Чамайг мэдэж байна л даа. Хайртай хүнийхээ өвөрт дулаацаж, даарсан гараа атганд нь дулаацуулж, шөнийн оддыг хамтдаа харж элдэв мөрөөдөл ярилцан суух романтик болзоог юу юунаас илүү хүсч байгааг чинь…
Гэхдээ яг одоо хайрын тухай сэдвийг түр хойш нь тавья. Хэн нэгэнтэй өглөөг хамт угтах тэр нэгэн өдрийг яг өнөөдөр, эсвэл маргааш байлгах гэж яарахаасаа өмнө чи нэг зүйлийг мэдэх ёстой.
Дотоод сэтгэлийн чинь аврал нэхэн шаналах орилооныг анагааж чадах цорын ганц хүн бол чи өөрөө. Чи бол өөрийнхөө хамгийн сайн найз, хамгийн сайн зөвлөгч.
Үнэндээ амьдралын чинь нэг хэсэг болох ёстой ханхүүгээ олох нь чиний амь амьдралын хамгийн чухал хэсэг биш ээ. Харин хорвоогийн түмэн нугачаан дундаас өөрийгөө эрж хайж олж авч чадна гэдэг чиний энэ ертөнцөд төрсөн утга учир чинь юм.
Чамайг юу аз жаргалтай болгож, юу сэтгэлийн чинь галыг бадраана вэ. Юу чиний зүрхний гүн дэх гэгээн сайхан бүхнийг нарны алтан цацраг шиг сэрээн сэргээж чаддаг юм бол… Юу чиний итгэл үнэмшлийг нэгэн зүгт чиглүүлж, чамайг үүрийн 3 цагаас сэрээж, үүрийн таван жингээр ч тэсгэл алдахааргүй аз жаргалтай байлгаж чадах вэ. Өөрийгөө үгүйсгэж, өөрийгөө бусдаас дор гэж боддог байсан ухамсаргүй, увайгүй бодлуудыг чинь юу үлдэн хөөж, чамайг амьдралын чинь хан оргилд тэмүүлэх сэтгэлийн хураар тэтгэнэ вэ.
Яагаад өдөр бүр толинд ганцаардмал, бас гунигтай охины дүр төрх өөдөөс чинь ширтдэг юм бол… Тэр чухам юу хүсээд ийнхүү сэтгэлдээ даарч яваа юм бол. Тэр яг юуг орхигдуулаад байна вэ. Тэр ямар байсан бол сэтгэл тэнэгэр инээмсэглэж, юунд ч үл хязгаарлагдан баясах бол. Дотоод сэтгэлийн чинь аврал нэхэн шаналах орилооныг анагааж чадах цорын ганц хүн бол чи өөрөө. Чи бол өөрийнхөө хамгийн сайн найз, хамгийн сайн зөвлөгч. Тийм л учраас чи яг одоо өөрийнхөө эрэлд гарах ёстой. Чиний жинхэнэ өөрийн чинь дотор шаналлыг анагаагч ундаа бий. Бас өөртөө итгэж, итгэлийнхээ хүчээр амьдралынхаа хамгийн сайхан бүхнийг сүндэрлүүлэх бахархам гайхамшигт хүч чиний жинхэнэ өөрийн чинь дотор л бий
Борооны дараах зөөлөн чийгний яруу сайхан үнэр, зүлгэн дээр тогтсон шүүдрийн дуслууд, уулсын дээгүүр суунагласан манан будан, үлгэрийн юм шиг амар тайван хаалганы чинь гадаа бий.
Юу чамайг өнөөдрийг хүртэл ийнхүү өвтгөж, ийнхүү шархлуулсан юм бол. Чамайг өдий болтол өвтгөж, хөдлөх тоолонд чинь шарх нэмж байгаа тэр өргөсийг яг одоо хайж ол. Яг одоо эрвээхэй шиг далавчаа дэлгэ, бүсгүй минь. Хайрцагнаасаа толгойгоо цухуйлгаж, амьдралын амтыг мэдэр. Борооны дараах зөөлөн чийгний яруу сайхан үнэр, зүлгэн дээр тогтсон шүүдрийн дуслууд, уулсын дээгүүр суунагласан манан будан, үлгэрийн юм шиг амар тайван хаалганы чинь гадаа бий. Гуниг, харууслын торыг тас татан унагаж, хаалгаа томоос том дэлгээд амьдралын яг энэ гайхамшигт өнгө, яруу тансаг бүхнийг мэдэр.
Өөрөө өөрийгөө хайж ол. Юу хүсч байгаагаа мэдэр. Яагаад гэвэл энэ эх толгой нь олдохгүй эмх замбараагүй орчлон дээр ганцхан чи л өөрийн чинь дээгүүр бүрхсэн аалзны тор шиг шаналлын хүлээсийг тас татан урж чадна.
Чи энэ орчлонгоос чухам юуг хүртэх гэж төрсөн юм бэ. Залуу халуун насаа уйтгар гунигаар хүлж, салхинд хийсэх хамхуул шиг ертөнцийн тоосонд дарагдах гэж төрсөн юм гэж үү.
Үгүй бол чи өөрийгөө олж чадсан, амьдралынхаа оргилыг бүтээж чадсан тэр гайхамшигт хүмүүсийн хажууд насан туршдаа толгой гудайлган алхаж, амьдралын ёроолоос гарч чадахгүй.
Хэнээс ч битгий ай. Гэнэт гэнэт дотор чинь хор мэт дүрэлздэг чамайг хэн ч биш гэж итгүүлэх гэж оролддог атгаг бодлуудаас ч битгий ай, тэднийг бүү сонс. Тэд бол хорвоогийн түмэн тоос дундаас боссон тархины бохирдол. Үүнийг үл тоож, оюун санаанаасаа арчиж хаяж чадсан цагт л чи жинхэнэ өөрийгөө нээж чадна. Үгүй бол чи өөрийгөө олж чадсан, амьдралынхаа оргилыг бүтээж чадсан тэр гайхамшигт хүмүүсийн хажууд насан туршдаа толгой гудайлган алхаж, амьдралын ёроолоос гарч чадахгүй.
Чи л мэдэхгүй болохоос чи өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг амьдралын тоосон дунд нуучихсан яваа юм шүү дээ. Үнэн гэдэг зүйлийг өдөөж өгвөл өөрийгөө олж авах хүч чинь болох болно. Чи өөрөө тэр үнэн нь юм шүү дээ. Чи өөрийнхөө боддогоос хэд дахин илүү чадал тэнхээтэй гайхамшигт бүсгүй. Чи амьдралын сөргүүлж тавьсан асуудал бүхнийг ядах юмгүй туучаад даваад гарч чадна. Энэ бол чиний хайгаад байгаа тэр үнэн. Үнэн үргэлж бүхнээс хүчтэй байдаг юм.
Эр хүний эрэлд гарч, дулаан энгэрт нь наалдан уйтгар гунигаа хуваалцвал л хамаг асуудал шийдэгдэнэ гэсэн хачин өрөөсгөл бодлуудаа яг одоо таягдан хаяарай. Чи өөрийгөө олоогүй цагт хэзээ ч зөвхөн чамд тохирох жинхэнэ эр хүнийг олж чадахгүй.