Та аз жаргалтай амьдрахыг хүсч байвал хором хормоор амьдарч сур

1cefd7n7kr56342kv2tk936ha6

Аз жаргалтай амьдрахын нэг гол нууц нь таны амьдралын одоо өнгөрч буй хормын хүч юм. Нууц нь хоромд байгаа юм биш. Хормоор амьдрахад байгаа юм. Аз жаргалыг тодорхой нэг жил, сар, долоо хоног, тэр ч бүү хэл өдрөөс олох аргагүй.

Тэр бол зөвхөн хоромд л байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр та аз жаргалыг зөвхөн хором хормоор л амсаж чадна гэсэн үг юм. Жишээлбэл, та гэр бүлийнхэнтэйгээ авахуулсан зурагнуудаа хараарай. Төрсөн өдрийн баяр, шинэ жилээр ч юм уу ханьтайгаа, хүүхэдтэйгээ тэврэлдэн инээлдэн хөгжилтэй авахуулсан зургууд танд байгаа биз дээ. Тэр зурган дээр та бүхэн их аз жаргалтай харагдаж байгаа байх.
Тэр аз жаргалтай мөчүүд дахин танд хэзээ ч давтагдаагүй нь гарцаагүй. Тэгэхээр гэрэл зураг таны тэр хормын аз жаргалыг хадгалан үлдсэн байна.

Хүмүүс эд хөрөнгө, байр, машин, үнэт эдлэлээ бүхнээс илүү хайрлан хамгаалдаг. Гэтэл тэднийг үгүй хийсэн ч эргээд олдоно. Харин цаг хугацаа гэдэг хорвоо дээр хэзээ ч эргүүлж авч болдоггүй цорын ганц зүйл юм. Гэтэл хүмүүс бид цаг хугацааг тийм үнэ цэнэтэй зүйл гэж хэзээ ч ойлгодоггүй бөгөөд хайр гамгүй үрж өнгөрөөдөг. Өнгөрсний тухай дурсамж, ирээдүйн тухай сэтгэл зовнил нь биднийг одоо байгаа цаг мөчөөс хөндийрүүлдэг байна. Гэтэл бидний одоо байгаа цаг мөч маань бүхнээс үнэтэй байдаг байна. Яагаад одоо байгаа цаг мөч бүхнээс үнэтэй вэ гэдгийг танд ойлгуулах гээд үзье.

Та амьдралынхаа аз жаргалтай өнгөрсөн нэг мөчөө эргэн дурс даа. Жишээлбэл, та анх ханьтайгаа гэрлэж байсан үеэ дурс. Тэр үед хань чинь танд “Чи бол миний насан туршийн хань. Би чамд бүхнээс илүү хайртай” гэж хэлсэн бол тэр үг нь одоо ч танд сонсогдох шиг болдог болов уу. Тэр үед таны нүүр аз жаргалаар дүүрэн гэрэлтэж байсан биз ээ. Тэгэхээр таны тэр аз жаргал ердөө л тэр ганц хоромд байсныг одоо та ойлгож байна уу. Хэрвээ та тэр үед ханийнхаа хэлсэн үгийг сайн сонсохын оронд цаашид хэрхэн амьдарна даа гэх мэтээр ирээдүйд санаа зовнин огт өөр зүйл бодож байсан бол тэрхүү аз жаргалыг мэдрэхгүй өнгөрөх байсан юм.
Тэгэхээр бидний бүх сайхан дурсамжууд зөвхөн хормуудаас тогтдог болохыг та мэдэж авав уу. Бид жил, сар, өдрийг биш зөвхөн хормуудыг /анх сургуульд орж байсан мөч, ханьтайгаа анх учирсан үдэш, анх болзож уулзсан мөч гэх мэт/ л тогтоож авдаг.

Иймээс бид хором бүрээс сайн сайхныг олж авч чадвал амьдралаа бүрэн дүүрэн болгож чадна гэсэн үг. Тийм учраас амьдралаа аз жаргалтай байлгахын тулд одоо болж буй хором бүрээ гайхамшигтай сайхан, онцгой болгох хэрэгтэй.

Ярд ярдаар амьдарвал амьдрал хүнд
Ямх ямхаар амьдарвал амьдрал дажгүй хэмээх Английн зүйр цэцэн үг байдаг. Ямар ч ажлыг жижиг жижиг хэсгүүдэд хуваан хийвэл хөнгөн байдаг шүү дээ. Yүнтэй адил та хором хормоор амьдарвал өнгөрсөнд харамсах, ирээдүйд сэтгэл зовох зүйлгүй амьдрах болно.

Олон хүн болоогүй байгаа, магадгүй хэзээ ч болохгүй зүйлд санаа зовж, цагаа үрдэг байна. Тэгэхээр та урдаа байгаа болон хойноо өнгөрсөн зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийн оронд зөвхөн одоо болж буй хоромд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Гэхдээ энэ нь зөвхөн одоо болж буй хоромдоо анхаарлаа хандуулаад ирээдүйн төлөө санаа зовохгүй байна гэсэн үг биш юм. Тухайн хормын амьдрал л бидэнд хүсч буй ирээдүйгээ бүтээх боломжийг олгодог. Хором бүр бидний хувь заяаг тодорхойлох сонголт гэсэн үг. Бидний хором бүрд сонгож авч буй бодол санаа маань дараагийн мөчид хаана байхыг тодорхойлдог. Хором бүрд гаргаж буй шийдвэр, хийж буй үйлдэл маань бидний ирээдүйг бүтээж байдаг байна.
Тэгэхээр та өнөөдрөөс эхлэн хором хормоор амьдрахын хүчийг мэдрээрэй.

Таны ажлын ширээн дээр чинь бөөн бичиг цаас овоорчихсон байна уу. Та энэ бүхний ард яаж гарна даа гэж санаа зовох хэрэггүй. Харин ганцхан тэр зүйлдээ анхаарлаа хандуулан нэг нэгээр нь бичиг баримтаа авч судлан уншсаар дуусгах хэрэгтэй. Орой ажил тарах үед та бүгдийг амжуулчихсан байх болно.


Та аз жаргалтай амьдрахыг хүсч байвал хором хормоор амьдарч сур
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.