүй вэ гэвэл багшаасаа холдохыг хүсээгүй. Би багштайгаа есөн жилийн турш бэлтгэл хийж байна. Багш маань миний бэлтгэлийн ачаалал, хоол хүнс, сэтгэл зүй гээд бүгдийг сайн мэддэг. Хэрэв би ганцаараа Америкт очоод бэлтгэл хийвэл амжилт гаргахад хэцүү.

-Дүү халуу хоолонд түлэгдээд, олон сая төгрөг хэрэгтэй болчихсон. Гэвч мөнгө нь олдохгүй их удлаа. Энэ үед тэрбумыг амлаж байсан солонгосчуудын саналыг хүлээн авдаг байж дээ гэсэн бодол төрж байв уу?
-Тиймэрхүү юм бодоогүй ээ. Гэхдээ хэрэгтэй мөнгө нь олдохгүйгээс болоод миний дүү хагалгаа хийлгэж чадахгүй, насаараа ийм байдалтай явахад хүрвэл би өөрийгөө үзэн ядах байх. Надад боломж нь байхад дүүгээ яагаад эмчлүүлээгүй юм бэ гэж өөрийгөө буруутгана. Гэхдээ ийм байдалд орохгүй гэдэгт итгэж байна. Хүмүүс биднийг маш их дэмжиж байгаа. Тав, арван мянган төгрөг өгч байгаа хүн ч бий. Сая төгрөг өгсөн хүн ч байна. Энэ олон хүн дэмжиж байгаа болохоор бүтэх байх аа. Хэрэв дүү маань эдгэрвэл манай гэр бүл Монголын ард түмэнд хэзээ ч төлөөд дийлэхээргүй сэтгэлийн өртэй үлдэх болно. Улсынхаа нэрийг олимп, дэлхийн тавцанд гаргаж, төрийн далбаагаа мандуулж байж л энэ хүмүүсийн ачийг бага ч гэсэн хариулах байх.

-Мэдээж амжилт гаргахад санхүүгийн дэмжлэг чухал. Төр засаг хүндийг өргөлтийнхнийг хэр дэмжиж байна вэ? 
-Ноднин үндэсний шигшээ багт нэг тамирчин, нэг дасгалжуулагч байсан бол энэ жил зургаан тамирчин орсон. Гэхдээ хэцүү л дээ. Шигшээ багийн тамирчны цалин 380 мянган төгрөг. Өнөөгийн нөхцөлд энэ мөнгийг амьдралдаа хүргэнэ гэдэг ямар хэцүү болохыг та бүхэн сайн мэдэж байгаа. Бид өдөр бүр хоёр бэлтгэл хийдэг. Дундуур нь хоол идэхгүй бол ядарч, тамирдана. Үүнээс гадна уураг, витамины үнэ ямар билээ. Энгийн нэг уураг гэхэд 300 мянга. Харин бид хоёр, гурван уураг хольж ууж байж тэр их бэлтгэлийн ачааллыг давж гарна. Миний дундаж ачаалал өдөрт 18-23 тонн. Ийм их ачаалал авч байгаа эмэгтэй хүн бусдын адил мах, ногоогоо идээд алдсан энергиэ нөхөж чадахгүй шүү дээ.

Манай хүндийг өргөлтөд хүмүүст танигдаагүй, амжилт гаргах магадлалтай хүүхэд олон. Өсвөрийн УАШТ-д гэхэд хоёр, гурван зуун хүүхэд орж байна. Тэр хүүхдүүдийг бүгдийг нь биш юм аа гэхэд ядаж залуучуудын шигшээ багийн тамирчдаа дэмжээд өгвөл 2020, 2024 оны олимпийн аваргууд зөндөө бий.

-Сайхан ярилцсанд баярлалаа. Дүүгээ хурдан эдгээж, хүссэн амжилтдаа хүрээрэй. -Баярлалаа.

Монголчууд бидний хэнэггүй зан ид цэцэглэж явсан нэгэн охины амьдралд ямар хүндээр туссаныг та ойлгосон байх. 14-тэй охиноор 20 литрийн сав дүүрэн халуун хоол зөөлгөдөг ямар бөх зүрхтэй хүмүүс вэ гэж ярилцлага хийж байхдаа бодож байв. Гэтэл сураг сонсохнээ тус сургуулийнхан одоо ч хүүхдүүдээр том савтай хоол зөөлгөсөөр байгаа гэнэ. Дахин нэг хүүхэд түлэгдэхийг хүлээгээгүй л байлтай.

Монголчууд тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэж ярьдаг. Тэгвэл яг одоо Анхцэцэг болоод түүний гэр бүлд таны тусламж юу юунаас илүү хэрэгтэй байна. Хэрэв та тэрбумын санал сонссон хэрнээ эх орондоо үнэнч үлдсэн Анхцэцэгийн дүүд туслахыг хүсвэл Хаан банкны 5071320523, Худалдаа хөгжлийн банкны 451038475 тоот данс руу сэтгэлийн хандив өргөөрэй.

Г.Баярсайхан

Засгийн газрын мэдээ


М.Анхцэцэг: Дүү маань эдгэхгүй бол би өөрийгөө үзэн ядах байх
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.