О.Маралгоо: Намайг DJ гэхээр хүмүүс шоучин гэж боддог. Яг үнэндээ тийм биш…

Эрэгтэй DJ элбэг байдаг ч эмэгтэй нь ховор байдаг билээ. Тэр дундаа Монголд гарын таван хуруунд багтам л чадварлаг эмэгтэй DJ бий. Тэдний нэг болох О.Маралгоотой та бүхнийг танилцуулъя.

Тэрээр 2013 оноос хойш DJ хийн хөгжмийн салбарт үнэнч яваа бүсгүй юм.

YOLO: Та Монголын хамгийн анхны хип хоп эмэгтэй DJ шүү дээ. Анхны гараа хэрхэн эхэлж байсан бэ?
- Монголд 2013 онд эмэгтэй DJ ганц хоёр л байсан. Тэр DJ нар нь хаус жанраар тоглодог. Харин би MNG EVENT-ээс төрөн гарч хип хоп жанраар тоглож эхэлсэн. Монголд одоо бол хип хоп эмэгтэй DJ олон байдаг.

YOLO: Анх яагаад DJ болохоор шийдсэн бэ?
- Би анх бүжигчин болохыг хүсдэг байлаа. Бүжигчин болох сонирхолтой явж байтал ажлын санал ирсэн. Энэ ажлын санал маань бүжигчин биш DJ болох замыг маань нээсэн. Ингээд оролдоод үзье гэж бодоод сонирхон хичээллэж эхэлснээр DJ болсон доо.

YOLO: DJ гэхээр үзэсгэлэнтэй сайхан охид бүсгүйчүүд төсөөлөгддөг шүү дээ. Та ч тэдний нэг жишээ байна. Уншигч охидод маань гоо сайхныхаа нууцаас хуваалцаж зөвлөгөө өгөөч?
- Өсвөр насандаа би ч ялгаагүй насны онцлог гэх зүйлтэй тэмцэж байсан. Дух болон чамархай хэсгээр батга их гардаг байлаа. Хамгийн гол нь юм гараад байгаагийнх нь шалтгааныг олж тогтоох ёстой. Миний хувьд би ходоод өвчлөлттэй байсныг мэдэхгүй дандаа шөнө орой хоол иддэгээс болоод нүүрэн дээр юм их гардаг байсан. Яагаад гараад байгааг нь тогтоож, гам барьснаас хойш гарахаа больсон.

Бас орой болгон унтахаасаа өмнө залхууралгүйгээр нүүрээ цэвэрлэх хэрэгтэй. Би найзтайгаа хамтраад Batica.mn гоо сайхны сайт ажиллуулдаг. Тэр сайт дээрээ зөвөлгөө оруулж, LIVE хийдэг. Ер нь цэвэрлэгээ маш чухал. Бас ус сайн уух хэрэгтэй. Цай, кофе, ундаа биш усыг сайн ууж аль болох халуун ногоотой хоолоос татгалзвал зүгээр. Мөн сэтгэл санаа их тайван байх хэрэгтэй. Эмэгтэй хүн тайван байхгүй бол нүүр нь барзайгаад, арьсны өнгө нь харлаад эхэлдэг.

YOLO: Өнөөгийн охидын талаар таны бодол ямар байдаг вэ?
- Ерөнхийдөө бол 50:50  хувьтай. Би амралтын өдөр зохиогдсон Монгол дархлаа лекц хэлэлцүүлэгт зочин илтгэгчээр оролцсон. Тэнд очсон охидыг би бүгдийг нь өөртөө санаа тавьдаг, ирээдүйдээ анхаардаг сайн охид байна. Гэхдээ би хүрэлцэн  ирээгүй байгаа охидыг муу гэж байгаа юм биш, ирэхийг хүссэн зөндөө л хүүхдүүд байсан байх. Зарим охид хэтэрхий барууны хэв маягт уусч европжоод монгол гэсэн тодотголтой зүйлээс өөрийг хүсдэг болсон юм шиг. Зарим нь үнэ цэнээ алдаж эхэлж байна. Хэтэрхий ил задгай хувцаслаж, бусдад онцгой харагдах гэсэн биш тэнэг гэж тодорхойлогдож байна, юм уншихаа больчихсон. Хараалын үг их хэлнэ, хүмүүстэй бүдүүлэг харьцана. Аливаа зүйлийг хэрэглэж болно. Хэрэглэсэн ч түүнийгээ тааруулах хэрэгтэй.

Тэгэхэд олон хөвгүүд цуглуулж суучихаад орилж хашгирч байгаа гол хүн нь байх жишээтэй. Эмэгтэй хүн ийм болоод ирэхээрээ л эрэгтэй хүний хувьд үнэлүүлэх үнэлэмжээ алдаж эхэлдэг. Түүнийгээ дагаад өөрөө эвдэрч эхэлнэ. Тэр буруу замаар ороод байгаа охидод эерэгээр нөлөөлөхийн тулд өөрийн цахим хаягаа ашиглан нийтлэл оруулдаг.

YOLO: Тэгвэл эмэгтэй хүний үнэ цэн юундаа оршдог юм бол?
- Эмэгтэй хүний үнэ цэн ухаандаа оршино. Ухаантай эмэгтэй үнэ цэнтэй байдаг. Тэр ухааныг хэн ч булааж авч чадахгүй. Эмэгтэй хүн ухаантай байхад ямар ч эрэгтэй хүн дураараа тэрэнтэй харьцаж чаддаггүй. Эмэгтэй хүний үнэ цэн, ухаан гэдэг хоёр зүйл хоорондоо нягт холбоотой.

Үнэ цэнтэй эмэгтэй хүн ухаантай. Ухаантай эмэгтэй хүн үнэ цэнтэй. Мулгуу, юу ч хэлсэн ойлгодоггүй, атмаан гэж өөрийгөө бодчихсон охид байдаг. Тэд бол үнэ цэнгүй. Яагаад гэвэл тэд ухаан муутай.

YOLO: Фэйсбүүк дээрээ нийтлэл бичдэг гэлээ. Хамгийн сүүлийн нийтлэл тань юуны талаар, юуг хөндөж бичсэн нийтлэл байв?
- Би “Зөөхийтэй талх” гээд нэг групптэй л дээ. Тэр групп дээрээ би нийтлэлээ оруулсан. 25000 дагагч нартаа зориулаад оруулах нэг өөр, яг миний нийтлэлийг уншихыг хүссэн 120 хүндээ зориулаад нийтлэл оруулах өөр байдаг. Тэр 120 хүндээ илүү хүрдэг гэх юм уу даа. Би сүүлд Мома гээд охины тухай ном уншсан. Тэр ном намайг өөртэйгөө нэг сарын хугацаанд уясан. Яагаад гэвэл би их завгүй байлаа л даа. Гэхдээ номоо уншиж дуусгасан.  Уншиж дуусаад групп дээрээ нийтлэл бичсэн. Тэр номноос би нөхөрлөлийн үнэ цэн, цаг хугацаа хүний хувьд хэчнээн чухал байдгийг, эмэгтэй хүн ямар үнэ цэнтэй байхыг ойлгосон. Тэр тухайгаа нийтлэлдээ бичсэн.

YOLO: ”Зөөхийтэй талх” гэхээр их сонин сонсогдож байна. “Зөөхийтэй талх” гэж хэлэнгүүт шууд “Тарагтай боов” гэж санаанд орлоо. Яагаад ийм сонирхолтой нэр өгсөн юм?
- /инээв/. Би аз жаргалтай үедээ зөөхийтэй талх иддэг. Зөөхийтэй талхаа идээд номоо уншиж байхдаа би үнэхээр их бүр үгээр хэлэхийн аргагүй аз жаргалтай байдаг. Намайг номоо уншаад зөөхийтэй талх идэж байхад хэн ч саад болдоггүй. Манай гэрийнхэн намайг “Миний охин, миний дүү хөөрхөн шдээ” гээд л өхөөрддөг. Жаргалтай үедээ номоо уншаад, зөөхийтэй талхаа идэхэд надаас нийтлэлүүд гарч эхэлдэг. Би тэр группээ зүгээр л “Маралаагийн нийтлэлийн булан” ч гэдэг юм уу өөрөөр нэрлэж болох байсан. Гэхдээ аз жаргалыг надад зөөхийтэй талх өгдөг. Хамгийн гоё амттан. Амттай юм идэхийг хүсэхдээ би зөөхийтэй талх иддэг. Ингээд л энэ нэрийг өгсөн.

Зөөхийтэй талхаа идээд номоо уншиж байхдаа би үнэхээр их… бүр үгээр хэлэхийн аргагүй аз жаргалтай байдаг.

О.Маралгоо

YOLO: Ихэчлэн ямар төрлийн ном сонгож уншдаг вэ?
- Эртний Монгол хатдын түүхүүд, монголын зохиолчдын номыг их уншдаг. Гадаадын зохиол ер нь бол ховор уншсан. Монголын түүхийн тухай ном унших дуртай.

YOLO: Ном гэхээр надад их гоё санагддаг. Цүнхэндээ номгүй явах үедээ би өөрийгөө хамгийн ядуу хүн мэтээр төсөөлдөг. Таныг ном яг яаж өөрчилсөн гэж боддог вэ?
- Чиний хэлж байгаа яг үнэн. Намайг ном маш их төлөвшүүлсэн. Би бас л өсвөр насан дээр байсан. Тэр үедээ өөрөө өөртөө цаг гаргаж мэддэггүй байлаа. Тийм байхдаа ном барьж уншсан сурсан. Тэдгээр уншсан номнууд маань намайг бага багаар эмэгтэй хүн болгож төлөвшүүлсэн. Одоо чамтай энд ингээд ярилцаад сууж байна. Энд юу намайг хүргэсэн гэхээр ном л намайг хүргэсэн.

YOLO: Би саяхан нэг хүний нийтлэлийг уншсан. Түүн дээр “Одооны охид бүгдээрээ модель, DJ, шарсан төмс болцгоочихсон юм уу?” гэсэн байлаа. Таны хувьд сүүлийн үеийн эмэгтэй DJ нар хэр “чанартай” байна вэ?
- Би охидуудыгаа шүүгээд яахав дээ л гэж боддог. Гэхдээ би бодохдоо хэлбэр битгий хөөгөөсэй л гэж хүсдэг. Энэ чинь урлаг шүү дээ. Энийг  мэргэжлээ болгоод, урлагийн тогоонд хамт буцлаад явж байгаа хүмүүс байдаг. Тэгэхэд зарим хүмүүс нь  зүгээр DJ гэж зогсоод бусдын анхаарлыг татах зорилготой байх жишээний.

YOLO: Таны амьдралдаа баримталдаг зарчим чинь юу вэ?
- Зарчим бол өөрөө өөртөө бас ээждээ үнэнч байх. Ээж маань надад маш их итгэдэг. “Миний охин зөв зүйл хийж байгаа. Миний охин одоо гарч байгаа бол тэдэн цагаас орж ирнэ тэ” гээд ээж бүгдийг нь мэддэг. Тэр болгоных нь итгэлийг алдахгүйн тулд өнөөдөр би ганц ч удаа гэртээ согтууруулах ундаа хэрэглээд үнэртүүлээд орж байгаагүй. Миний амьдралдаа баримталдаг өөр дүрэм гээд л эрэгтэй хүний толгой руу цохихгүй. Эрэгтэй хүнийг хүндлэхгүй цохиод, алгадаад байдаг охид бий. Энэ мэтчилэн надад өөртөө тогтоосон зарчмууд байдаг.

Уншсан номнууд маань намайг бага багаар эмэгтэй хүн болгож төлөвшүүлсэн.

О.Маралгоо

YOLO: DJ гэхээр хүмүүс салан задгай, шоу цэнгээнд их дуртай гэж боддог. Ер нь тухайн хүнийхээ төлөвшлөөс л хамаарах байх тийм үү?
- Тийм, тэгэлгүй яахав. Гэхдээ яагаад  ингэж бодоход хүргэж байна вэ гэхээр шоуны амьдрал юм чинь тэгж л бодно. Байнга л архи дарсан дунд байгаа болохоор тэгж л ойлгоно. Намайг ч гэсэн “Маралаа үнэхээр шоучин охин” гээд л зарим нь ярьдаг. Гэхдээ бодит байдал дээр би архи ууж чаддаггүй нэгэн. Одоо бол гэхдээ энэ ойлголт байхаа больсон. Чи хэн байх вэ гэдэг өөрөөс чинь л шалтгаална. Чи салан задгай байгаад DJ хийгээд явах юм бол тэгж л харна.

YOLO: Тантай ярилцаад суухад үнэхээр сайхан байлаа. Энэ эерэг зөв бодолтой эгч маань залуу үедээ хандаж үг хэлэхгүй юу.
- Эерэг хандлагатай байцгаая. Тэгээд ном унш. Бүгдээрээ эерэг хандлагатай байж ном сэтгүүл юу байдаг юм өөрт хэрэгтэйг нь олоод унш. Хааяа ч гэсэн утаснаасаа холдоод номтой нөхөрлө л дөө. Сүлжээг нь хааж байгаад л нэг цаг ном унш. Тэр хугацаанд чи өөрөө өөртэйгөө хамт байж чадаж байгаа юм. Нэгхэн ном унших биш нэлээн хэдэн ном унш. Надад ном төлөвшлийг олгосон. Ном намайг аз жаргалтай байлгадаг. Ном бол миний нөхөр юм шиг л санагддаг. Ганцаараа байгаа ч гэсэн гэрээр дүүрэн ном байхад олуулаа байгаа юм шиг санагддаг.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Хааяа ч гэсэн утаснаасаа холдоод номтой нөхөрлө л дөө. Сүлжээг нь хааж байгаад л нэг цаг ном унш. Тэр хугацаанд чи өөрөө өөртэйгөө хамт байж чадна.

О.Маралгоо


 YOLO.mn

О.Маралгоо: Намайг DJ гэхээр хүмүүс шоучин гэж боддог. Яг үнэндээ тийм биш…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.