Хаврын улирал цаанаа л нэг дулаан. Бүх зүйлс яг л дэлбээлж буй цэцэг мэт шинэхэн. Ийнхүү бодол болон алхалж явтал байшингийн булангаас “Эрхэм найз минь мөнгө хайрлаач” гэх 40 эргэм насны бүсгүйн хоолой сонстов. Эргэн харвал гуйлга гуйн суух бүсгүй яав ч биш. Улаан даашинз нь ягаахан хацартай нь гайхалтай хосолж, урт хар үс нь мөрийг нь даган намирах нь үнэхээр үзэсгэлэнтэй. Харамсалтай нь хорвоог харах үзэсгэлэнтэй мэлмий нь үл тодорно. Ийм учраас л ийн суугаа биз.
Би нэг их гуйлга гуйсан болгонд зоос харамгүй хайрладаг нигүүлсэнгүй нэгэн биш л дээ гэхдээ түүний зүгээс ямар нэгэн сонин увидас намайг татна. Урдаа ягаан цэцгээр ирмэгийг нь чимэглэсэн бор сагс тавин суугаа түүнд жаахан мөнгө хийнгээ хаана амьдардгийг нь асуувал надлуу даруухнаар мишээсхийгээд “Энүүхэнд гудамжаар уруудаад бий, найз минь чамд баярлалаа, чамайг бурхан ивээг, хайрыг зүрх сэтгэлээрээ мэдэрч дурлаарай” гэв.. Хэдэн сарын дараа хөрөнгиийн бирж орох санаатай явж байтал өнөөх бүсгүй мөн л сууж байв. Ажил ихтэй завгүй явж байсан ч мэнд мэдэхээр түүний зүг алхлав.
Дөхөн очвол өнөөх үгээ л давтан хэлнэ. Би түүнтэй урьд насандаа ямар нэгэн холбоотой байсан мэт их л дотно мэдрэмж мэдрэгдэнэ. Түүнийг оройн хоолонд урьж дотно яриа өрнүүлмээр санагдаж цаг товлов. Товлосон цагтаа бид уулзан бүх л үдшийн турш төгөлдөр хуурын уяангалаг аялгуунд амьдралын сайхныг ярилцаж өнгөрөөв. Өөдөөс минь харан суугаа бүсгүйд ямар ч залуу нүд унагахгүй байхын аргагүй сэтгэл татам бүсгүй. Нүүрэндээ инээмсэглэл тодруулан аядуухнаар “Чи хайртайгаа учирсан уу?” хэмээн бүсгүй асуув. Би ч удаан бодолгүй шуудхан л “Хнн үстэй толгойноос их ажилтай надад хүн хайрлах зав алга” гэж хэнэг ч үгүй хэлж дуусаагүй байтал тэр толгой сэгсрэн “Үгүйдээ найз минь хүн хайрлахад цаг зав хэрэггүй би чамд бяцхан түүх ярьж өгье” хэмээн мөрөө даган урсах үсээ илбэн хоолой засав. Би ч чихэр горьдсон хүүхэд шиг цомцойн суун бүх л анхаарлаа түүнд төвлөрүүлэв.
Бүсгүй: эрт урьд цагт нэгэн тосгонд эрчүүдийн харааг булаасан дур булаам нэгэн бүсгүй амьдарч байжээ. Талхчин залуу, тосгоны захирагчийн хүү, тариачин эр, шилийн сайн эр гээд цөм бүгд түүний санаанд үл нийцнэ. Хэт өндөр эсвэл намхан , бүдүүн, сэвхтэй аль эсвэл монхор хамартай гээд түүний сэтгэлд нийцэх хэн ч үгүй. Цэцгийн хүлэмжинд орвол зүйл зүйлийн тансаг ургамал байх ч шунаг сэтгэлдээ хөтлөгдөн эхнээс нь шилж сонгон тасдсаар тасдсаар… эцэс сүүлд нь хогийн ургамалтай тааралдаж түүнийг авахаас өөр арга байдаггүй шиг түүнд ч бас тийм зүйл тохиолдсон юм. Ямар нэгэн зүйл нь таалагдахгүй явсаар хожим нь гэр бүлтэй хүнд сэтгэл алдран цөхрөлийн намагт тийчлэх сонголтыг тэр хийсэн. Анхандаа бусад хосуудын адил бүхий л өдөр хоногийг хамтдаа өнгөрөөж цаг мөч бүхэн амттай байсан бол өдөр хоног өнгөрөхийн хирээр залуугийн жинхэнэ ааш араншин гарч сүүлдээ бүсгүйд бүр гар хүрч өвлийн хүйтэн жавраар хөөрхийг нүцгэн хөөж гаргадаг болов. Зүс царайнд дурлаж өнгө мөнгөнд хууртсанаа мэдэн харамссан ч цаг хугацааг ухраах боломжгүйг бүсгүй мэдэн гэмшинэ. Харин дараа нь хүүхэдтэй ганц бие нэгэн үлдсэн юм гэнэлээ.. гээд бүсгүй маань чимээгүй болох нь тэр. Би түүний нүднээс дуслах нулимсыг харан айх, гайхах давхцан сандарсандаа “Орой болж харих уу? Би чамайг дөхүүлээд өгье” гэхэд тэр юу ч дуугаралгүй толгой дохив. Гэрийнхээ гадаа иртлээ тэр надтай юу ч дуугарсангүй. Би түүнийг үүдэнд нь хүргэж өгөөд салах ёс гүйцэтгэв. Хариуд нь тэр надад “нүдээрээ биш зүрх сэтгэлээрээ дурласан хайр жинхэнэ хайр юм шүү хайр сэтгэл гэдэг жигүүрээ дэвэн нисэх шувуухайн адил тийм эмзэг яруу харин нэг шархалбал тэр чигтээ хоосон хөндий байшин адил цэвдэг хүйтэн харин зүрх сэтгэл мөнхөд бүхнээс илүү дүрэлзэх төдий чадалтай юм шүү” гээд хэсэг чимээгүй болсноо “мөнөөх түүх чинь нүгэл нь нүдээрээ гарч сохорч үлдсэн бүсгүйн түүх юм шүү дээ найз минь” гэхэд миний нүднээс том том нулимс бөмбөрөн урссаар байлаа…