Имидж-Бусдын сэтгэлд зүрхэнд хоногших нууц зэвсэг

fashion_tips_for_modern_business_women_fashionisers

/Алдар нэртэй болж, амжилтанд хүрэхийг хүсдэг бүсгүй бүрт…/
Мерилин Монрогийн богино шаргал үс, уруулынх нь дэргэдэх өхөөрдөм мэнгэ, секси хувцаслалт, эхэр татсан тачаангуй дуу хоолойг санаж байна уу? Энэ бол түүний имидж. Харин хааяа хачин гэж хэлж болмоор хувцаслалттай, бусдаас өвөрмөц царгиа хоолойтой, нэг удаа түүхий махан хувцас өмсөж, олны өмнө ил гарч байсан дуучин гэвэл шууд Леди Гага санаанд орж байна. Энэ ч бас түүний имидж.

“IMAGE” гэсэн таван ердийн үсэг амжилт ялалтын ер бусын нууцыг агуулдаг. “Дүр төрх” гэсэн утгатай энэ үг нь бусдад сэтгэгдэл төрүүлэх увдисыг илэрхийлдэг юм. Бүх амжилтын цаана зориуд бий болгосон имидж нуугдах агаад үүний талаар ойлголтгүйгээр санасандаа хүрэх нь бараг л боломжгүй зүйл. Тодорхой имиджтэй байснаараа бид өөрийн хүрээлэлд багтах хүмүүсийн сэтгэлд нь хоногшиж чаддаг. Харин хүмүүсийн сэтгэлд сайн талаараа хоногшино гэдэг бол алдар, амжилтанд хүрэхээр тэмүүлж яваа хүн бүрт зайлшгүй хэрэгтэй зүйл юм.

Бидэнд өөрсдөө ч мэдэлгүй бүрдүүлчихсэн төрөлхийн имиджүүд бий. Имидж бүр тодорхой стереотипүүд буюу жижиг хэв маягуудаас бүрддэг. Жишээ нь та үргэлж платформ гутал өмсдөг, зүүн эрүүн дээрээ бяцхан мэнгэтэй бол энэ хоёр таны чухал стереотипүүд болно. Мөн таны байнга хэлдэг үг, гаргадаг зуршил, эсвэл олны сэтгэлд үлдэхүйц нэг томоохон үйлдэл бүр олны дунд таны өөрийн гэсэн дүр төрхийг бүрдүүлж байдаг.

Имидж гэдэг бол тэр хүнийг нэрийн хуудас шиг л үргэлж дагаж байдаг зүйл юм. Жишээ нь Анжелина Жоли гэдэг нэрийг сонсмогц зузаан памбагар уруул, нөхөр Бред Питт, секси харц, ноён ба хатагтай Смит кино зэрэг зүйлс толгойд орж байгаа шиг таны талаар хүмүүс бодох бүртээ санаанд нь буухгүй байхын аргагүй зүйлсийг та хоногшуулж үлдээх ёстой юм. Мэдээж та алдрын оргилд гарах амбицтай бүсгүй мөн бол шүү дээ?

Бусдын л адил болж харагдахгүйн тулд, сондгойрохын тулд танд зайлшгүй имидж хэрэгтэй. ЭНГИЙН байх нь таныг үргэлж ЭНГИЙН л нэгэн байлгах болно. Бусдад ОНЦГОЙ сэтгэгдэл төрүүлвэл тэд таныг ОНЦГОЙЛЖ хүлээж авах нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс яг одооноос өөрийн гэсэн имиджийг бүрдүүл:

1. Нөлөөлөх гэж байгаа хүрээллээ судла
Та ямар хүмүүсийн дунд нэр хүндийг олж авч, хэний зүрхэнд өөрийнхөө орон зайг бий болготол хоногших ёстой вэ? Үүнийгээ тодорхойлсны дараа тэдний хүсэл таашаал сэтгэхүйг нь судалж үзээд өөрийнхөө стереотипүүдийг нарийвчлан гарга.

2. Таны стереотипүүд хүчтэй байх тусмаа нөлөөлөл нь сайжирна
Гитлерийн дөрвөлжиндүү сахал, хасын тэмдэг хоёр бол дэлхийд нөлөөлж чадсан хүчтэй стереотипүүд. Гэхдээ та заавал дэлхийд нөлөөлөх албагүй л дээ. Гэхдээ л өөрийнхөө нөлөөлөх гэж буй хүрээнийхний анхаарлыг татахуйц, мөн тэдэнд таалагдахуйц жижиг хэв маягуудаар өөрийгөө тодотгох нь зүйтэй юм.

3. Өөртөө хамгийн зохимжтой дүрийг сонго
Өөрийнхөө бие галбир, ерөнхий харагдах байдал, бусдад төрүүлдэг сэтгэгдэл дээр тулгуурлан дүрээ сонго. Эмэгтэй хүнд бүх хүний сэтгэлийг гижигдэж, карьерын болон алдар нэрийн тал дээр шат ахих боломж гаргадаг 8 үндсэн дүр төрх бий.
-Секси бөгөөд ялдам /Мерилин Монро/
-Секси бөгөөд түрэмгий
-Эрх танхил
-Тансаг хээнцэр
-Сонгодог бөгөөд ихэмсэг
-Ажил хэрэгч, хатуу
-Хүчирхэг, түрэмгий
-Романтик /Одри Хэпберн/.
Энэ 8-аас та өөртөө болон зан аашдаа нийцүүлэн сонгох хэрэгтэй.

4. Таны имидж “БИ”-гээсээ хэт холдох ёсгүй
Хэрэв таны бүрдүүлж байгаа имидж төрөлхийн “БИ”-тэй тань хэт хол зөрөөтэй байвал яг л алиалагчийн баг өмсчихсөн юм шиг эв хавгүй, зохицолдолгоогүй харагдах болно. Мөн өөрийнхөө хүсэл сонирхлыг ч бас хамааруулах хэрэгтэй. Та баглаа цэцэг, дэрвэгэр даашинз, эмэгтэйлэг өнгө, элдэв хээ хуаранд дуртай бол хүчирхэг түрэмгий имиджийг сонгох нь нэг их “наалдаж” өгөхгүй л болов уу. Харин романтик имидж танд яв цав тохирно.

5. Имидж гэдэг бол хуурамч баг биш
Та ингэж өөртөө тогтсон имиджийг бүрдүүлснээр бусдыг хуурч байгаа явдал огтхон ч биш ба зөвхөн дотроо байгаа өөрийгөө зүлгүүрдэн өнгөлж, улам тодотгож байгаа хэрэг юм. Тиймээс үүнийг ямар нэг гэм буруу мэтээр хүлээн авч болохгүй юм. Хэрэв таны сонгосон имидж болон түүнийг бүрдүүлж байгаа стереотипүүд байгаа оносон бол алдар нэр, амжилт, хүмүүс таниас салахгүй “зүүгдэх” болно гэдгийг ам бардам хэлмээр байна.

6. Өөрийнхөө давуу талуудыг тодотгож, сул талаа далдла
Хэрэв та бага зэрэг булцгар хацартай бол үсээ урдуураа оруулж тайруулах жишээний. Мөн бага зэрэг давхар эрүүтэй бол үргэлж толгойгоо өргөж ярьж бай. Энэ мэт жижг сул талууд ч бас таны “имидж” болчихож магадгүй учраас эднийг бүдэгрүүлэх нь зүйтэй.

7. Таны сонгосон бүхэн таныг илэрхийлж байх ёстой
Имидж гэдэг бол угаас өөрийгөө олон илэрхийлж байгаа нэг хэлбэр мөн. Хэрэв та үргэлж янз бүрийн торон бээлий өмсдөг бол энэ нь автоматаар таныг сонгодог эдлэлд дуртай, хээнцэр эмэгтэй гэсэн мессежийг бусдад түгээдэг. Тиймээс бүрдүүлж буй стереотип бүхнээ таны байр суурийг ямарваа нэгэн байдлаар илэрхийлэхүйц байлгаарай.

Таныг үзэг цаас гаргаад өөрийнхөө имиджийг нэг нэгээр нь зохиож суугаа гэдэгт итгэж байна. Амжилт болгон имиджийн амжилт байдаг юм шүү.


Имидж-Бусдын сэтгэлд зүрхэнд хоногших нууц зэвсэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.