Г.Угалзцэцэг: Аппаратаа зараад уураг аваад уучихсан юм биш биз гэж найзууд маань шоолдог

Бодибилдинг, фитнессийн дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга Г.Угалзцэцэгтэй цөөн хором, сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэж байна.

Яагаад ч юм би таныг анхнаасаа тамирчин болохоор фитнесээр хичээллээгүй байх гэж боддог?

Тийм шүү. Суугаа ажил хийдэг болохоор жин нэлээд нэмсэн. Тэгээд л жингээ хасах зорилгоор фитнесст явж эхэлсэн. Яваандаа тэмцээнд оролцож болмоор санагдаж, бэлтгэлээ шаргуу хийх болсон. Хотын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод, ажлаа ерөнхийдөө орхисон доо (инээв)

Ямар ажил хийдэг байсан юм бэ? Ажлаасаа гарчихаад дан фитнессээр хичээллэхэд санхүүгийн хувьд асуудал үүсч байв уу?

Найзууд маань намайг “аппаратаа зараад уураг аваад уучихсан” гэж шоолдог. Ер нь үнэний ортой шүү. Эхэндээ тахианы чээж махаа ч авч чадахгүй, гэртээ байгаа үхрийн махаа тосгүй болтол нь чанаад л иддэг байлаа шүү дээ.

Тухайн үед нэг хүнтэй хамтарч зургийн студи ажиллуулдаг, зурагчин хийдэг байсан юм. Хоёулаа 50:50 хувиар мөнгө гаргаж студиэ байгуулсан болохоор өөрийн хувиа нөгөө хүндээ зараад л, зарсан мөнгөө уураг, фитнесстээ зарцуулаад л… (инээв)

Гэр бүлийн хүн тань их дэмждэг байж дээ? Одоо бол тэмцээн уралдаанд таны кремийг түрхээд, ар талыг тань хариуцаад явдаг гэж сонссон?

Нөхөр маань анх тэгтлээ ч дэмждэггүй байсан. Эмэгтэй хүн фитнесээр хичээллээд, бөөн булчин болно гээд ар гэрийнхэн ер нь дэмжээгүй. Яваандаа тэмцээн уралдаанд амжилттай оролцоод ирэхээр аяндаа дэмждэг болсон.

Одоо бол гэр бүлээрээ хичээллэж, фитнесс хоол иддэг. Охин маань сая фитнесс, бодибилдингийн анхны тэмцээндээ амжилттай оролцсон. Одоо 20 настай.

Нөхөр маань зураач мэрэгжилтэй хүн. Тэр утгаараа кремийг минь түрхэж, ер нь бүхий л талаар дэмждэг. Манай холбоонд харьяалагдаж, тэгтлээ мөнгөөр туслаад байхгүй ч бүхий л боломжоороо дэмжиж явдаг даа. Спортын энэ төрлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар хичээж явна.

Та түрүүнд жин нэмээд фитнесст явж эхэлсэн гэж хэллээ. Хэдэн кг хүрсэн юм бэ, сонин байна?

Би ахлах сургуулийн сурагч байхдаа нэлээд махлаг охин байсан. Тэгээд хоолны дэглэм барьж, жингээ хассан. Хоолоо сойхоор жин хасдаг ч царай ядарсан, цонхийсон харагдаж, эргэж таргалахдаа гэдэс хэвлий хэсгээр нэлээд таргалдаг. Тиймээс хоол сойж биш хөдөлгөөн дасгалаар жингээ хасах нь зөв.

Тухайн үед би тэгтлээ ч их жин нэмээгүй. Ерөнхийдөө суугаа ажилтай холбоотойгоор бие хөшсөн, чилсэн байдалтай байсан. Тэгээд л фитнесст бүртгүүлсэн юм.

Одоо би магадгүй фитнессээр хичээллэж эхлэхээс өмнөх үеийн биеийн жингээсээ илүү жинтэй байгаа байх. Гэхдээ булчингийн хэмжээ, биеийн профорци маань зөв болсон.

Сүүлийн үед таргалалт ихсэж байна. Ер нь ихэнх эмэгтэйчүүд жингээ хасах хүсэлтэй явах юм. Тэр хэрээр тураах бүтээгдэхүүн, хагалгааны аргуудыг хэрэглэх нь ч байна.

Шинжлэх ухаан хөгжсөн өнөө үед янз бүрийн арга гарсан байхыг би үгүйсгэхгүй. Гэхдээ хамгийн эрүүлээр, өөрт ямар ч хохиролгүйгээр жингээ хасах арга бол дасгал хөдөлгөөн. Наанадаж л эдийн засгийн хувьд хэмнэлттэй шүү дээ.

Гэртээ хүүхдээ хараад суудаг ээжүүд, санхүүгийн асуудал, цаг заваас шалтгаалаад төдийлөн хүн бүр фитнесст явж чадахгүй байх шиг байна. Гэрийн нөхцөлд дасгал хөдөлгөөн хийгээд жингээ хасах, барих боломжтой юу?

Бололгүй яахав. Гэхдээ дасгалаа зөв хийх, ямар дасгалыг сонгож хийх нь маш чухал. Гэрийн нөхцөлд дур мэдэн дасгал хийж аль нэг булчингаа буруу хөгжүүлэх тохиолдлууд ч бий. Тиймээс ямар ч байсан жимд явж, дасгалуудаа багшаар заалгах нь дээр. Тэгээд өөрт ямар дасгал хэрэгтэйг мэдсэнийхээ дараа гэртээ хийж болно шүү дээ.

Фитнессээ сонгохдоо гэртээ хамгийн ойрыг сонго. Үнэтэйдээ гол нь биш. Боломжийн үнэтэй сайн багштай фитнессүүд олон бий.

Таны хувьд “Улаанбаатар фитнесс”-ийн багшаар ажилладаг. Таниар дасгал хөдөлгөөн заалгадаг олон хүмүүсээс гадна энэ спортоор хичээлэх гарын шавь бий юу?

Хоёр сайхан шавьтай болсон. Эд маань эхнээсээ тэмцээн уралдаанд амжилттай оролцоод явж байна. Удахгүй фитнесс, бодибилденгийн УАШТ, ДАШТ-үүд болно.

ДАШТ манай улсад зохиогдох юм байна. Энэ талаар?

Ирэх аравдугаар сарын 2-9-ний өдрүүдэд фитнесс, бодибилденгийн ДАШТ манай улсад болно. 60 гаруй орны 500 гаруй тамирчид оролцохоор мэдэгдээд байгаа.

Энэ тэмцээнд оролцох эрх олгох тэмцээн буюу УАШТ удахгүй болно. Уг тэмцээний эхний гурван байрт орсон тамирчид ДАШТ-д орох эрхтэй болох юм. Эх орон маань болж байгаа тэмцээн гэдэг утгаараа зардал мөнгө гарахгүй тул аль болох олон тамирчдаа оролцуулах боломжтой болж байгаа.

Цаг гарган чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа. Танд болон шавь нарт тань өндөр амжилт хүсье.

Маш их баярлалаа. Үзэгчдийгээ бас олуулаа ирж, монголынхоо тамирчдыг дэмжээрэй гэж хүсье.

Time.mn


Г.Угалзцэцэг: Аппаратаа зараад уураг аваад уучихсан юм биш биз гэж найзууд маань шоолдог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.