Эмэгтэй захирлууд илүү бүтээмжтэй

214923-19092017-1505788146-1644809548-1Энэ онд эмэгтэйчүүд удирддаг хувийн хөрөнгө оруулалтын сангуудын орлого эрэгтэй удирдлагатай хедж сангуудынхаас хоёр дахин их байна. Энэхүү шинэ чиг хандлага нь “нас тогтсон, эрэгтэй, цагаан арьстай хүний” хэмээн тооцогдож ирсэн салбарт эмэгтэй менежерүүд ахиу ажиллуулах нь зүйтэйг харуулж өглөө.

HFRX буюу хедж сангуудын судалгааны индекст багтдаг эмэгтэйчүүдийн индексийг авч үзвэл эмэгтэй захирал бүхий хедж сангийн үйл ажиллагааны ашиг энэ оны эхний долоон сард 9.95 хувьтай гарчээ. Стратеги, хүйсийн илүү өргөн цар хүрээтэй хэмжүүр – HFRI Fund Weighted Composite индекс үүнээс хавьгүй бага буюу 4.81 хувь байгаа.

Хувийн хөрөнгө оруулалтын сан, хөрөнгийн менежментийн үйлдвэрлэлд эмэгтэйчүүдийн оролцоо сул өнөөгийн нөхцөлд энэхүү өөдрөг үзүүлэлт гарлаа. Уг үзүүлэлт нь эмэгтэй удирдлагатай хедж сангуудын орлого эрэгтэй захиралтай сангуудынхаас илүү дүнтэй гарсан таван жилийн өмнөх судалгаатай тохирч байна.

HFRX-ийн өгөгдөл нь богино хугацаа хамарч байгааг Legal & General Investment Management-ийн хувийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Хелена Морисси анхааруулав. Ийм төрлийн бусад судалгааны дүн ч эмэгтэйчүүд хөрөнгө оруулалтын салбарт “ядаж эрчүүдээс дутахгүй”-г харуулдаг хэмээн тэрбээр нэмж өгүүлсэн юм.

“Сангийн менежементэд эмэгтэйчүүд илүү хэрэгцээтэй байна. Учир нь дүн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ хийхэд эмэгтэй хүн өөр аргатай. Бидний өвөрмөц арга илүү цогц” хэмээн хатагтай Морисси тайлбарлаж байна.

Беркли дахь Калифорнийн их сургууль 1991-1997 оны хооронд хөрөнгө оруулалтын томоохон данс бүхий 35 мянган айлд судалгаа хийхэд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү сайн хөрөнгө оруулагч болох нь илэрчээ. Эрчүүдийн хувьд хөрөнгийн эрсдэл тооцсон жил тутмын цэвэр орлого нь илүү олон арилжаа хийдгээс шалтгаалан эмэгтэйчүүдийнхээс 1.4 хувиар бага байна.

Сүүлийн 12 сарын HFRX Diversity Women индексээс үзвэл хедж сангийн эмэгтэй захирлууд 11.9 хувийн орлоготой. Гэтэл илүү өргөн хүрээтэй индексийнх 7.05 хувьтай гарчээ. Уг судалгаанд сүүлийн гурав, тав, 10 жилийн илүү өргөн хүрээтэй индекст эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс байнга давуу үзүүлэлттэй гарсан байна. Эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд илүү урт хугацаанд хөрөнгө оруулалтын сангийн ухаалаг менежер байж чаддаг эсэх нь тодорхойгүй байгааг Бостон дахь Зүүн умардын их сургуулийн санхүүгийн ухааны профессор Николь Бойсон анхаарууллаа. “За, яадаг ч байлаа эмэгтэйчүүд муугүй нь тодорхой” хэмээн хатагтай Бойсон тайлбарлав. Гэхдээ эмэгтэй менежерүүдэд хөрөнгө төвлөрүүлэх бэрхшээл тулгарах, алсын хараа дутагдах зэрэг “хэд хэдэн сул тал” байгааг профессор Бойсон нэмж өгүүлсэн юм.

Эмэгтэй захиралтай хувийн хөрөнгө оруулалтын санд хөрөнгө “босгох” боломж хязгаарлагдмал байдгаас шалтгаалан бүтэлгүйтэх магадлал ихэсдэг нь профессор Бойсон, Ражеш Аггарвал нар 2015 онд явуулсан судалгаагаар тодорхой болжээ.

Урьд нь 2015 онд явуулсан судалгаагаар хувийн хөрөнгө оруулалтын 20 сан тутмын нэг үл хүрэх хэсэг нь эмэгтэй удирдах менежер ажиллуулж байгаа юм. Их Британид хөрөнгө оруулалтын 10 сан бүрийн нэгд, АНУ-д 7000 хамтын хөрөнгө оруулалтын сангийн 184-т эмэгтэй удирдах менежер ажиллаж байна.

Хөрөнгө оруулалтын сангийн олонд нэр хүндтэй эмэгтэй захирлуудаас Systematica-гийн Леда Брага, BlueMountain Capital Management-ийн Сара Дахан, Graham Capital- ийн Грэйс Гу нарыг дурдаж болно.

Аттракта Мууни

Засгийн газрын мэдээ


Эмэгтэй захирлууд илүү бүтээмжтэй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.