Циститийн тухай

8-2

Цистит энэ бол давсагны үрэвсэлт өвчин юм. Шээсний замын эрхтнүүдийн хамгийн түгээмэл өвчин бөгөөд уг өвчнөөр ихэвчлэн эмэгтэйчүүд өвддөг. Энэ нь эмэгтэй хүний бие организмын онцлог тухайлбал шээсний сүв богино, өргөн, түүгээр давсаг халдвар авах нь амархан байдагтай холбоотой.

Циститээр хэн өвчилдөг вэ?
Циститээр бүх л насны эмэгтэйчүүд өвчилнэ. Ялангуяа дараах нөхцөл байдлаас шалтгаалж өвчилнө.

Даарах, тэр тусмаа тааз орчмоор даарах үед тусдаг. Эмэгтэй хүн хүйтэн чулуун дээр 15 – 20 минут суухад л циститээр өвчлөх эрсдэлтэй болдог юм.

Мөн удаан хугацаагаар суух. Тухайлбал, компьютерын ард эсвэл зөөлөн буйдан дээр 4 – 6 цаг босолгүй суух.

Түр болон удаан хугацаагаар өтгөн хатах.

Халуун ногоо амтлагч ихтэй, хуурсан шарсан хоолны дараа шингэн зүйл их уухад цистит, уретрит тусах магадлал эрс өндөр байдаг.

Мөн түүнчлэн,

Уретрит, гонорея, аденексит, эндометрит болон бэлгийн замын халдварт өвчний дараа эрчимтэй сайн эмчилгээ хийхгүй бол цистит хөдлөнө. Хувиараа эмчилгээ хийх гэж оролдох нь муу үр дагавартай байдаг.

Мөн ханиад, томуу тусах, шүд өвдөх зэрэг бие организмд халдвар орсон үед цистит сэдэрдэг.

Архаг стресс, биеийн дархлаа сулрах, хоол хүнсний дутагдалд орох үед бас хөдөлнө.

Цистит тусах өөр ямар шалтгаан байдаг вэ?
Юуны түрүүнд, бэлгийн ариун цэвэр, бэлгийн харьцааны үеийн ариун цэвэр сахихаас шууд хамаардаг.

Бэлгийн харьцааны үед халдвар авах

Хүндэрсний дараа ариун цэврийн цаасыг буруу хэрэглэх. Хойноос урагш чиглэлээр арчих.

Сарын тэмдэг үзэгдэх үед тампон болон ариун цэврийн хэрэгслэлээ солихгүй удаах

Хиртэй бохирдсон дотуур хувцас хэрэглэх.

Эмэгтэй хүн өдөрт таваас доошгүй удаа шээх ёстой. Хэрэв шээсээ барьж удаан явах, шээлгүй удвал давсагт бактер амархан халдварладаг.

Харин эрэгтэй хүн циститээр эмэгтэйчүүдийг бодвол тун цөөхөн өвчилдөг. Ихэвчилэн давсагтай зэргэлдээх эрхтнүүдийн архаг үрэвслийн үед цистит тусдаг.

Өвчний хам шинж
Маш хурц хэлбэрээр эхэлдэг. Шээх үед давсаг болон шээсний сүвээр өвдөнө. Заримдаа 15 – 20 минут тутамд шээс хүрч, өвдөнө. Хүчилж шээх ч гарах шээсний хэмжээ тун бага. Зарим тохиолдолд цустай шээнэ. Шээс маш өтгөн тунадастай гардаг. Хүндэрсэн үедээ биеийн хэм өндөрсөж, халуурна. Шээс өтгөрч, ам зууралдан, дотор муухайрна.

Циститээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Юуны түрүүнд цистит тусах хүчин зүйлүүдийг багасгах тал дээр анхаар. Хувийн ариун цэврийг сахь. Хэт бариу дотуур хувцас өмсөхгүй байх хэрэгтэй. Алкоголь, халуун ногоо, хайрсан хуурсан хурц хоол аль болох идэхгүй байх. Дулаахан хувцаслаж, удаан хугацаагаар жихүүцэн даарахаас сэргийл. Хэрвээ суугаа ажилтай бол цаг тутамд таван минут хэртэй хугацаагаар босч, хөдөл.

Хэрвээ өтгөн хатдаг бол жимс, ногоо түлхүү идэх хэрэгтэй. Өөрөө эмчлэх бус эмчийн хяналтад байж эмчилгээ хийлгэ. Өөрийн эрүүл мэндээ байнга хянаж байх хэрэгтэй юм шүү.


Циститийн тухай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.