МОНИКА БЕЛУЧЧИ: ХӨӨРХӨН ХҮҮХНИЙГ ХҮМҮҮС ТЭНЭГ ГЭЖ БОДДОГ

Monica-Belluci-067Италийн жүжигчин Моника Белуччиг манай гаригийн хамгийн гоо үзэсгэлэн төгс бүсгүй гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Өдгөө 50 настай ч кино, загварын ертөнцөд гялалзсаар яваа Моника Белуччиг үзэгчид “The Apartment”, “Малена” зэрэг киноны дүрээр сайн мэднэ. Тоглосон кино нь шүүмжлэл дагуулж, папаррациуд хаа явсан газар нь мөшгиж байдаг үзэсгэлэнт бүсгүйн  “The Talks”-д өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Хатагтай Белуччи, Таны амжилтанд гоо үзэсгэлэн нөлөөлсөн үү?

-Гоо үзэсгэлэн хүний сониуч занг хөдөлгөдөг гэдгийг би мэднэ. Гэхдээ Оскар Вайлд нэгэнтээ ингэж хэлсэн байдаг юм. Хэрэв сониуч занг хөдөлгөхөөс цаашгүй бол гоо үзэсгэлэн ердөө таван хормын л үзэгдэл гэж. Хэрэв би хөөрхнөөс цаашгүй байсан бол өнөөдрийнх шиг амжилтанд хүрэхгүй байх байсан гэж боддог юм. Найруулагчид хөөрхөн болохоор нь биш, авьяастай л бол дуудна шүү дээ.

-Сайхан төрх чинь гай болж байсан удаа бий юу?

-Тийм үе байдаг. Ялангуяа загварын бизнестэй холбоотой болохоор. Ийм амжилтанд хүрэхэд загварын ажилтай, дээр нь хөөрхөн байх үнэхээр хэцүү. Хөөрхөн хүүхнийг  хүмүүс тэнэг гэж боддог. Энэ төрх маань заримдаа надад яг л баг шиг санагддаг. Тиймээс багаа хуулж хаяад хэн бэ гэдгээ харуулмаар санагддаг юм. Хүмүүст хэн гэдгээ мэдрүүлэх ёстой шүү дээ.

-Эсрэг тэсрэг дүрд тоглодогтой чинь холбоотой юу?

-Магадгүй тийм биз.

-Та одоо ч гэсэн өөрийгөө хэн гэдгийг харуулах ёстой гэж бодож байна уу?

-Бусдад биш, зөвхөн өөртөө.

-Тийм гэж үү?

- Тэгэлгүй яахав, Хүн өөрийгөө нээх хэрэгтэй шүү дээ. Хэн нэгэн шинэ содон санаа бодож олох юмуу эсвэл эрсдэлтэй зүйл хийе гээд тэр нь сонирхолтой санагдвал би үзээд л алдана. Би шүүмжлэл дагуулах кинонд дуртай. Миний тоглосон  зарим кинонууд асар их шүүмжлэл дагуулсан. Тухайлбал “Irréversible”, “Христийн шаналал”, “Малена” байна. Үнэхээр сонирхолтой. Би хүний мөн чанар, дотоод сэтгэлийг олж нээх дуртай. Тэгээд л би жүжигчин болсон юм.

- Та тоглосон тэдгээр кинонуудаа үзэх дуртай юу?

- Үгүй, би киног дахин үзэх дургүй. “Малена”-д тоглосноос хойш хэдэн жилийн дараа дахиж үзэж байсан. Киногоо дахиж үзэхэд хөгжилтэй юм олон байдаг. Өөрийнхөө тоглосон киног дахин дахин үзэх уйтгартай шүү дээ.

- Таны нөхөр Винсент Кассел ч бас жүжигчин хүн. Дэлгэцэнд түүнийг хэн нэгний дүрд хувирахыг харах ямар байдаг вэ?

-Би түүнийг “Мезрин”-д яаж хувирсныг хараад бүр алмайрч хоцорсон. Үнэхээр чадварлаг тоглосон учраас би түүнийг эр нөхрөө гэдэгт итгэж ч чадахгүй байсан.

Кинонд Мезрин шоронгоос хүүхдүүдтэйгээ ярилцдаг хэсгээс л  түүнийг миний эр нөхөр, хүүхдүүдийн минь аав мөн гэдгийг харсан. Бусад зураг авалтын турш тэр огт өөр хүн болж “хувирсан”. Зураг авалт ч, кино ч тэр маш сайн болсон.

-Та хоёр уран бүтээл, ажлынхаа талаар ярилцдаг уу?

- Бид хоёр ажлынхаа талаар, киноны талаар юу ч ярилцдагггүй. Винсент бид хоёр тэс өөр хоёр ертөнц шүү. Би түүний нэг ч найзыг танихгүй. Тэр ч бас миний нэг ч найзын нэрийг мэдэхгүй. Би түүний хэрэгт хутгалддаггүй. Бид хоёр өөр өөр амьдралтай. Яг л хоёр өөр амьтан шиг. Би хэнээс ч хамааралгүй хүн, тэр ч бас туйлын бие даасан хүн. Энэ л бидний хамт байх цорын ганц зам.

- Ийм байдалтай хүүхдүүдээ өсгөх хэцүү юу?

-Үгүй.

- Охид чинь та хоёрын ийм амьдрал, ажлыг ойлгодог уу?

- Үгүй. Саяхан охин маань надад “Ээж, би тань шиг ээж болмоор байна. Би ажил хиймээргүй байна. Тэгээд охиноо том болохоор ажил хийлгэнэ ” гэж хэлсэн. Сайн нь гэвэл охин маань намайг ажил хийдэггүй гэж боддог. Би хаашаа ч явсан хүүхдүүдээ байнга авч явдаг. Үүнд л би баяртай байна.

- Тэр нэг л өдөр тань шиг жүжигчин болно гэх болов уу?

-Үгүй байгаасай л гэж бодож байна.

-Яагаад?

- Жүжигчин болно гэдэг ердийн ажил биш. Гэхдээ хэрэв охин маань жүжигчин болно гэвэл би татгалзахгүй. Амьдралд хайртай байна гэдэг гайхалтай зүйл гэж би боддог. Хэрэв энэ түүний хүсэл сонирхол мөн бол тэр түүнийгээ л дагах ёстой.

-Та хоёр ямар гэр бүлээс гаралтай вэ?

-Би жирийн л гэр бүлээс гаралтай. Урлагийн гэр бүлээс гаралтай хүнийг бусадтай харьцуулах гээд байдаг зовлон байдаг. Харин нөхрийн маань аав жүжигчин байсан болохоор тэр өнөөдрийнх шиг амжилтанд хүрч, өөрийн гэсэн байр сууриа олж авах гэж их тэмцсэн юм шүү.

Орчуулсан Н.ЭНХТУЯА

NEWS.mn


МОНИКА БЕЛУЧЧИ: ХӨӨРХӨН ХҮҮХНИЙГ ХҮМҮҮС ТЭНЭГ ГЭЖ БОДДОГ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.