Хангалттай мөнгө хадгалж, бас өөрийгөө хэний ч өмнө толгой гудайхааргүй боловсролтой ухаалаг болгоно гэдэг мэдээж тийм ч амар ажил биш ээ. Үүнийхээ хажуугаар хүүхдээ өсгөж, гэр бүлдээ анхаарал тавьж амжилттай эмэгтэй болно гэдэг үнэхээр хэцүү. Тийм ээ, таны бодож байгаа үнэн. Гэхдээ үүнийг яг одоо март.
Танд энэ бүхэн боломжгүй мэт санагдаж болох юм. Хүүхдүүдэд тань өмсөх хувцас, идэх хоол, бас байрны түрээс, лизинг төлөх хэрэгтэй байхад ямар заваар нь баян болох вэ гэж асуух гэж байна уу. Энэ бүхэн эргээд л асар их мөнгө шаардах учраас бараг л бүтэшгүй санаа шиг харагдаж байна уу. Гэхдээ та санхүүгээ нарийн цэгцлээд томруулдаг шилээр харвал таны үлдээсэн, бас анзааралгүй хаясан асар их мөнгө, цаг зав зүгээр л салхинд хийсч байдгийг ойлгох болно.
Өөрийнхөө хүчийг мэдэр
Эмэгтэйчүүд бол өөрсдийнхөө мэддэгээс хэд дахин илүүтэйгээр санхүүгийн хариуцлагатай байж чаддаг гайхалтай хүмүүс. Тиймээс ч эмэгтэйчүүдийг хариуцлагатай албанд томилох үзэгдэл орчин цагийн шинэ тренд болоод байна. Тэтгэвэр, онлайн трейдингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Fidelity санхүүгийн байгууллагын судалгаагаар 2020 он гэхэд эмэгтэйчүүд улс орнуудын баялгийн гуравны хоёрыг удирдах нь. Тэгвэл улс орнуудын олон нийтийн хандлага, нийгмийн асуудлыг судалдаг Pew Research Center байгууллагын мэдээлж буйгаар хүүхэдтэй 10 гэр бүл тутмын дөрвийг нь ээжүүд тэжээж байна. Үйлдвэрлэлийн салбарт өмнө нь зөвхөн эрчүүдийг түлхүү ажиллуулдаг байсан бол одоо эмэгтэйчүүдийн хариуцлагатай, хянамгай байдал, сахилга баттай чанарыг нь үнэлж ихэнхдээ удирдах албан тушаалд томилох болжээ. Эндээс харахад бидний олонх нь үнэхээр хүчирхэг, санхүүгийн бат цайзыг бий болгож чадах агуу хүмүүс аж.
Тиймээс яг одоо өөрийгөө санхүүгийн талбар дээр хоёрдугаарт тавихаа болих цаг ирээд байна. Одооноос эхлээд өөрийгөө зүгээр л гэрийн мухар сахьдаг, хүүхэд асардаг, хүүхэд өсгөдөг эмэгтэй гэсэн хязгаарлагдмал төсөөллөөсөө салцгаая. Бас хэн ч биднийг тэгж хэлэх эрхгүй бөгөөд бид хүчээ бүрэн дүүрэн ашиглах цаг ирээд байна.
Том зургаар нь хар
“Smart mom rich mom” номын зохиолч Кимберли Палмер “Мөнгийг яг л ээж шиг хадгалж, бас ээж шиг зарцуул” гэж тэмдэглэсэн байдаг. Энэ бол санхүүгийн сахилга батыг дээшлүүлж, мөнгийг олж бас үрж сурах хамгийн ухаалаг арга. Ээжүүд хэзээ ч үр хүүхдүүдээ хоосон нойтон байгаасай гэж хүсдэггүй болохоор мөнгийг хамгийн найдвартай хадгалж, хамгийн найдвартай өсгөж чаддаг.
Тиймээс ямар нэгэн зүйл хийх гэж байгаа бол бүгдийг том зургаар нь хар. Ямар нэгэн зүйл худалдан авах гэж байгаа бол түүнийг юунд зарцуулах, яаж хийх, авсны дараа ямар үр ашигтай вэ гэдгийг нь том зургаар нь хар. Палмерийн танд өгч буй зөвлөгөө бол сар бүрийн зарлагаа өмнөх сард нь төлөвлөх, түүнээсээ давсан мөнгийг хадгаламжинд хадгалж занших юм. Түүнчлэн аливаа зүйлийг худалдан авахдаа хямдыг нь гэж чанар муутай юм аваад хоёр дахин худалдан авалт бүү хийгээрэй. Учир нь чанар муутай хямд зүйлийг та заавал дараа дахин худалдаж авахаас аргагүйд хүрдэг. Тэрний оронд төлөвлөж байгаад сайн чанартай зүйлийг авах нь урт хугацаандаа эдэлгээ сайтай байх болно.
Зорилгоо тодорхойл
Ер нь ихэнх бүсгүйчүүд хүүхэд төрүүлээд хэсэг хугацаанд гэртээ суухдаа мөнгөгүйн зовлонг амслаа гэж их ярьдаг. Тэгвэл Палмер танд “Би анхны хүүхдээ төрүүлээд жирэмсний амралтаа аваад байхдаа өөрийгөө яг л босс шиг төсөөлдөг байлаа” гэжээ. Ингэснээр та олон зүйлд санаа зовохоо больж, мөнгийг ч хамаа замбараагүй үрэхээ болино. Та гэр гэдэг компанийн захирал. Бас өөрийнхөө захирал. Та үргэлж үзэсгэлэнтэй сайхан харагдаж, гэр орон чинь эмх цэгцтэй, цэвэрхэн сайхан байх учиртай. Харин ингэхийн тулд хэтэвчинд байгаа бүх мөнгийг үрж болохгүй. Харин зөв зарцуулалт хийж цаашид өсгөх учиртай.
Төрөлт гэдэг бол эмэгтэй хүний амьдралын хэсэг хугацааг л авдаг. Харин түүнээс цааш та амьдарна гэдгээ ухамсарлах учиртай. Та өөрийн карьераа хөөж, өөрөөрөө бахархаж, түүгээрээ дамжуулан үр хүүхдээ хангалттай сайхан хайрлаж, сайн хань, сайхан бүсгүй байх ёстой.
Бие даасан байдлаа бий болго
Та яг одооноос өөрийн санхүүгээ судал. Бид ямар ч тохиолдолд өөрсдийгөө аваад явах хүч чадалтай байж чадвал санхүүгийн хувьд хэнээс ч хараат бус амьдарч чадна. Өнөөдөр зөвхөн нөхөртөө найдаад суух биш, нөхөр байсан байгаагүй та бие даасан эмэгтэй байх ёстой. Тиймээс л яг одооноос долоо хоногийн хүнсээ цуглуулахдаа ч мөнгөө хэрхэн ухаалаг зөв зарцуулах талаар хэдхэн минут эргэцүүлээрэй.
Санхүүдээ сахилга баттай болоод ирэхэд таны амьдрал таны төсөөлснөөс ч илүү хялбар болж, мөнгийг хурааж, хуримтлуулж болдог гэдгийг та ухаарах болно.