1. Чи бүх зүйлтэй тооцоо бодох гэж зүтгэдэг
Хажуугаар чинь өнгөрсөн машины жолооч дохио өгөөгүйн төлөө, эсвэл найз чинь хариу зурвас илгээгээгүйн төлөө, хамт ажилладаг хүн чинь чамайг орхиод үдийн цайндаа явчихсных нь төлөө чи олон юм боддог уу. Ийм тохиолдол бүрт хүн бүр нэгэндээ гомдож тунирхаад байвал амьдрал өнөөдрийнх шиг ийм сайхан байх байсан гэж үү. Хүнийг заавал өөрийнхөөрөө байлгах гэж тэдэнтэй тооцоо бодох цагаа хүлээн гомдол тээж амьдрах огт хэрэггүй гэдгийг хэлье. Үүний оронд “Өө тэгээ юу, за яахав дээ дараа болно биз дээ” гэж уужимхан хандаж сурвал зүгээрсэн.
Яагаад гэвэл аз жаргалтай хүмүүс амьдралд тохиолдсон бүх зүйлд гомдоллодоггүй юм. Тэд асуудал бүрийг өөртөө гүн гүнзгий хүлээж авдаггүй. Тэд бусдыг өөрийнхөөрөө байлгах гэж оролдохын оронд зүгээр жамаар нь орхих нь илүү дээр гэдгийг мэддэг юм шүү дээ.
2. Чи бол өөрийнхөө амьдралын гол дүр
Чиний эргэн тойронд орчлон ертөнц эргэлдэж байдаг юм. Энэ бүхний дүнд чи өөрийнхөө хурааж хуримтлуулсан туршлага, цаг хугацаа бүрийнхээ төв нь болж хувирдаг.
Өөрөөр хэлбэл, чи бол өөрийнхөө амьдралын гол дүр нь. Чи энэ амьдралынхаа зохиолыг бичиж байгаа хүн нь. Чи өөрийнхөө амьдрал гээч энэ киноны өрнөл, тайлал нь хэрхэн гарч ирэхийг маш сайн мэдэж байгаа. Бас чи үүнийг хэрхэн төгсгөхөө хүртэл хэнээс ч илүү мэднэ.
Харамсалтай нь, чи энэхүү зохиолоо өөр хэн нэгэнд өгөхөө мартчихаж. Үр дүнд нь хүмүүс чиний амьдралын энэхүү зохиолд ямар дүр бүтээхээ мэдэхгүй учраас чамд хэрэгтэй цагт чинь тусалж чадахгүй. Чи тэдэнтэй бодол санаагаа хуваалцахгүй байгаа болохоор тэд чамд ч бас тэгж л хандана. Ингээд л амьдрал яагаад ч юм буруудаад байдаг шалтгаан энэ.
Үүний оронд нэгэнт бичсэн зохиолоо бусадтай хуваалцаж сур. Тэднийг амьдралдаа оруул. Хамтдаа аз жаргалыг бүтээ.
3. Чи сүйрэл рүү яардаг
Сөрөг зүйл зөвхөн сөрөг зүйлээ урин даллаж, дууддаг. Ингэснээрээ аз жаргалыг үгүй хийх хангалттай шалтгаан болдог. Чи сөрөг хандлагыг өөртөө бий болгосоор байвал нэг л өдөр нуур цөөрөм шиг болоод чамайг живүүлэх болно шүү.
4. Чи дэмий горьдлого, найдлага тавьдаг
Үнэндээ чиний дутагдаад байгаа, гачигдаад байгаа зүйлийг гэр бүлийнхэн чинь, найзууд чинь чамайг хэлэхээс нааш мэдэж чадахгүй шүү дээ. Тэд чамайг хараад л хүсэл эрмэлзлийг чинь “уншиж” чадахгүй.
Найз залуу чинь чамтай анх танилцсан өдрийнхөө ойг мартчихсан уу? Найз охин чинь залгана гэсэн цагтаа утастаагүй юу? Хамтдаа шивээс хийлгэнэ гэсэн найз чинь төлөвлөгөөгөө өөрчилсөн үү?
Биелээгүй горьдлого, найдлагууд бидний амьдралын аз жаргалгүй өдрүүдийн үндсийг тавьдаг. Тиймээс яг одооноос хэнээс ч, юунаас ч ихийг хүлээхээ боль. Болж өгвөл хэнээс ч юу ч битгий хүлээ. Хэнд ч бүү найд.
5. Чи мэргэч, төлөгч дээр л очихгүй бол асуудлаа шийдэж чаддаггүй
Миний нэг найз шийдвэр гаргахдаа заавал хэн нэгэнтэй ярилцахгүй л бол шийдэж чаддаггүй. Магадгүй тэр бурхны ямар нэгэн дохиог хүлээдэг ч байж болох л юм. Тэр ямар нэгэн зүйл шийдэх гэж байгаа бол байнга зурхай унших, эсвэл мэргэн түргэн гэсэн хүн дээр очихгүй л бол байж сууж чаддаггүй. Үүгээрээ тэр өөрийгөө маш түвэгтэй байдалд оруулаад зогсохгүй, тэрэн дундаа төөрөлдөж, сүүлдээ цөхрөнгөө барахтай нь би нэг биш удаа таарч л явлаа. Харин миний хувьд энэ бүхнийг үнэндээ эсэргүүцдэг. Ямар нэг зүйл шийдэх гэж байгаа бол түүнийг заавал өөрийнхөө бүх амьдралд хамаатуулж, хэтэрхий ач холбогдол өгч, ирээдүйг таах гэж өөрийгөө зовоох дургүй. Үүний оронд яг одоо төрж байгаа мэдрэмжээ дагаад зөв гэсэн зүйлээ сонгох нь хамаагүй дээр. Энэ бол амьдрал. Амьдрал бол яг одоо цаг.
6. Чи эрсдэлийг хүлээж авч чаддаггүй
Чамд хэрэгтэй чухал үгс юу гээч: Зоригтой амьдар. Амьдрал хором бүртээ чамд асар их эрсдэл бүхий сонголтуудыг санал болгож, чи ч түүнийг хүлээн авч, зохицуулж, урд хойно нь оруулж байж эрсдэлийг амжилт болгон хувиргах ёстой. Чи маш их зүйлээ ч алдаж болно. Гэхдээ энэ бүхнийг бүгдийг нь чи хүлээн авч чадсан бол амьдралынхаа сүүлчийн өдөр өөртөө үнэхээр их талархах болно.
7. Чи амьдралаа байнга бусдынхтай харьцуулдаг
Хэдэн жилийн өмнө би хотын төвд нэгэн сайхан үдэшлэгт уригдсан юм. Салахын аргагүй сайхан дарс, жазз хөгжмийн тансаг аялгуу, амтат сэндвич гээд бүх л юм гайхалтай байлаа. Үүнээс илүү юу үдэшлэгт хэрэгтэй гэж? Ингээд сүүлд нь би нэлээд хэдэн чинээлэг хүмүүстэй хамт үдэшлэгийн нөгөө танхимд жаахан ярьж суусан юм. Ингэхэд хамт явж байсан нөхөрт маань тийм ч таатай бус байгааг дорхноо мэдрээд удалгүй тэндээс явахаас аргагүй болсон юм даа.
Яг тэгэхэд бодогдсон тухайгаа найз маань ярьж эхлэв: Энэ хүмүүс надаас илүү зугаатай, жаргалтай байж чадаж байна, Нараа гэхэд манайхаас том байртай, Дулмаагийн ажил нь надаас илүү амжилттай байгаа, Болд надаас сайхан харагдаж байна…
Яг одоо энэ бодлуудаа зогсоо.
Ийм үе тулгарах АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч Теодор Рузвельтийн хэлсэн “Харьцуулалт бол аз жаргал, амжилт бүтээлийн хулгайч юм” гэсэн үгийг санаж яваарай.
8. Чамаас хулгайлж, чамайг хуурахыг чи өөрөө бусдад зөвшөөрдөг
Хэрэв гудсан дор чинь сая доллар байлаа гэж бодъё. Чи түүнийг байнга шалгаж, хулгайчаас хамгаалж чадаж байвал энэ аюулгүй байна гэсэн үг. Гэхдээ нэг зүйл гэвэл тав тухтай байдал гэдэг зүйл мөнгөнөөс үнэтэй байдаг. Энэ тохиолдолд чи мөнгөө хамгаалахын тулд юу ч хийж чадахгүй. Өөрөөр хэлбэл, чи тайван унтах замыг сонгосон шүү дээ. Үнэндээ та унтаж байхдаа хулгайчид мөнгөө маш дуртайгаар өгнө гэсэн үг. Амиа хичээсэн, өөрийгөө өргөмжилсөн, сөрөг хандлагатай хүмүүс хэзээ ч дуугүй өнгөрдөггүй. Ийм хүмүүс чиний алт шиг цагийг зүгээр л шалбааганд асгачихдаг. Тиймээс тэднээс хол байж, сэтгэл дэх алт эрдэнэсээ хамгаал. Ийм хүмүүсийг дэргэдээ байлгасаар байвал чи өөрийнхөө эрдэнийг дуртайяа хулгайчид өгөөд гаргаж байна гэсэн үг.
9. Чи тавьж явуулж чаддаггүй
Юмыг өөрийнхөөр нь орхих чамд заримдаа хэцүү санагддаг уу. Аз жаргалтай амьдрахын тулд заавал цэвэрлэгээ хийх хэрэгтэй байдгийг чи ойлгох ёстой. Гэр орноо цэвэр тухтай байлгахын тулд хог шороогоо шүүрдэж, илүү дутуу зүйлсээ гаргаж хаях хэрэгтэй байдагтай яг л адил.
Хэн нэгнийг чи уучлах хэрэгтэй байна уу? Мартагдсан харилцаагаа дахин сэргээж яг л хуучны өдрүүд шиг аз жаргалыг мэдэрмээр байна уу? Цаг хугацааны машинд суугаад хайртай хүнээ нас барахаас өмнө амжиж авармаар байна уу?
Үгүй дээ, энэ бүхэн боломжгүй. Амьдрал бол тэр чигээрээ гарз хохирол, ялагдал, уналт, золиос юм. Гэхдээ жинхэнэ аз жаргал энэ бүхнийг үл тоон өөрөө цөлөөс ургаж гардаг сарнайтай адил сэтгэлийн чинь гүнд дэлбээлдэг юм. Тэр аз жаргал бидний амьдралыг хамгийн сайхан өнгөөр будаж, хажууд юу ч болж байсан сэтгэлийн амар амгалангаар биднийг тэтгэдэг юм. Энэ нь бидний өсгөн дэвжүүлж, бусдад маань ч гэсэн ийм л сайхан боломжуудыг өгдөг.
Төгсгөл гэдэг үг бол жинхэнэ зовлонг хэзээ ч амсаж үзээгүй хүний хэлэх үг. Иймд ийм үгийг хэзээ ч бүү бод, хэзээ ч бүү хэл. Зүгээр л ялагдал, хохирлоо зохицуулахыг хичээ. Ингэхдээ эдгээрийг алсын хараатайгаар ажигла. Амьдралынхаа хугацаанд чи хэчнээн ч удаа гашуудаж, харамсаж болно. Бас өөртөө хэдэн ч удаа бууж өгч, эргэлзэж болно. Гэхдээ хамгийн гол нь хичээл зүтгэл, чармайлт чамайг алсын мөрөөдөлд чинь хүргэж чадна гэдгийг бүү мартаарай.
Чи ганцаараа биш. Яг л чиний дотор орсон юм шиг чамайг ойлгох хэн нэгнийг хайж ол. Тэдний тусламжийг ав. Хэрэв энэ бүхэн бүтэлгүйтвэл №10-ыг унш.
10. Чи эргүүлж өгдөггүй
Хохирлыг давж гарах гол арга зам бол сайн сайхан зүйлд татагдан орж түүний үр шимийг хүртэх явдал юм. Сайн дураараа ажиллаж бай. Энэ бол тийм айхтар том зүйл биш ээ. Ядаж л хүнд сайхан үг хэлдэг бай. Бусдыг өөдөө босоход нь дэмж. Ганцаараа амьдардаг найзындаа зочилж очоод хэдхэн цаг ч гэсэн хань бол. Зөвхөн өөрийгөө боддог зангаасаа аль болох хол байхыг хичээ.
Энэ бүхнийг та ойлгохгүй, бас хэрэгжүүлэхэд хэцүү байгаа бол дэлхий дээр амьдардаг хоёрхон төрлийн хүмүүсийн тухай ойлгож аваарай. Биднийг хоёр л хувааж болно. Өгөгчид, авагчид гэж… Өгөгчид аз жаргалтай амьдардаг бол авагчид үргэлж зовлон дунд тэнүүчилдэг. Та хэн нь вэ?