Уур бухимдлаа залуурдаж сурсан нь дээр

angry-woman-screaming_1187-1425

Хамт ажиллагсадаа бид өөрсдөө сонгох биш? Таалагдсан -таалагдаагүй, хүссэн -хүсээгүй – ажлынхаа цагийг тэдний дунд өнгөрүүлэхээс өөр аргагүй байдаг. Хамтын “агуу зорилго” руу тэмүүлэх замд нэг бус удаа ажилтнуудын дунд зөрчилдөөн үүсэх агаад үүнийг хэрүүл уруул болголгүй шиг, өөртөө ба өрөөл бусдад хор хүргэхгүйгээр шийдэж сурвал таны нэр хүнд өсөн каръерын шатны дараагийн гишгүүр танд нээгдэнэ. Зөрчилдөөнийг хэрхэн залах вэ? Ажил дээрээ уур уцаараа хэрхэн барих вэ?

Даргатайгаа зөрчилдөөнд орсон бол

Дарга энгийн ажилтан хоёрын хооронд угаасаа зөрчилдөөн байж л байдаг. Нэг нь захирч нөгөө нь үгийг нь дагах ёстой, нэг нь компанийхаа эрх ашгийг бодох, нөгөө нь өөрийнхөө эрх ашгийг хамгаалах хэрэгтэй байдаг учраас байнга их бага зөрчилдөөн үүсч байдаг. Гэлээ гээд яахав, хэл амаа ололцож сурах л хэрэгтэй. Ихэнхи хүмүүс даргаа ажилтнуудаа загнаж кайф аван энергээ сэлбэдэг, хүн загнаж дарамтлахгүйгээр нэг өдрийг ч авч чаддаггүй вампир мэтээр боддог. Тийм дарга нар байдаг л даа. Гэхдээ л дарга нарыг өмөөрөх хэдэн шалтгаан надад байна. Нэгдүгээрт, боссын чинь толгой дээр томоохон хариуцлага байдаг учраас үе үе хатуухан зан гаргахаас өөр арга байхгүй, хоёрдугаарт, таны босс ч гэсэн дээд удирдлагаасаа үе үе банга хүртэж байгаа гэдгийг сана. Эцсийн эцэст, яагаад та даргыгаа тань дээр уураа гаргаж байна гэж үзээв? Магадгүй та үнэхээр ажлаа муухан хийсэн байж ч болох шүү дээ, шударгаар өөрийгөө дүгнээд үз дээ?

Дарга тань өрөөндөө дуудсан бол ажил хэрэгч дүрсэндээ бие сэтгэлээ оруулаад сүүлээ хавчилгүйгээр зоригтойхон шиг яваад ор

  • Шүүмжлэлийг нь анхааралтай сонс, ярьж дуустал нь үгийг нь битгий тасал.
  • Асуултанд нь тодоор хариул, битгий амандаа бувтна. Та ажил дээрээ байгаа учраас гомдсон хүүхэд шиг царайлан хошуу амаа унжуулах хэрэггүй.
  • Даргынхаа гомдол бухимдал нь юунд байгааг ойлгон тунгаагаад баримтлалтайгаар хариул. Хэрэв өөрийгөө буруугүй гэдэгт итгэлтэй байгаа бол энэ тухайгаа тайлбарлан хэлээд өөрийнхөө эрх ашгийн төлөө зогсох хэрэгтэй.
  • Яриандаа эмоцоо бүү хутга. Уураллаа, уйллаа, хаалга савлаа гээд зөрчилдөөн шийдэгдчихгүй, улам л гүнзгийрнэ, харьцаа улам л муудна.

Хамт ажиллагсадтайгаа зөрчилдөөнд орсон бол

Маргаж байж зөв шийдвэрт хүрдэг болохоор хамт ажиллагсадтайгаа ажил хэрэгч маргаан өрнүүлэхэд муу зүйл байхгүй, харин ч ашигтай. Маргаан дунд гэнэт шинэ санаа ч төрдөг, асуудлыг шийдэх ер бусын шийдэл ч олддог. Өдөр тутмын тус тусын ажил хамтын эцсийн үр дүнд нөлөөлдөг учраас хамт ажиллагсадын зөрчилдөөн хувийн өшөө хонзон болж хувирах ёсгүй. Харамсалтай нь ийм тохиолдол цөөнгүй болдог. Нэг нэгийнхээ сул тал болон ажлын онцлогийг сайн мэддэг болсон хүмүүс сиймхий гарсан үед үүнийгээ ашиглан хувийн хорсол гомдлоо тайлах гэдэг.

Нэгний шүүмжлэлийг та тоохгүй өнгөрөөнө, нөгөөгийнх нь хүлээн авна, харин гуравдахийнх нь үг таны уурыг хүргэх жишээтэйгээр өөр өөр хүмүүсийн хийсэн ижил үйлдэлд та өөр өөр хариу өгдөг үү? Хүмүүсийн хэлж байгаад эмзэглэхгүйн тулд шүүмжлэлийг хэлж байгаа хүнээс нь салган, зөвхөн “шалдан факт” байдлаар хүлээж авч сурах хэрэгтэй юм. Үүнээс гадна, өөртөө болон өөрийнхөө үйлдэлд бодитоор хандаад үз. Өөр рүүгээ хандсан шүүмжлэл бүрийг өөрийгөө хөгжүүлэх түлхэц болгож байвал та сайн ажилтан болно гэдгийг ухаарах хэрэгтэй.

Мөн бидний уур уцаарыг төрүүлдэг зүйл бол – ажлаа хугацаанд нь хийдэггүй, эсвэл шийдвэр гаргаж ядан удаан тээнэгэлзэж ажил удаашруулдаг, өөртөө оногдсон даалгаврыг биелүүлэлгүй мартдаг гэх мэт дутагдалтай нөхдүүд байдаг. Ийм хүмүүсийн гаргасан алдаа таны бухимдлыг буцалгадаг нь ойлгомжтой. Энд өгч болох зөвөлгөө гэвэл: наад хүнээ алдаа гаргана гэдэгт нь бэлтгэлтэй байж дараа нь уураа барахгуйн тулд эртхэн шиг түүнийг хянаж, сануулж байсан нь өлзийтэй. “Чи бид хоёр маргааш 15 цагт харилцагчтай очиж уулзах ёстой шдээ…?” гэх мэтээр. Мөн ийм найдваргүй хүнд чухал ажлыг итгэж даалгахгүй байвал дараа нь танд уурлах хэрэг гарахгүй.

Уураа хүрсэн үед энэ асуудал “амь биш, заяа биш” гэдгийг санаж байдлыг хүндрүүлэлгүйгээр харахыг чухалчилах хэрэгтэй.

  • “Дэлбэрэлтээ” барихыг хичээ. Дотроо “зогс, сүйдтэй юм болоогүй байна” гэх мэтээр өөртөө хэлээд 10 секунд хүлээ – та одоо арай тайвширсан байх болно.
  • Амьсгаагаа тогтоо. Хэд хэдэн удаа гүнзгий амьсгаа авчих, зүрх чинь булгилахаа болиод ирнэ.
  • Хошин зүйл бод. Хамгийн сайн арга бол – уурыг чинь хүргэсэн этгээдийг суултуур дээр шалдан сууж байгаагаар төсөөлөх. Шууд л инээд чинь хүрээд явчихна, хэрүүл зодоон хийх хүсэл замхарна.
  • Юу юугүй дэлбэрэх гээд ирвэл – гараад явчих. Өөр газар хэдэн минут байж байгаад буцаж ирээд маргаанаа эелдэгээр шийдэхийг хичээ.
  • Цаад хүнээ сонс. Түүний ярьж байгаа юмнаас чухам юу нь таны дургүйцлийг хүргээд байна – зөвхөн энэ тухай л ярь, өөр зүйл рүү бүү хазай. Тэгэхгүй бол нэгнээс нөгөө нь өдөгдсөөр сүүлдээ, анх ярьж байснаасаа тэс өөр сэдвээр хэрэлдэн нэгмөсөн муудалцах ч аюултай!

Уур бухимдлаа залуурдаж сурсан нь дээр
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.