Рианна: Түүнд зодуулсныхаа дараа амьдралд минь дахиад ийм явдал битгий тохиолдоосой гэж залбирсан

67560_0

Дуучин Рианнагийн тоглосон “Мянган гаригийн хот ба Валериан” кино өнгөрсөн сард нээлтээ хийсэн билээ. Тэрбээр Алан Каррын шоунд оролцож бүтээсэн дүрийнхээ талаар болон Аланы асуултад хариулжээ.

-Рианна, сайн уу. Хаагуур юу хийгээд яваад байна даа?
-Намайг аялан тоглолт хийгээд дэлхийгээр “хэсч” явдгийг чи мэдэж л баймаар юм. Танай шоу нэвтрүүлэг хойшид ч гарах болсонд баяр хүргэе. Энэ нэвтрүүлгийг 2020 онд хүртэл явуулах гэрээ хийсэн гэж сонссон.
-Баярлалаа. Үнэнийг хэлэхэд, шинэ зүйл хайсаар байгаад заримдаа толгой өвдөх шиг болох юм.
-Ойлгож байна.
-Инстаграм, твиттерт та бусдын анхаарлыг татахгүй байхын аргагүй зурагнуудаа тавьсан байна. 2000 оны эхээр Барбадосын жирийн нэг жижигхэн охин гүйж явсан гэхэд итгэхэд хэцүү байна шүү?
-Үнэндээ би Барбадос арлаа одоо ч их санадаг. Харамсалтай нь, тэнд дандаа очоод байх зав олдохгүй юм. Төрсөн гэрээ, найз нөхдөө санадаг. Тэгэхэд бүх зүйл санамсаргүй болсон. Эхнэр нь Барбадост амьдардаг байсан продюссер Эван Рожер амрахаар манай арал дээр ирсэн юм. Тэр амралтынхаа үеэр дуу хөгжмийн бичлэг хийдэг байлаа. Найз минь намайг түүнтэй танилцуулж миний дуулахыг сонсгож, студид нь бичлэг хийлгэсэн. Продюссер миний дуулахыг сонсоод надад юу ч хэлээгүй.  Гэхдээ дараа нь миний дууны бичлэгийг холбогдох газруудад тараасан байсан. Хамгийн түрүүнд дуу бичлэгийн “Def Jam” компаниас хариу ирсэн. Ингээд Нью-Йорк явсан даа. Тэгэхэд реппер Жей Зи миний дуулахыг сонсоод “Охин минь бид “дуу”-тай гэрээ байгуулдаггүй. Жүжигчидтэй хэлэлцээ хийж тохиролцдог юм. Гэхдээ чиний хоолой бидний сонирхлыг татлаа” гэж хэлсэн. Би сандарч догдолсондоо болоод бараг гурав хоног унтаж чадаагүй.
-Чи 2005 онд “Pon de Replay” дууныхаа бичлэгийг гаргаж өөрийгөө дэлхий дахинд таниулсан. Карибын тэнгис орчмын арлынхны ер бусын хэмнэл, орчин үеийн поп хөгжмийн аялгуу тэр даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж чадсан. Дараа нь “Umbrella”,“Diamonds” гээд ар араасаа гарч ирсэн дуунууд бүгд л чиний “нэрийн хуудас” болсон. Хэн ч чамайг ингэж алдарших юм гэж санаагүй байх?
-Ийм амжилт олоход хэдэн арван жил шаардагдах үе ч байдаг. Мөн санамсаргүй гэнэт толгой эргэм амжилтад хүрэх ч тохиолдол байдаг. Надад “санамсаргүй амжилт” гэдэг нь илүү тохирох байх. Хэрэв миний тухай кино хийе гэвэл хоёр өөр жүжигчнийг тоглуулах хэрэг гарах байх. Нэг нь миний 17 настай байх үед тоглох. Өөртөө итгэл муутай, инээмтгий, туранхай даруухан охины дүрийг бүтээх. Нөгөө нь одоогийн миний дүрд тоглох хүчтэй зоримог хүн хэрэгтэй байх болов уу. Яагаад гэвэл, өнгөрсөн хугацаанд би маш их зүйл мэдэж авсан. Амьдралд минь олон сайхан үйл явдал тохиолоо. Мөн эргэж дурсмааргүй таагүй явдал ч зөндөө болж байлаа. Миний дүрийг бүтээх жүжигчин өндөр өсгийт өмсөж, архи ууж чаддаг байх хэрэгтэй.
-Тэгвэл хэзээ нэгэн цагт чиний тухай кино хийх бол найруулагчид нь энэ тухай хэлнэ ээ?
-Мартаж болдоггүй юм шүү.
-Чи найруулагч зохиолч Миранда Жулайтай ярилцахдаа “Амжилтандаа живэхгүй байхыг хүсч байна” гэж хэлсэн байсан?
-Үнэнийг хэлэхэд анх магтаал сонсоход таатай санагдаж байсан. Аажмаар энэ нь үгээр илэрхийлэхэд хэцүү нэг тийм сонин мэдрэмж төрүүлэх болсон. Амжилтын сайхан “амт”-тай зэрэгцэн айдас аюулыг мэдэрч хөл минь газраас хөндийрэх шиг болсон. Яагаад ч юм бэ, энэ бүхэн миний амжилтын эцсийн цэг байж магадгүй гэсэн бодол төрөх үе байдаг. Тийм болохоор амжилтаа тэмдэглэн баярлаж байхдаа ч дараа юу хийх вэ гэж бодож эхэлдэг. Амжилтандаа живэхийг хүсэхгүй байна.
-Ээж чинь чиний амжилтад хэрхэн ханддаг вэ?
-Ганц охиноо ганц ч таньдаг хүнгүй газар руу явуулах нь ээжид минь хэцүү санагдаж байсан нь мэдээж. Хэдийгээр би хоёр эрэгтэй дүүтэй ч ээж минь надад илүү их анхаарал тавьдаг байсан. Гэхдээ ээжийг минь зөвшөөрүүлж чадсан бурханд талархахаас өөр аргагүй. Би найман настай байхдаа толины өмнө зогсож байгаад дуулдаг байсан. Дунд сургуульд сурч байхдаа үеийнхээ охидтой хамтарч хөгжмийн хамтлаг байгуулж байлаа. Тийм болохоор ээж минь намайг дуу хөгжимд дуртай гэдгийг минь ойлгодог байсан. Тэгээд л миний хүслийг сөрөн зогсож чадаагүй байх. Ээж минь “Чи явж зорилгодоо хүрэхийг хичээ. Чамайг өөрийгөө хамгаалж явах чадвартай гэдэгтэй итгэж байна. Төрсөн гэрийн чинь хаалга чиний өмнө үргэлж нээлттэй байдаг гэдгийг мартаж болохгүй шүү” гэж захисан. Хожим ээж минь “Хамгийн гол нь чи амжилтад хүрч чадлаа шүү дээ” гэж хэлж байсан. Харин миний авахуулсан зурагнуудыг хараад толгойгоо сэгсэрч “Ингэх л ёстой юм байх даа” гэж байсныг санаж байна. Миний задгай зурагнууд түүнд таалагддаггүй байсан бололтой.
-Одоо хаана амьдарч байна. Таныг нэг газраа тогтмол байдаггүйг мэднэ. Аялан тоглолт, албан ажлаар байнга энэ тэнд явдаг?
-Уг нь надад Лос-Анжелос болон Нью-Йоркт байр бий л дээ. Гэхдээ би тэнд зөвхөн хонохын тулд очдог. Бас зочид буудалд, заримдаа найз нөхдийндөө ч хонох үе бий. Тэр ч байтугай автобусандаа хооллож, унтах үе гардаг. Аялан тоглолтоор байнга явдаг болохоор иймэрхүү л амьдрах юм даа.
-Тохилог сайхан байранд тухтай амьдрахыг хүсэхгүй байна уу?
-Тэгэлгүй яахав. Би 30 жилийн дараа өнгөрсөн амьдралаа эргэж хараад хүмүүсийг баярлуулахын тулд  чадах бүхнээ хийсэн. Харин миний хувийн амьдралд минь баярлаад байх зүйл алга гэж хэлэхийг хүсэхгүй байна. Тиймээс хожмын өдөр сэтгэл хангалуун байхын төлөө өнөөдөр юу хийх ёстой вэ гэдгээ хааяа боловч бодохыг хичээдэг. Юутай ч, гучин нас хүрэхээрээ амьдралынхаа хэв маягийг нэг эрэгцүүлж бодно. Тэгээд яахаа шийднэ.
-Чи хувь тавилан байдаг гэдэгт итгэдэг үү?
-Өмнө нь  итгэдэггүй байсан. Одоо бол  итгэдэг болсон.
-Крис Браунаас больсон уу… Дрейк та хоёр хамтдаа аялан тоглолтоор явах уу?
-Дрейктэй аялан тоглолтоор цуг явж байгаагүй. Тийм боломж олдвол дуртайяа явна. Крис Брауны тухайд гэвэл, нуулгүй хэлэхэд хувь тавилан биднийг учруулж, салгасан гэж боддог. Бид эхлээд сайн найзууд байсан, дараа нь дотноссон боловч бүтээгүй. “Грэмм”-ийн шагнал авахаар явж байх замдаа түүнд хүний өөдөөс харахын аргагүй болтлоо машин дотор түүнд зодуулсныхаа маргааш нь амьдралд минь дахиад ийм явдал битгий тохиолдоосой гэж бурханд залбирсан. Крис миний уран бүтээлд сайнаар нөлөөлсөн хүн гэдгийг үгүйсгэхгүй ч түүнийг уучилж чадаагүй.
-Уучлаарай, энэ талаар дахиж асуухгүй ээ?
-Зүгээр дээ. Энэ тухай надаас хүмүүс асууж, би хариулсаар байгаад дасчихаж дээ.
-Чи хүмүүсийн төлөө буяны үйлс их хийх юм. Барбадост хөхний хавдрын оношилгоо, эмчилгээний төв нээж, өвчтэй хүүхдэд туслах сан байгуулсан. Бас хүүхдүүдийг боловсролтой болгох зорилгоор тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа?
-Би багадаа телевизийн нэвтрүүлгээр нэг жижигхэн хүүхэд өвдчихсөн уйлж, гэрийнхэн нь мөнгө муутай учраас хүүхдээ сайн эмчлүүлж чадахгүй байгааг харсан юм. Тэгэхэд тэр хүүхдийг их өрөвдөж туслах юмсан гэж бодож байсан. Өвчтэй хүүхдэд туслах боломж надад дуучин болсны минь дараа олдож би сан байгуулсан. Сурах хүсэлтэй хүүхдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөр бий болгосон. Энэ бүхэн миний хүсэл мөрөөдлийн минь нэг хэсэг юм. Би багадаа мөнгөтэй болж хүүхдэд туслах юмсан гэж хүсдэг байлаа.  Надад аз таарч мөнгөтэй болж хүслээ гүйцэлдүүлэх боломж олдсон.
-Чиний  тоглосон найруулагч Люк Бессоны бүтээл “Мянган гаригийн хот ба Валериан” кино өнгөрсөн сард нээлтээ хийсэн. Бүтээсэн дүрийнхээ талаар сэтгэгдлээ хуваалцвал?
-“Мянган гаригийн хот ба Валериан” уран зөгнөлт кинонд “Bubble” гэх дүрийг бүтээсэн. “Bubble” бол бүх дүрд хувирч чаддаг хүмүүсээс огт өөр, бидний мэдэхгүй гариг ертөнцийн амьтан. Гэхдээ ямар ч хүний дүрд хувирах чадвартай,  өөрийн энэ байдалд сэтгэл хангалуун бус байдаг. Люк Бессон миний менежертэй холбогдож энэ кинонд тоглох санал тавьсан байсан.  Тэр надад ямар дүр бүтээх тухай ярьж өгч, маш олон зураг үзүүлсэн. Түүний ярьснаас харахад би өөрийн байнга хийдэг зүйлээ хийхэд л болох байсан.  Люктэй ажиллах үнэхээр сайхан байсан. Тэр үнэхээр гайхалтай.
-Дүрдээ хувирахын тулд хэр их өөрчлөгдсөн бэ?
-Мэдээж маш их өөрчлөгдсөн. Биеийн жин, үсний стиль гэх зэрэг өөрчлөгдөхөөс гадна өдөрт хэд хэдэн удаа нүүр будалт хийдэг байсан. Хэдийгээр туслах дүр ч гэсэн ганцхан дүр бүтээхэд маш нарийн олон зүйл хийх шаардлагатай болдогийг өөрийн биеэр мэдэрсэн.
-Кинонд нь тоглохоосоо өмнө Люк Бессоны шүтэн бишрэгч байсан уу?
-Мэдээж, хүн бүр түүний бүтээсэн кинонд  дуртай байдаг шүү дээ. Люк бол киноныхоо жижиг хэсэг бүрт анхаарч ажилладаг найруулагч. Тэр нүүр будалт, хувцаслалт зэрэгт хүртэл анхаарал хандуулдаг. Тэр маш их тэвчээртэй бас хөдөлмөрч. Нэг үгээр тодорхойлвол тэр үнэхээр “галзуу”.

Үндэсний шуудан сонин


Рианна: Түүнд зодуулсныхаа дараа амьдралд минь дахиад ийм явдал битгий тохиолдоосой гэж залбирсан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.