Хүүхэд төрүүллээ гээд карьерээ орхих ёстой гэж хэн хэлсэн юм бэ?

XD13gATfLfo3C5FbP6ecjY
Хэдэн сарын өмнөх намайг та харсан бол хэзээ ч өнөөдрийнх шиг маань дүгнэхгүй л байсан байх даа. Яагаад гэвэл, би ажлаа хийгээд 6 сар болж байна.

Хагас жилийн өмнө бол хүүхдийнхээ живхийг сольж, хоолыг хийж, усанд оруулж, энд тэндгүй хөглөрөх тоглоом, хиртэй хувцсыг түүдэг ажилтай байлаа. Харин одоо бол би өөрийн карьерээ бүрдүүлэх замынхаа эхний хагаст орчихсон яваа. Өглөө бүр толинд харахад ухаалаг, үзэсгэлэнтэй бүсгүй өөдөөс минь ширтэж, амьдралын эрч хүчийг надад сануулах шиг болдог юм.

 

Гэхдээ би үргэлж ийм байгаагүй гэдгээ эхлээд хэлье. Хүүхэд төрүүлээд л ажлаа хийхээ больж, үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл бөхөлзсөөр өдрийг өнгөрөөдөг байлаа. Баастай, шээстэй өмд угааж, өдөрт хэдэн ч удаа юм бүү мэд гал тогоондоо эргэлдэж, хүүхдээ гадаа салхилуулж байгаа нь энэ гээд харлаж, сайртсан хүн л байлаа. Ингээд л миний карьер дуусч байгаа юм байна, ингээд л гэрийн авгай болж байгаа юм байна гэх бодол өдөр бүр тархинд эргэлдэнэ. Хүүхэд харах хүнгүй, хүүхэд цэцэрлэгийн насанд хүрээгүй юм чинь хувь тавилангаа байгаагаар нь хүлээн авахаас өөр сонголт байсангүй.

Саяхнаас охиноо цэцэрлэгт өглөө. Одоо ой 9 сартай. Эхний хэдэн өдөр манай хүн дурамжхан байсан ч удалгүй албандаа дасаад, ээж, охин хоёр хоёул ажилдаа явдаг болсон юм даа.

Энэ бүхнээс аваад үзэхэд, эмэгтэй хүн хүүхэд төрүүлсний дараа өөртэйгөө ярилцаж, эргээд амжилтын замдаа ороход бид юу хэрэгтэй талаар нэлээд бодож, харьцуулсны үндсэн дээр дараахь зүйлсийг олж мэдсэн юм.

 

Ардчилсан нийгэмд эмэгтэй хүний ажиллах ид нас:30-50

Бид чинь ардчилсан нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Сэтгэж чадаж байгаа хүнд хийх ажил нь тодорхой байдаг гэж нэг хүнээс сонсч байсан юм. Яг энэ үг намайг сэрээсэн юм шүү. Бид чинь ардчилсан орны эмэгтэйчүүд. Та дугуйг дахин санаачлах хэрэггүй ч толгойд орсон санаагаа мөнгө болгох хүчтэй байх ёстой.

 

Эмэгтэйчүүд ажлаа сольсон ч амжилт гаргах чадвараараа эрчүүдээс илүү

Үүнийг би яаж анзаарсан гээч. Эмэгтэй хүний төрөлхийн зөн совин нь аливаа зүйлд хурдан дасан зохицох, тухайн зүйлд тохирсон шийдлийг нь олоход байдаг юм шиг. Гадаад хэлийг хүртэл эмэгтэйчүүд эрчүүдээс илүү сайн сурдаг шүү дээ. Тэгэхээр төрсний дараа ажлаасаа гарсан ч бидэнд хийх ажил захаасаа авахуулаад мундахгүй.

 

Нийгмийн сүлжээ бидэнд боломж олгож байна

Одоогоос 10 жилийн өмнө байсан бол бид яах байсан бол. Утсан харилцаа дөнгөж л нийтийн хэрэглээ болж байсан үе. Интернэт бол тансаг хэрэглээ байсан. Харин өнөөдөр бид хаанаас л бол хаанаас интернэт ашиглан нийгмийн сүлжээнд нэвтэрч чадаж байна. Тэгэхээр бидэнд боломж илүү ойртсон гэсэн үг. Бид ганцхан товч дараад л шаардлагатай ажлын байрныхаа талаар судлаад, түүндээ өөрийгөө бэлтгэж чадах нь.

 

Шинэ санаа олно гэдэг чинь тийм ч хэцүү ажил биш

Бид шинээр юу хийх вэ гэж тулга тойрсон асуудлаа өнгийж байхын оронд байгаа зүйлээ илүү сайн болгох талаар яагаад бодож болохгүй гэж. Миний бодлоор одоо заавал бусдаас шинэ зүйлийг сэтгэж, илүү гарах гэж хичээж байхын оронд чаддаг зүйлээ л тултал нь сайн хийх нь зөв мэт санагдаж байна. Хүн дуртай, чаддаг зүйлээ чин сэтгэлээсээ хийгээд эхэлбэл, хүссэн хүсээгүй мөнгө гарт тань эргэлдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.


Хүүхэд төрүүллээ гээд карьерээ орхих ёстой гэж хэн хэлсэн юм бэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.