Хүүтэй болох гэж буй эцэг эхчүүд уншаарай

harrison07
Бяцхан ханхүүгээ өлгийдөн авахаар тэсэн ядан хүлээж буй эцэг эх та, ханхүүдээ шаардлагатай гэсэн зүйлсийг бэлдэж байж магадгүй юм.

Нярай хүүхдийг хөхүүлэх, дулаан байлгах, салхилуулах зэрэг асаргаа чухал хэдий ч хүүхдийг усанд оруулж, живх солих зэрэг асуудлууд шинэхэн аав ээжүүдэд бүр чухал байдаг. Ялангуяа хүүгийнхээ бэлэг эрхтэнг хэрхэн угааж цэвэрлэх, ямар эмгэг байдлын үед эмчид яаралтай хандах, цаашлаад хүүгээ том болох үед хэрхэн ариун цэвэр сахиж байх талаар зааж сургана гэдгээ хараахан мэдэхгүй байж болох юм. Тиймээс шинэхэн эцэг эх танд доорх зөвлөгөөг хүргэж байна.

Хүүхдийг зөв угааж цэвэрлэж байх нь мэдээж аливаа халдвараас сэргийлэх, цаашлаад халдвалт өвчинүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн алхам байдаг.

Шодойн толгойг хучиж буй тээрхийн арьсыг хойш нь шамлах шаардлагагүй. Учир нь хүүхэд анх төрөхдөө 99% нь тээрхийн арьс наалдацтай төрдөг бөгөөд хүүхдийн 3 настайд 89%,  6 нас хүрэхэд 8% болж буурдаг байна.

Дунджаар 5 наснаас хойш эрэгтэй хүүхдийн тээрхийн арьс бүрэн шамардаг гэж үздэг учраас бүрэн шамрахгүй тохиолдолд усанд оруулах болон живхийг солих үедээ хүүхдийн шодойн гадна талын арьсыг бүлээн усаар угааж заншаарай.

Тээрхийн арьсыг хэт эрт шамлах гэж оролдох нь наалдсан арьс язарч, соривжилт үүссэнээр хойшид шодой бүрэн шамрахгүй болох, муруй хөвчрөх, шодойн гоо сайхан алдагдах, цаашлаад хүчээр шамласнаас болж өвдөлт үүссэнээр хүүхдийн сэтгэцэд өөрчлөлт орох зэрэг маш олон эрсдлийг дагуулж байдаг.

Мөн хүүхэд шодойгоо зулгаах, оролдох зэрэг нь энгийн үзэгдэл бөгөөд энэ нь байгалийн жамаараа тээрхийн арьс шамлагдаж буйн хэлбэр юм. Үүнийг эцэг эхчүүд хэвийн зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Хэрвээ тээрхийн арьс амархан шамарч байгаа тохиолдолд шодойн арьсыг болгоомжтой хойшлуулж шодойн толгой, тээрхий арьсны доод хэсгийг өдөр бүр бүлээн усаар угааж бохирдлыг арилгаарай.  Угааж дуусаад хуурай хөвөн зөөлөн алчуураар арчиж хатаагаад, тээрхийн арьсыг эргэн шодойн толгойг хучсан байдалд нь оруулаад угаалгаа дуусана.

Шинэхэн аав та: Хүүгийн тань шодойн тээрхийн арьс бүрэн шамардаг болсон үед аав та хүүдээ хэрхэн шодойгоо угааж байх талаар зааж сургаарай. Хүүтэйгээ хамт усанд орж, хүүтэйгээ тоглож наадангаа бэлэг эрхтнээ угааж байх хэрэгтэйг ойлгуулаарай.

Дараахь тохиолдолуудад эмчид хандаарай:

Тээрхийн арьс хойшоо шамрахгүй байхын зэрэгцээ дүлж шээх, шээс дусагнах, шээс нарийн, тасалдаж гарах, уйлах, тавгүй болох, хөхөндөө муудаж, халуурах, шээсний сүв улайх, хавдах, арьсны сүвээр идээрхэг зүйл гарах, цавь орчмын тунгалагын булчирхай цочих зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаарай.

Мөн эцэг эхчүүд хүүгийнхээ төмсөгийг ажиглаарай. Гүйцэт хугацаандаа төрсөн эрэгтэй хүүхдийн төмсөг хуйхнагтаа буусан байх ёстой хэдий ч зарим тохиолдолд төмсөг хуйхнагтаа буугаагүй эмгэг оношлогддог. Энэ тохиолдолд эмчид хандах ба хүүхдийн 1 наснаас хойш хагалгаа хийдэг.

Цавьны уйланхай: Цавьны амсрын нүхээр хэвлийн шингэн уутлагдан хуйхнагруу орохыг уйланхай гэх бөгөөд хүүхдийн 1 нас хүртэл нь ажиглана. Хэрвээ уйланхайн хэмжээ багасаж, шимэгдвэл эмчилгээ шаардлагагүй. Харин шимэгдэж арилаагүй тохиолдолд мэс засал эмчилгээ хийдэг.

Цавьны ивэрхий: Цавьны амсрын нүхээр гэдэсний гогцоо орж түгжигдэхийг ивэрхий гэдэг. Магадгүй та хүүхдээ усанд оруулах, живхийг нь солих үедээ цавь орчимд өвдөлтгүй, зөөлөн, товгор зүйл байхыг анзаарвал эмчид хандах хэрэгтэй. Цавины ивэрхий оношлогдсон тохиолдолд мэс заслаар тухайн нээлттэй байгаа цавины сувагт гацсан гэдэсний гогцоог буцааж хэвлийн хөндийд оруулж, цавины сувгийг оёх ажилбар хийгддэг. Зарим тохиолдолд гацсан гэдэсний гогцоо гэнэт өвдөлт өгч, хүүхдэд хүнд байдал үүсдэг тул цавины хэсэг газрыг эцэг эхчүүд шалгаж байх шаардлагатай.

 

Мөн дээрх тохиолдлуудаас гадна хүүхэд зовиурлан уйлагнах, хөхөндөө муудаж, хөхөө идэхгүй байх, цээж хонхолзох, халуурах, шингэн алдаж, суулгах, арьсны идээт болон бусад төрлийн тууралт гарах зэрэг шинжүүд илэрвэл яаралтай эмчид хандаарай.


Хүүтэй болох гэж буй эцэг эхчүүд уншаарай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.