Жаргалтай хосууд өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

11 Things Happy Couples Don't Do

Шинэ өглөөг хэрхэн угтсанаас тэр өдөр бүхэлдээ хэрхэн үргэлжлэх нь их бага хэмжээгээр ч болов хамаардаг. Хосуудын хувьд өглөө ердөө хэдхэн хормыг бие биедээ зориулснаар удаан хугацаанд харилцаагаа сайхан хэвээр нь хадгалах чухал алхам болдгийг сэтгэл судлаачид зөвлөдөг. Тэгвэл жаргалтай хосууд өглөөг хэрхэн угтдаг талаар Huffington Post уншигчид болон сэтгэл судлаач, эмч мэргэжилтнүүдийн туршлагыг хуваалцжээ.

БОДИТ ХАРИЛЦАА

“Бид хамтдаа угаалгынхаа өрөөнд зогсож байгаад шүдээ угаадаг. Хэдхэн хором ч атугай бие биеийнхээ нүд рүү эгцэлж харна. Бие биедээ хүрэлцэж, хоёр биенээ мэдэрдэг”. Уншигч Брэнди.

ТЭВРЭЛТ

“Өглөө эрт нөхрийгөө ажилдаа явах үед би нойрноосоо бүрэн гүйцэт сэрээгүй, орчин тойрноо анхаарах сөхөөгүй шахам байдаг. Нөхөр маань өглөө болгон гэрээсээ гарахын өмнө орондоо эргэж ороод намайг тэвэрч хэвтдэг. Тэр таван хором хоёр биеийнхээ амьсгал, зүрхний цохилтыг мэдэрч, амар амгалан, аз жаргалтай амьдралыг мэдрэх хамгийн сайхан цаг мөч байдаг. Өдрийг сайхан өнгөрүүлэх хамгийн шилдэг арга”. Гэрлэлтийн асуудлаар блог хөтлөгч Мег Конли.

ХОСУУД ИЖИЛ ЦАГТ БОСОХ

“Ихэнх хосууд өглөөг өөр өөрийн дадсан зуршлаар эхлүүлдэг. Тиймээс зарим нь өглөө таван үг солих ч завгүй, зарим нь царайгаа ч харалгүй гэрээсээ гарцгаадаг. Өглөөг хамтдаа угтах нь ямар чухал болохыг зарим хүн ойлгодоггүй нь харамсалтай”. Эрчүүдийн сэтгэл зүйн асуудлаар мэргэшсэн судлаач Курт Смит

ӨГЛӨӨНИЙ ГАНЦ АЯГА КОФЕ

“Эхнэр бид хоёр өглөө дуртай буйдан дээрээ суугаад, ганц аяга цай, эсвэл кофе уучихаад гардаг. Ердөө 15 минут л зарцуулдаг ч бид цонхоор өглөөний нарыг харж, тэр өдрийн төлөвлөгөөгөө ярилцаж амждаг. Уншигч Стив.

ҮНСЭЛТ

“Хосууд салж явахын өмнө ямар нэг хариу үйлдэл үзүүлэх нь маш чухал. Нөхөр маань намайг босохоос нэг цагийн өмнө ажилдаа гардаг болохоор орондоо хэвтэж байх үед духан дээр минь үнсчихээд гардаг юм. Тэр минь намайг хайрлаж, халамжилж байгааг өглөө бүр мэдэрнэ гэдэг сайхан”. Уншигч Ребекка.

АМЬД ХАРИЛЦАА

“Өглөө ажил, ажилдаа гарцгаахын өмнө бид заавал 10 минут хамт сууж, цайгаа уудаг. Гар утас, iPad хэрэглэх хориотой. Оронд нь тэр өдрийн төлөвлөгөө, сонин сайхан зүйлсээ ярилцдаг. Чимээгүй суусан ч хамаагүй, ямартай ч утас оролдож суух нь зохимжгүй”. Гэрлэлт, гэр бүлийн зөвлөгч Уинифред М.Рейлли.

ӨГЛӨӨНИЙ АЖЛАА ХУВААЖ ХИЙХ

“Хүүхдүүдээ сэрээж, хувцаслах, хичээл сургуульд бэлдэх гээд өглөөний ажлыг хувааж хийх нь илүү үр дүнтэй. Энэ бүгдийг хэн ч ээжийн ажил гэж хэлээгүй ч, ерөнхийдөө ээжүүд л бүгдийг амжуулдаг. Аз жаргалтай хосуудын нэг нууц бол үүрэг хариуцлагаа тэнцүү хуваарилахад оршдог”. Доктор Курт Смит

ЯДАРЧ, СУЛЬДСАН Ч ИНЭЭМСЭГЛЭХ

“Өмнөх өдрийн ядаргаа гүйцэт тайлагдаагүй сэрэх өглөө олон байдаг ч хайртай хүн рүүгээ инээмсэглэхгүй байх хүртлээ ядарна гэж юу байх вэ. Ихэнх жаргалтай хосууд хэдий ядарч, туйлдсан байсан ч инээмсэглэж, нэгэндээ аз жаргал бэлэглэж байдаг”. Сэтгэл зүйч, доктор Мэри Лэнд.

С.ЦЭЛМЭГ


Жаргалтай хосууд өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.