Бүсгүй хүн бүр амьдралдаа санаанд оромгүй ихийг амжуулж байдаг. Хэрвээ өөрийгөө өрөвдөх биш хором бүр өөрийгөө дайчлан шинэ зүйлд тэмүүлж сурвал үүнээс ч илүүг амжуулж бүтээж чадна. Ихэнх эмэгтэй өөрийгөө өрөвдөх муу зуршилтай байдаг. Би ч Сараа шиг сайхан харагдаж чадахгүй дээ, цалин минь хүрэхгүй юм чинь. “Тэр надаас хамаагүй сайхан инээмсэглэдэг, тийм болохоор л залуус түүнд талтай байдаг юм, би дэндүү удаан бүтэлгүй болохоор гэрээ ч олигтой авч явж чадахгүй, ажил дээрээ ч ахиж дэвжихгүй юм, ийм бие галбир зүс царайтай болохоор яаж ч хичээгээд сайхан харагдахгүй” гэх мэт сөрөг бодлууд өөрийгөө өрөвдөх мянга мянган шалтгаан болдог. Харин үүний оронд би яавал дутагдалтай талаа нууж чадах вэ?, надад түүнээс илүү ямар давуу тал байна вэ гэж бодоорой. Тэр ч бүү хэл ямар үйл хөдлөл тань зохихыг өөрөөсөө эрж хайж болно шүү дээ. Ганцаараа байхдаа том толины өмнө зогсоод оролдоод үзээрэй. Зураг авхуулахдаа ч сайхан харагдах поз авч сурах хэрэгтэй. Орчин үеийн залуус дуу хоолойны өнгө, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нүүрний хувирал, биеийн хэлэмжиндээ ч анхаардаг болсныг санаарай. Би чадахгүй, би муухай гэж уруу дорой бодлоор тархиа цэнэглэж, хөгжиж дэвших хайран цагаа алдаж хэрхэвч болохгүй. Харин өөрийгөө шинээр нээж, сонирхох зүйл, хийж бүтээх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байгаарай гэгээлэг бүсгүй минь. Ямар ч хүн бодол төсөөлөл шигээ харагддагийг мартаж болохгүй. Цаг үргэлж өөрийгөө өрөвддөг хүн бусдад ч бас тийм л санагддаг.