Ганцаардал – Өөрийгөө хайрлах орон зай

2

Үл анзаарагдах жижигхэн буланд суугаа жаахан охиныг тоох хүн байхгүй.
Босоод урд тодрох зурваст замаар алхалсан ч хэн ч түүнтэй мэндлэхгүй байгаа мэт. Эсвэл хэний ч үгийг олж сонсохгүй дүлийрсэн мэт. Зөвхөн сэтгэлээ л чагнах тэнхэл үлджээ…Ганцаардаж буй үед төрөх мэдрэмжийг дүрсэлвэл нэг иймэрхүү.

Ганцаардалд ч бас өөрийн гэсэн төрлүүд байдаг аж. Гэртээ эсвэл ажил дээрээ ганцаараа үлдсэн үедээ мэдэрдэг ганцаардлаас илүүтэй, олны дундах ганцаардал аймшигтай. Эргэн тойронд чинь өчнөөн хүмүүс байгаа мөртлөө тэдний хэн нь ч таны талд зогсохгүй байгаа юм шиг санагдах уйтгарлангуй мэдрэмж. Яг энэ дэлхийг хоёр хуваагаад нэг талд нь таныг зогсоочихоод, бусад бүх хүмүүсийг нөгөө талд нь авааччихсан мэт.
Хэдий ийм үед таны бие сэтгэлийг бухимдал бачуурал эзлэн авдаг ч, бүх зүйл хоёр талтай гэдгийг санаарай.
Хэн ч таны сайн сайхныг анзаарахгүй байвал, танд өөрөө өөрийгөө тоох боломж гарна. Хэн ч таньтай ярилцахгүй үед танд өөртэйгөө хууч хөөрөх цаг хангалттай олдоно. Нэг талаар өөртөө зарцуулах зав жаахан ч гэсэн гарч байна гэсэн үг.
Бид бусдын төлөө гүйсээр өөрсдийгөө мартаж орхидог. Их ч, бага ч хэн нэгэнд таалагдах, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд амьдрахдаа БИ гээч нөхөрийг үргэлж хоёрт тавьсаар ирснээ мэдэх үү?
Ганцаардал гэдэг бол бидний өөрийгөө хайрлах орон зай. Үүнийг зовлон гэж битгий бод.
Бусад хүмүүс танд бүх бурууг тохож байсан ч сэтгэлийнхээ гүнд өөрийгөө эхлээд зуун хувь зөвтгөж тайвшраад ав. Тайвширсны дараа алдаа дутагдлаа бодох цаг хангалттай гарна. Одоо л биш бол өөр хэзээ өмөөрөх билээ?
Танд ХҮН дутагдаад байвал, тэднийг тань дээр ирэхийг хүлээгээд байлгүй, өөрөө тэдэн дээр явж оч. Эхлээд масс-д тохир, дараа нь массыг өөртөө тохируул гэсэн үг бий. Таны үзэл бодол байр сууринд тэднийг хүлээн зөвшөөрөхийг хүлээхээс илүү өөрөө түрүүлж хөдлөх нь хавьгүй урагштай алхам юм.
Эцэстээ хүн хэзээ ч бодит амьдрал дээр шууд утгаараа ганцаарддаггүй. Ганцаардал бол зөвхөн сэтгэлийн үзэгдэл. Харин аль ч сэтгэлийн үзэгдэл мөнх биш. Түр зуурхан ч болов өөрийгөө халамжлаад аваарай. Дараа нь хүсээд ч, танд өөрийгөө хайрлах зав олдохгүй байж мэднэ.


Ганцаардал – Өөрийгөө хайрлах орон зай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.