Эхнэр хүний амьдрал /Бурхны сургаалиас/

olloo_mn_1425704457_moi-600x334
1. Дөрвөн янзын эмэгтэйчүүд буй.
      Нэгдэх нь жижиг сажиг юмнаас болж уурладаг, олон ааштай, ховдог шунахай, бусдын аз жаргалд атаархаж, өглөг барьцыг үл дээдэлдэг бүлгээ.
        Хоёрдахь нь үе үе уурлаж уцаарладаг, олон ааштай,ховдог шунахай боловч бусдад атаархдаггүй, өглөг барьцанд гар татдаггүй бүлгээ.
      Гуравдахь нь уужим сэтгэлтэй, уурлаж уцаарлах нь бага, олон зангүй, хүслээ номхотгож чаддаг ч бусдад атаархах бөгөөд өглөг барьц үл барина.
     Дөрөвдэх нь уужим сэтгэлтэй, хэзээ ч уурладаггүй, хүслээ номхотгож чаддаг, үргэлж амгалан тайван, бусдад атаархдаггүй, өглөг барьж өргөдөг билээ.
    2. Залуухан бүсгүй хадамд гарахдаа дараах зүйлийг мартаж үл болно. Эр нөхрийнхөө эцэг, эхийг хүндэлж, тэдний төлөө зүтгэх хэрэгтэй. Эр нөхрийнх нь эцэг эх залуу хосын сайн сайхны төлөө сэтгэл тавьдаг, тэдний ухаантай өмгөөлөгч болох тул талархаж, тэдэнд баярласан сэтгэлээр үйлчилж, хэзээд туслахыг хичээх хэрэгтэй.
      Эр нөхрийн чинь багш түүнд ариун сургаалыг заадаг тул, авгай нь мөн адил нөхрийнхөө багшийг хүндлэн бишрэх ёстой. Учир нь хүн оюун ухааны багшгүй амьдарч чадахгуй. Нөхрийнхөө  ажлыг ойлгож, түүнд туслахын тулд эхнэр нь өөрөө сурч боловсорч, мэдлэгээ дээшлүүлэх ёстой. Нөхрийнхөө үйл хэрэгт харийн хүний хандаж буй мэт хайхрамжгүй  байж  үл болно. Эр нөхрийн чинь удирдлагад ажилладаг болон ажил төрлөөр уулзахаар ирсэн хүмүүсийн зан ааш, авьяас чадвар, таашаалыг мэдэхийг хичээж, тэдэнд сайн хандах хэрэгтэй. Нөхрийнхөө олсон орлогыг ариг гамтай зарцуул, өөртөө илүү мөнгө үрэх хэрэггүй.
    3.   Нөхөр, эхнэрийн харилцааг тав тухыг бодож тогтоогоогүй, мөн нэг гэрт амьдарч буй учраас ч тэгсэн юм бус. Ариун сургаалын дагуу тэд сэтгэлээ төгс төгөлдөр болгохыг хичээвэл зохино.
Цагтаа эвтэй найртай гэр бүлийн үлгэр жишээ болж байсан амраг хоёр нэгэнтээ Эрхэм дээд ариун явдалт багш дээр очиж, Түүнд хандаж хэлсэн нь “Эрхэм дээд ариун явдалт багш аа, бид багаасаа бие биеэ мэддэг байсан юм. Дараа нь насанд хүрээд гэр бүл болсон. Одоо болтол бид хоёрын толгойд нэгийгээ хуурах бодол ганц ч удаа орж ирээгүй юм. Бид энэ ертөнцөд амьдарч буй шигээ хойт насандаа  бие биенээ хайрлан халамжилж амьдармаар байна. Бидний энэхүү хүсэл биелж бүтэхэд юу хийх хэрэгтэйг хэлж өгнө үү?”. Эрхэм дээд ариун явдалт  багш хариулсан нь: “Тийм бол та хоёр нэг шашинд сүсэглэх хэрэгтэй. Сургаалыг хоёулаа дагаж, хамтдаа сэтгэлээ төгс төгөлдөр болгож, хамтдаа өргөл барьц өргөж, хамтдаа оюун ухааныг  олвол, та хоёр хойт насандаа ч нэгэн сэтгэлээр амьдарч  чадна”.
    4.   Анатхапиндада  хэмээх баян худалдаачны том хүүтэй суусан Сужата гэдэг  ихэмсэг зантай эмэгтэй байлаа. Тэрбээр хэнийг ч үл хүндлэх бөгөөд эцэг эх, эр нөхрийнхөө хэлснийг ч үл сонсох учир орон гэр нь үргэлж хэрүүл маргаантай байсан аж. Нэгэнтээ Эрхэм дээд ариун явдалт багш, баян худалдаачныд очоод гэр орон нь ямаршуухан байгааг харжээ. Тэрбээр залуухан эхнэр Сужатаг дуудаж хэлсэн нь:
“Сужата минь, энэ ертөнцөд  долоон янзын эхнэрүүд байдаг.
      Нэгдэх нь алуурчин, дээрэмчин лүгээ адил эхнэрүүд юм. Тэд муухай  сэтгэлтэй байдаг бөгөөд эр нөхрөө хүндэлж хайрладаггүй, хууран мэхэлж, эцэст нь өөр хар хүн дээр очдог.
     Хоёрдахь нь хулгайч лугаа адил эхнэрүүд. Тэд нөхрийнхөө ажил төрлийг ойлгодоггүй, нэр алдар хүссэн хүслээ хангаж, эрхлэхийг л боддог, өөрсдийгөө цатгахын тулд эр нөхрийнхөө орлогыг үрэн таран хийж эр нөхрөөсөө хулгай хийдэг юм.
    Гуравдахь нь эзэд лүгээ адил эхнэрүүд юм. Тэд гэрийн ажил хийхгүй, залхуу хойрго зантай, өөрсдийн хэрэгцээг хангахыг л бодож, хүн амьтантай бүдүүлэг харьцаж, нөхрөө үргэлж аашилж загнах бүлгээ.
     Дөрөвдөх нь эхчүүд лүгээ адил эхнэрүүд. Тэд нөхөртөө хайр халамжтай, хүүхэд шигээ халамжлан хамгаалж, олсон хураасанд нь ариг гамтай хандана.
   Тавдахь нь охин дүү нар лугаа адил эхнэрүүд . Тэд төлөв даруу зантай, сэтгэлээ барьж чаддаг, нөхөртөө үнэнч зүтгэж, эгч нартаа гаргадаг хайр халамжийг үзүүлж асарна.
    Зургаадахь нь анд найз нар лугаа адил эхнэрүүд. Тэд олон жилийн дараа эртний найзтайгаа таарсан юм шиг эр нөхөртөө үргэлж баярлан баясдаг. Тэд биеэ зөв авч явдаг, намуун зөөлөн ааштай, эр нөхрөө хүндэлнэ.
     Долоо дахь нь зарц лугаа адил эхнэрүүд. Тэд нөхөртөө үнэнч зүтгэж, түүнийг хүндэлдэг, хэлсэн бүхнийг нь үг дуугүй биелүүлж, уурлаж уцаарладаггүй, гомддоггүй бөгөөд эр нөхрөө жаргалтай байлгахын тулд бүхнийг хийдэг.
   “Сужата минь, чи эдгээр долоон төрлийн эхнэрийн алинтай адил болмоор байна?”. Үүнийг сонсоод Сужата ичиж, нүглээ наманчилан, зарц эмэгтэй лүгээ адил эхнэр болж, нөхөртөө бүх талаар туслан түүнтэй хамт Бурхан багшийн сургаалыг дагаж мөрдөхөө амласан аж.
     5.  Вайсали балгаст үүлэн борооны явдалд мэргэшсэн баян чинээлэг Амрапали хэмээх цуутай хүүхэн байжээ. Тэрбээр залуухан, үзэсгэлэнтэй янхан хүүхнүүдтэй байв. Нэг удаа тэрбээр сайн ном сургаал сонсохоор Бурхан багш дээр очжээ.
Сайваар ажирсан багш түүнд хэлсэн нь: “Амрапали минь, эмэгтэй хүний сэтгэл амгалан тайвнаа амархан алдаж, буруутах нь хялбар буй. Эмэгтэй хүн ховдог шунахай тул бусдад атаархаж, бусдаас харамлаж байдаг. Эрэгтэй хүнийг бодвол гэгээрэх замд нь саад бэрхшээл их учирна. Тиймээс энэ замаар явах нь эмэгтэй хүнд бүр хэцүү бүлгээ. Тэгээд ч нас залуу, өнгө зүсээр гоо сайхан бол улам хэцүү. Тэрбээр эд баялаг, хайр дурлалын уруу татахыг ялан дийлж энэ замаар явах ёстой юм. Амрапали минь, эмэгтэйчүүдийг уруу татан шуналыг нь бадрааж байдаг эд баялаг, хайр дурлал нь үүрдийн үнэт эрдэнэс бус аа. Мөнхийн эрдэнэ бол зөвхөн гэгээрэх зам мөр билээ. Хүчтэй чадалтай хүн өвчинд автаж сул дорой болдог, залуу хүн ч өтөлж хөгширдөг, амьдралд ч үргэлж үхэл заналхийлж буй. Заримдаа хайртай хүнээсээ хагацаж, үзэн яддаг нэгэнтэйгээ найрын ширээний ард суух ч буй, хүний хүсэл тэр болгон үл биелэх ч буй. Ертөнцийн журам л ийм юм даа. Эл учир хорвоод гагцхүү гэгээрэх зам мөр хүнийг сайн хамгаалж чадна. Гэгээрэхийг л яарах хэрэгтэй”. Амрапали энэхүү сургаалыг сонсод Бурхан багшийн шавь болж, лам хуврагуудад гоё сайхан цэцэрлэгээ өргөл болгожээ.
     6.  Гэгээрэх замд эрэгтэй, эмэгтэй хүний хооронд ялгаа үгүй. Эмэгтэй хүн гэгээрэхийг мөн адил хүсвэл тэрбээр гэгээрэх замыг дагаж мөрддөг болно.
Прасенажит буюу Гэгээнээ ялгуугч хааны охин, Айодхи хааны хатан Маллика гэгээрэх замыг дагаж  Чадагчийн эрхт багшийн сургаалд мөргөн залбирч, Түүний өмнө дараах арван тангараг өргөсөн юм.
“Бүхнийг айлдагч багш минь, өнөөдрөөс эхлээд гэгээртлээ би:
       Нэгдүгээрт, ариун сургаал зарлигийг зөрчихгүй.
       Хоёрдугаарт, би өөрөөсөө эх хүмүүст ихэмсэг зан гаргахгүй.
       Гуравдугаарт, хэнд ч уурлаж уцаарлахгуй.
       Дөрөвдүгээрт, бусдын зүс царай, эд юмсад атаархахгүй.
       Тавдугаарт, би бээр өөрийн сэтгэл, эд юмсыг хайрлан харамсахгүй.
     Зургадугаарт, би бээр өөртөө зориулж  эд юмс хадгалахгүй,  ядуу хүмүүсийг жаргалтай болгохын тулд юу байгаагаа тэдэнтэй хуваалцана.
      Долдугаарт, би бээр өргөл барьц  өргөж, бүх хүмүүстэй найрсаг харьцаж, бусдад тустай бүхнийг хийж, бусдын оронд өөрийгөө тавьж үзээд тэдний тухай бодох болно. Би бээр энэ бүхнийг өөрийн төлөө бус, харин бусдын төлөө, ямар ч ашиг хонжоо бодолгүй, далдын муу санааг агуулалгүй хийнэ.
    Наймдугаарт, хэрэв ганц биө хүн, шоронгийн хоригдол, өвчин эмгэгт нэрвэгдсэн, өөр өөр зовж зүдэрсэн хүмүүстэй учирвал тэдний зовлонг нимгэлэхийн тулд тэднийг аварна гэдэгтээ итгэн найдаж, үнэнийг хэлж сургана.
      Есдүгээрт, хэрэв амьд амьтныг барьсан хийгээд хорьсон хүнтэй таарвал, хууль журмыг зөрчиж буй хүнтэй учирвал, тэдний муу үйлийг таслахын тулд бүх хүчээ дайчилж залхаах ёстойг нь залхааж, зааж сургах ёстойд нь зааж сургана.
     Аравдугаарт, зөв сургаалыг мартсан хүн аливаа юманд нуугдмал буй үнэн зөв сургаалаас холдон хөндийрч, гэгээрлийн эрэгт хүрэхгүйг мэдэх учраас би бээр зөв сургаалыг сонсохоо хэзээ ч үл мартана.
    Түүгээр ч барахгүй, эдгээр зовж зүдэрсэн хүмүүсийг аврахын тулд би гурван зүйлийг хүснэм.
    Нэгдүгээрт, бүх хүмүүс амар амгаланг олохыг би хүсч байна. Энэхүү ариун хүслийн ачаар би, дараагийн төрөлдөө ямар ч маягаар амьдарсан, зөв сургаалын оюун ухаантай болно гэдэгт итгэнэ.
       Хоёрдугаарт, зөв сургаалын оюун ухаантай болмогц хүч чадлаа дайчлан бусад хүмүүст зааж сургана.
       Гуравдугаарт, зөв сургаалыг хамгаалахын тулд бие хийгээд амьдрал, бүх эд хөрөнгөө өгөхөд бэлэн байна”.
Гэр бүлийн жинхэнэ утга учир нь хамтдаа гэгээрэх  замд ороход оршино. Хэрэв эмэгтэй хүн энэхүү зам мөрийг дагаж,  Малликатай адил их эрмэлзлэлтэй байвал Бурхан багшийн агуу их шавь болж чадна.

Эхнэр хүний амьдрал /Бурхны сургаалиас/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.