Бид эрчүүдийг техникээс хавьгүй их “ашигладаг” байтал тэдний яаж “ажилладаг” тухай заавар хаана ч байхгүй, бид өөрсдөө л нэг бүрийн тухай шаггүй их цаг зарж мэдэж авах хэрэгтэй болдог шүү дээ.
Бид насан туршдаа л ааваасаа эхлээд өвөө, ах, дүү, хүү, ангийн хүүхэд, үерхдэг залуу, ажлын газрын түнш, хөрш айлын залуу, эр нөхөр, нууц амраг гээд эрчүүдтэй холбоотой байсаар дуусдаг. Ингэхдээ тэднийг ойлгож, харилцаж, асран халамжилж хайрлаж мөн тэднээс яг тийм хариу олох гэж хичээдэг. Хэрвээ чадвал эрчүүд гайхалтай хүмүүс, хамгийн дотны, сайн сайхан хүн маань байх бөгөөд бид тэдэнгүйгээр амьдарч чадахгүй гэж боддог. Харин ингэж чадахгүй болсон үедээ эрчүүд бол хамгийн хэцүү, хөгийн тэвчишгүй амьтад бөгөөд дахин тэдэнтэй хэзээ ч орооцолдохгүй байх юмсан гээд л бараг ам тангараг тавихаа шахдаг. Хэрвээ та эмэгтэй л хүн бол таны амьдралд хэзээ нэгэн цагт “Энэ залууг эргүүлээд үйлдвэр лүү буцаагаад өгөөч, энэ хэзээ ч “засрахгүй” юм байна” эсвэл “Энэ загвар нэгэнт хуучраад хэрэглээнээс гарчээ. Би яагаад ч үүнийг зохих ёсоор нь ажиллуулж чадахгүй юм байна” гэж бодох үе байсан л байгаа.Үнэнийг хэлэхэд эрчүүд гэдэг ойлгоход дэндүү амархан мэт боловч мөн тэр хэрээрээ хэцүү “техник” юм. Ерөнхийдөө та бүхэн эрчүүдтэй харилцах боломжтой хамгийн түгээмэл гурван төрлийн харилцаанаас өөрийн хүссэнээр сонголт хийж болно.
- 1. Та эрчүүдтэй өөрийг чинь галзууртал уурлуулсаны төлөө уурсаж, тэдэнд үглэн гомдоллосоор амьдарна. Энэ хэдэн цаг дотор зугаатай мэт боловч хэдэн жилийн дараагаас ямар ч сонирхолгүй, гоё сайхан зүйлгүй амьдрал болон хувирна.
- 2. Та эрчүүдээс бүрмөсөн татгалзаж харин томхон биетэй сагсгар үстэй, гоёмсог нохой худалдан авна. Энэ нь харьцангүй хямд, танаас харьцангүй бага хүч, боломж шаардах боловч харамсалтай нь тэр бүр таны хүссэн тайтгарал, тайвшрал, сэтгэл хангалуун байдлыг өгч чаддаггүй.
- 3. Та эр хүнтэй хамт амьдрах нь танд өөрт чинь таашаал, аз жаргал өгнө гэдгийг бүрэн мэдэрч, амьдралаас хүртэж чадах хэрээрээ сайхан амьдрахын тулд эрчүүдийн тухай бүх зүйлийг олж мэдэж тэднийг ойлгож, залж чаддаг болохыг хичээж болно.
Бүсгүйчүүд бидний өмнө үнэндээ ийм л гуравхан зам байдаг. Тиймээс хамгийн өндөр өртөгтэй, цаг зав шаарддаг ч бидэнд хамгийн их аз жаргал өгч болох нь гурав дахь сонголт учир би л лав энэ замыг сонгож аваад л чадахаасаа чадахгүйгээ хүртэл үзнэ. Та харин яах вэ?