Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Гоёл” наадмын тов зарлагджээ. Загварын ертөнцийнхний хувьд оны тэргүүн наадам гэж хэлж болох “Гоёл” наадам энэ сарын 29-нд Соёлын төв өргөөнд болох юм. Уг наадмын тайзнаа шилдэг загвар зохион бүтээгч, загварын товчоо, топ моделийг шалгаруулж, олонд алдаршуулдаг. Энэхүү наадмаас Монголын урдаа барьдаг загвар зохион бүтээгчид, загвар өмсөгчид төрөн гарсан түүхтэй.
Өнгөрсөн жилийн 29 дэх удаагийн “Гоёл” наадмаар топ моделийг тодруулаагүй. Учир нь топ моделийн шалгуур хангах оролцогч наадамд өрсөлдсөнгүй гэж шүүгчид үзсэн юм. Харин энэ жилийн топ моделийн шагнал 10 сая төгрөг. “Гоёл-2018” наадмын анхан шатны шалгаруулалтад 170 гаруй загвар өмсөгч оролцсоноос 120 орчим нь дараагийн шатанд шалгарч үлдээд байгаа ажээ. Наадмын эцсийн шатны шалгаруулалт энэ сарын 23-нд болох бөгөөд 80-90 загвар өмсөгч шалгаруулж авах тухай Монголын дизайнеруудын холбооноос мэдээллээ.
Эх сурвалж www.wikimon.mn