“Эрчүүдийн соронзон” болмоор байна уу?

mad-men_2292254b

Та өөрт таалагддаг залуугаа хойноосоо “хөлөө хугалах шахан” гүйлгэмээр байна уу? Тэгвэл танд бид “эрчүүдийн соронзон” болох аргуудыг заах гэж байна.

Тийм ч онц гойд төрхгүй, энгийн л нэгэн хирнээ эрчүүдийг хойноосоо хуйлруулдаг эмэгтэйчүүдийг бид мэднэ. Тэдний нууц нь юундаа оршдог талаар гайхаш барагдах үе ч бий. Тийм бүсгүйчүүдэд ямар нэг далдын хар шид юм уу, илбэ ховс байхгүй. Харин тэд сээтэгнэх урлаг болон эрчүүдийн сэтгэлийг гартаа атгах дүрмийг сайн мэддэг юм. Энэ дүрмийн талаар танд одоо дэлгэе.

Дүрэм №1: Эмэгтэй хүнийг 100 хувь өөрийнхөө болоогүй гэдгийг мэдрэх тусмаа эрчүүдийн сонирхол түүнд татагдаж байдаг. Учир нь эрчүүд тэмцэлд дуртай. Тиймээс л тэд спортын сувгаас хараагаа салгаж чаддаггүй. Гэхдээ түүнийг гуйлгана гээд огтхон ч тоохгүй байгаа юм шиг дүр эсгэж болохгүй. Учир нь тэд ямар ч найдлагагүй зүйлийн хойноос хөөцөлдөх дургүй. Харин “хонгилын үзүүрт бяцхан цучил” байгааг харах л юм бол тэд тэр цучлыг гартаа атган, атгатлаа хойноос нь улайран тэмцэх болно. Гэхдээ түүнд тэр цучил үргэлж юу юугүй ойрхон байгаа юм шиг л санагдах ёстой шүү.

Дүрэм №2: Өөрийнхөө хүсэл сонирхлыг шууд илэрхийлж бай. Хэрэв танд түүнтэй цуг сагсан бөмбөгийн тэмцээн үзээд суух нь уйтгартай байгаа бол тэр тухайгаа шууд л хэлж орхиод, оронд нь өөр зүйлс хийхийг санал болго. Харилцааны эхний үеүүдэд эр хүн эмэгтэйгийнхээ ая тухыг хангахыг хичээдэг учраас таны саналаас татгалзаж чадахгүй. Ингэснээрээ та өөрийгөө бие даасан эмэгтэй болохыг харуулахаас гадна, хэн нэг эр хүнтэй хамт байхын тулд дургүй зүйлээ хийх хүн биш гэдгээ илэрхийлж байгаа юм.

Дүрэм №3: Залуудаа ямар дохио илгээж байгаагаа анхаар. Хэт их хичээж байгаа эмэгтэйчүүд “Би бол хэнд ч хэрэггүй амьтан” гэсэн дохиог дамжуулдаг. Харин та “Би бол гайхалтай бүсгүй. Чадвал намайг өөрийн болго” гэсэн мессежийг өгөх ёстой. Ямар ч эр хүн таны дэргэд байхдаа өөрийгөө “азтай” хэмээн бодоход хүргэдэг байх хэрэгтэй. Ингэхийн тулд байдгаараа гоёж гоодох хэрэггүй. Үг, үйлдлээрээ л түүнийх болоогүй гэдгээ мэдэгдүүлж, “хурдаа нэмэх” ёстойг нь сануулж байх хэрэгтэй. Түүнийг өөртөө татах гэж хичээж буйгаа огт мэдэгдүүлж болохгүй. Өөрийгөө өндөрт үнэлж, “Надтай хамт байна гэдэг их хувь тохиол” гэдгийг хандлагаараа мэдрүүлээрэй.

Дүрэм №4: Түүний дэргэд өөр эмэгтэйтэй өөрийгөө бүү харьцуул. Өмнөх найз бүсгүйнх нь талаар бүү шал. Ингэх бүртээ эмэгтэй хүн өөрийгөө доош нь хийж байдаг. “Надад ямар ч хамаагүй” гэсэн хандлага эрчүүдийг татдаг. Түүнийг алдах вий гэж дотроо айж байсан ч үүнийгээ бүү ил гарга. Харин нөгөө залууд чинь таныг алдах вий гэсэн айдас их бага ч болтугай үргэлж байх ёстой гэдгийг сана. Ийм айдас төрүүлэхийн тулд та өөрийгөө хайрлахад л хангалттай. Өөр эрчүүдтэй хажууд нь утсаар ярих зэргээр хардуулах гэж хичээснээр байдлыг улам дордуулж магадгүй.

Дүрэм №5: Тэр таныг уурлуулах ямар нэг юм хийсэн үү? Хийсэн бол тэр нь тийм ноцтой хэрэг мөн үү? Хэрэв үгүй бол зүгээр л март. Энэ талаар үглэх огтхон ч хэрэггүй. Харин зүгээр өнгөрөөж боломгүй том алдаа гаргасан бол уураа гарсны дараа түүнд маш тодорхой, голыг нь олсон, буруугаа ухаарахгүй байхын аргагүй байдалд оруулахаар цөөн үгийг хэл. Тэгээд л гүйцээ. Учир нь эрчүүд хоорондоо цөөн үгээр л ойлголцдог. Тийм учраас хэтэрхий дэлгэрэнгүй байх тусам тэд залхаж эхэлдэг.

Дүрэм №6: “Чиний утасдахыг хүлээж байлаа”, “Хоёулаа уулзалгүй бараг 7 хонох гэж байна”, “Ямар уддаг юм бэ?”, “Чи надтай уулзахгүй найзуудтайгаа л уулзаад байх юм” гэх зэрэг үгсээс зайлсхий. Учир нь танд түүнтэй уулзахаас илүү чухал эсвэл сонирхолтой ажил зөндөө байгаа. Эр хүнээс илүү дээгүүр тавих хүсэл тэмүүлэл, хийх юм байгаа. Тэр болзоондоо хоцорвол хамгийн ихдээ 30 минут хүлээгээд л яв, байн байн утасдаж, дуут шуудан үлдээхийн хэрэг байхгүй. Дуудангуут нь уулзах гэж бүү яар. Харин эелдгээр дараагийн Пүрэв юм уу, Баасан гаригт завтай болохоо хэл. Тэр таны цаг заванд тааруулан сонголтоо хийг.

Дүрэм №7: Залуудаа хангалттай их эрх чөлөөг мэдрүүл. Ингэсэн цагт тэд өөрсдөө л чамайг санах болно. Хаашаа, юунд, хэнтэй явах гэж байгааг нь тэр бүр битгий сонирх. Бас өөрийнхөө хийх гэж буй зүйлийн талаар үлгэр шиг урт түүх тоочих хэрэггүй. Товчхон хэлээд орхиход л болно. Гэхдээ эелдэг байдлаа хэзээ ч алдаж болохгүй. “Эрчүүдийн соронзон”-гийн нэг нууц нь хэзээ ч уурлаж, муухай аашилж, эсвэл үглэдэггүй хирнээ, тэднийг гарынхаа аясаар удирдаж чаддаг. Хэсэг хугацааны дараа тэр өөрөө л цагаа бүртгүүлж байгаа хүн шиг хаашаа юунд явах гэж байгаагаа нэгд нэггүй танд илтгэдэг болсон байх болно.

Дүрэм №8: Түүнийг танд зориулан ямар нэг юм худалдаж авч өгөх үү? гэж асуувал юу хүсэж байгаагаа заавал хэл. “Зүгээр дээ, хэрэггүй, би яахав дээ” гэж хариулах нь өөрөөсөө татгалзаж байгаагаас өөрцгүй. Түүнд таны төлөө өөрөөсөө ямар нэг золиослох нь таалагдах болно. Ингэснээрээ та түүнд “жинхэнэ эр хүн” шиг аашлах боломжийг олгож байгаа гэсэн үг юм. Гэхдээ сав л хийвэл түүний мөнгийг үрэх ёстой гэсэн үг биш юм.

Таны сонирхлыг нэг их татаад байдаггүй залуу хэдэн жилийн турш хойноос чинь гүйсээр л байдаг. Иймээс л эрчүүд тэмцэлд туйлын дуртай хүмүүс юм. Хэрэв таны залуу хичээл зүтгэл гаргах нь багасаад байгаа бол “Надтай уулзсангүй” гэж хэлэхийн оронд чимээгүй болж, өөртөө л зөвхөн анхаарлаа хандуулаад үз. Энэ үед залуу чинь таныг өмнөхөөсөө ч илүү анзаарч эхлэх болно.


“Эрчүүдийн соронзон” болмоор байна уу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.