Амьдрал дээр хурдан хөдөлгөөнтэй гялалзуур хүн хамаагүй их ажил амжуулдаг гэдэгтэй маргахын аргагүй. Харин хурдан шаламгай байхыг хичнээн хүссэн ч санаснаар нь болдоггүй хүмүүс олон бий. Ийм хүмүүс үргэлж л бусдаас хурдал, түргэл, амжуулаагүй юу гэх мэт таагүй үгс сонсдог. Хүсэл сэтгэлдээ олон ажил төлөвлөдөг ч төрөлхийн удаан хөдөлгөөнөөсөө шалтгаалаад амжихгүй байх нь бий. Санасан бодсоноо хийж амжихгүй байгаа даа бухимдах нь ч олон. Шаламгай хүний хагас цагийн дотор амжуулчих ажлыг цаг хийх жишээтэй. Тэднийг яаруулах тусам дорддог гэдгийг ихэнх хүн мэддэггүй. Удаан хүн хэт яарахаараа алдаж асгах, барьсан тавьснаа мартах, хөлсөө чийхартал тэвдэх, олон ажил зэрэгцүүлэх зэрэг зан авир гаргадаг. Хэрвээ бүсгүй та нэгэнт л удаан хөдөлгөөнтэй бол аливаа ажлыг ухаалгаар зохицуулж сурах хэрэгтэй.
Цагийн хувиартай ажиллах. Өглөө гэрийнхнээсээ түрүүлж босоорой. Цай ундыг нь бэлдэж тавьсны дараа сэрээж болно. Эмх цэгцгүй болсон зүйлийг тэр дор нь янзалаарай. Тэгэхгүй бол таны хийж амжуулах ажил ар араасаа овоорч эхэлдэг. Өглөө өмсөх хувцсаа урьд орой нь бэлдэж тавиарай. Ойрын өдрүүдэд тохиох баяр, тэмдэглэлт үйл явдал, уулзалт зэргийн талаар мэдээлэлтэй байх нь чухал. Хэд хоногийн өмнөөс бэлтгэж эхлэх нь таны удаан занг нуух сайн талтай. Зүгээр битгий суу. Өөрийгөө хэт ядраалгүй жижиг сажиг ажлаа амжуулж сураарай. Юуг ч болов хойшлуулахгүй байх нь таны ажлыг хөнгөвчилдгийг санаарай.