“Гейшагийн дурсамж”-ийн од Жан Зиеигийн түүх

Жан Зиеи бол “Hollywood” хүртэл карьер нь өссөн тоотой хэдэн Ази жүжигчний нэг. Бид түүнийг “Гейшагийн дурсамж”, “Нуугдах бар, хүрхрэх луу” “Гэртээ харих зам” зэрэг хэд хэдэн киногоор нь мэднэ. Тэрээр өнөөдрийг хүртэл 40-өөд кинонд дүр бүтээжээ.

Хятадын кино жүжигчин Жан Зиеи 1979 оны 2-р сарын 9-нд Бээжин хотод төрсөн. Тэрбээр Хятадын кино урлагийн хамгийн шилдэг залуу дөрвөн  эмэгтэй жүжигчний нэг билээ.Түүний эцэг Жан Юансиа нягтлан бодогч, ээж Ли Жоушен цэцэрлэгийн багш мэргэжилтэй аж. Урлагийн замналаа эртнээс эхлүүлж 11 настайдаа Бээжингийн бүжгийн академид элсэн оржээ.

Тэр 1996 онд 17 настайдаа Хятадын драмын төв академид орсон байдаг. Энэ сургуулийг Хятадын хамгийн шилдэг урлагийн сургууль гэж үздэг байв. Оюутан байхдаа “The Road Home” кинонд тоглосон бөгөөд энэ үйл явдал амжилттай жүжигчин болох эхлэл нь болжээ. Өөрт нь уг кинонд тоглох завшаан тохиосныг одоо хир нь ид шид мэтээр боддог аж.

Түүний тоглосон “Нуугдах бар, хүрхрэх луу” 2000 онд бүтээгдсэн тулааны урлагийн кино. 17 сая ам.долларын өртгөөр бүтсэн бөгөөд нийт 213,5 сая ам.долларын орлого олсон. Америкийн зах зээлээс 128 сая ам.долларын орлого олсноороо Америкийн түүхэн дэх гадаад хэл дээрх хамгийн өндөр орлоготой кино болжээ. Тус кино 40 гаруй шагнал хүртсэний дотор Академийн шагнал гардуулах ёслолд “Шилдэг кино” зэрэг зургаан төрөлд нэр дэвшсэнээс “Гадаад хэл дээрх шилдэг кино” тэргүүтэй дөрвөн төрөлд ялалт байгуулсан. Мөн БАФТА-гийн дөрөв, Алтан Бөмбөрцөгийн хоёр шагнал тус тус хүртжээ. Эдгээр амжилтаас гадна тус кино Америкт хамгийн их нөлөө үзүүлсэн шилдэг гадаад кинонуудын нэгээр шалгарсан. Үзэгчид киноны зураглал, тулааны үзэгдэл, өгүүлэмж, найруулга, хөгжмийг хамгийн ихээр шагшжээ.

Тэрээр “Гейшагийн дурсамж” кинонд Саюури охины дүрийг бүтээсэн. Зайрмаг авахуулж, алчуурыг нь нандигнан хадгалж эхэлсэн үеэс л Саюригийн Тэргүүнийг гэх сэтгэл нь огтхон ч өөрчлөгдөөгүй юм.

Өөр хүнийг өөрийнхөө “данна” болгохгүй гэсэндээ болчимгүй мэт үйлдэл хийсэн ч Тэргүүнийг сэтгэлээ илчлэхэд хүргэсэн тэр цагийг дэндүү удаан хүлээж чадсан юм даа.

Жүжигчин “Гейшагийн дурсамж” киноны пробонд япон, хятадын олон сайхан авьяаслаг жүжигчнийг ялж, түүнийгээ ч амжилттай батлан харуулж чадсан.

2006 онд “Cannes Film Festival”-ын шүүгчдийн бүрэлдэхүүнд орсон.

Тэрээр Хятадын хөгжмийн зохиолч, рок хөгжимчин Ван Фэнтэй гэрлэсэн. Тэд нэг охинтой. Хэрвээ тэр жүжигчин болоогүй байсан бол хүүхдүүдэд хайртай учир ээж шигээ цэцэрлэгийн багш болох байжээ.

2005 онд “Time” сэтгүүлийн гаргасан хамгийн нөлөө бүхий 100 хүний тоонд оржээ.

Жүжигчин бусад Хятад хүмүүсийн адил хэн нэгний зан чанарыг найзалж байж таних хүртлээ сайхан хүн гэж хурдан дүгнэлт өгөхгүй байхыг баримталдаг байна. Тэгээд нэгэнт сэтгэлд нь хүрсэн хүнээ илүү ихээр мэдэхийг хүсдэг. Мөн улс төрөөс хол байхыг эрхэмлэдэг ажээ.

Ugluu.mn


“Гейшагийн дурсамж”-ийн од Жан Зиеигийн түүх
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.