Та яагаад экстэйгээ эргэж нийлэх хэрэггүй гээч?

Break-Up-Title-Pic

Түүнгүйгээр амьдрал утгагүй санагдаад эргэж нийлэхээр зориг шулуудаад байна уу? Тэгвэл “Хоёулаа бүхнийг шинээр эхлэе” гэж хэлэхээсээ өмнө энэ зөвлөгөөг уншаарай.

Шалтгаан №1: “Тэр нэг л удаа тэгсэн бол…”
Хэрэв эрэгтэй хүн нэг л удаа танд ямар нэг таагүй зүйл хийсэн бол дахиж хэзээ ч тэгэхгүй гэх баталгаа үгүй юм. Учир нь эрчүүд төдийгүй эмэгтэйчүүд ч гэсэн тодорхой нэг дадал зуршлаар програмчлагдсан байдаг.
“Ганцхан л удаа алдсан юм байлгүй дээ, тэр дахиж тэгэхгүй байх” хэмээн бодож байна уу? Тэгвэл түүний хийсэн зүйл ямар нэг алдаа биш, харин төрөлхийн зан авир нь байх магадлал хамаагүй өндөр юм. Зан авирыг далдалж явж болох ч бүрмөсөн алга болгож болдоггүй. Тэр танд дахиж ийм зүйл гаргахгүй хэмээн ам тангараг өргөж байлаа ч ойрын хугацаанд биш ч гэлээ, хэзээ нэгэн цагт энэ явдал давтагдах болно гэдгийг та мэдэж байх хэрэгтэй. Бүсгүй хүн бүр өөрсдийгөө эр хүнийг бүрэн өөрчилж чадна хэмээн бат итгэдэг. Гэвч эрчүүд тийм ч амархан өөрчлөгдөөд байдаггүй учраас л дахин дахин шархалсаар байдаг юм. Хэрэв та түүнийг үнэхээр өөрчлөгдөөсөй гэж хүсч байвал өөрөө ч бас цоо шинэ хүн болох шаардлагатай болно.

Шалтгаан №2: Ирээдүйг өнгөрснөөсөө бүү хай
Хайртай хүнээсээ салах ямар хэцүү байдгийг бид мэднэ. Түүнгүйгээр амьдрал ямар ч утга учиргүй хоосон санагдах нь аргагүй. Гэхдээ та өөрийгөө ямар нэг турах дэглэм барьж байна л гээд бодчих. Ямар ч хоолны дэглэмийн эхний өдрүүдэд ходоод маань өнөөх зайрмаг, шарсан төмсөө нэхээд ямар хэцүү байдаг билээ. Нэг л юм дутагдаад байгаа юм шиг санагдан байж суух газраа олж яддаг. Гэхдээ сарын дараа гэхэд та өдөрт нэг ч шоколад идэхгүй байсан ч огтхон ч тоолгүй сууж чаддаг болчихсон байна. Сүүлийн үеийн судалгаагаар бидний тархинд ямар нэг зүйлийг маш ихээр хүсэх явц 5 минут хэрээтэй л үргэлжилдэг аж. Хэрэв тэр 5 минутыг л тэвчээртэй өнгөрөөчихвөл тархи өөр зүйлд сатаардаг. Тиймээс та түүнийг санаад эхэлвэл утсаа шүүрч залгахынхаа өмнө, эсвэл ямар нэг уянгын дуу тавьж албаар гуниглаж эхэлэхээсээ өмнө 5 минут тэвччих. Ингэвэл та илүү хүчирхэг байж чадна.
Өчигдөр өнгөрсөндөө л үлдсэн. Хэрэв та түүнээс салсан бол тэр таны өнгөрсний нэг хэсэг болсон гэдгийг санаж явагтун. 6 сарын дараа гэхэд та шал өөр болчихсон, магадгүй жинхэнэ хайртайгаа учирсан ч байхыг үгүйсгэхгүй шүү дээ.

Шалтгаан №3: Хагарсан ваар яаж харагдахыг төсөөлөөд үз дээ?
Ямар нэг үзэсгэлэнтэй ваарыг хагаллаа гэхэд бүх хэсгүүдийг нь цуглуулж аваад цавуудаж наасан ч ан цавтай хэвээрээ л харагдана. Тийм вааран дотор ус хийгээд үзвэл хаа нэгтээ үлдсэн өчүүхэн ч болов зай завсраар нь гоожиж л таарна. Учир нь ямар ч ваар хагарлаа гээд түүний багахан ч болов хэсэг нь цуглуулж наахад хэтэрхий жижигхэн үйрмэг болоод бутарчихсан байдаг юм.

Шалтгаан №4: Түүний байгаа байдал нь л тийм хэрэг
Төгс төгөлдөр ханхүү маань нэг л өдөр амиа хичээсэн, өөдгүй, бүдүүлэг нэгэн болж хувирсан тэр цаг мөч хэзээ вэ? Та хэзээнээс түүнийг муухай ааш гаргах болгонд нь өөрийгөө буруутгаж эхэлсэн бэ? Асуудлын гол нь танд биш түүнд байгаа юм. Анх байснаасаа өөрчлөгдсөн гэж хэлэх гээд байна уу? Тэр огт өөрчлөгдөөгүй, харин байгаа байдал нь л ил гарсан хэрэг. Тэр зүгээр л “тийм” залуу юм байна. Үүнд түүний ч, таны ч буруу байхгүй.
Та тэнэг эмэгтэй огтоос биш. Та бол зүгээр л сайхан сэтгэлтэй цайлган бүсгүй. Ямар нэг үнэтэй бөгж, эсвэл гутал авах үед худалдагч нар яадаг билээ? Улыг тань долоох шахан бараагаа рекламддаг шүү дээ. Тэгээд түрийвчээ гаргаж мөнгөө өгөх үед бүх харилцаа дуусна. Тэдэнд одоо та хамаагүй болсон. Үүн шиг л эр хүн болгон анхандаа өөрийнхөө хамгийн сайхан чанаруудыг л харуулах гэж үхэн хатан зүтгэдэг.

Шалтгаан №5: Өшөө аваад танд юу унана гэж?
Олон бүсгүйчүүд эксээсээ өшөө авч, түүнд өөрийнхөө мэдэрснийг мэдрүүлнэ гэсэн жижигхэн зорилгодоо хүрэхийн тулд эргэж нийлдэг. Түүнийг шийтгэхийг хүсэх нь мэдээж хэрэг. “Ямар том зүйлийг алдсанаа тэр ойлгог. Би түүнтэй дахиж уулзахдаа өмнөхөөсөө илүү өөртөө итгэлтэй, үзэсгэлэнтэй болчихоод ганц хоёр удаа болзчихоод өөрийг нь ч бас адилхан хаях болно” гэж боддог.
Иймэрхүү бодол эмэгтэй хүн бүрийн толгойд орж ирдэг. Гэвч ингэлээ гээд таны сэтгэл санаа үнэхээр амарна гэж үү? Таны туйлын хүсэл түүнийг зовоох мөн үү? Хайран хүч хөдөлмөр, энергээ өшөө авалтанд зориулахад харамсмаар шүү дээ. Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхсэн хүн нь тэр учраас таныг ингэсэн ингээгүй тэр алдсанаа ойлгох л болно. Үүний оронд та өөрийгөө дараагийн дурлалдаа бэлтгэж, сайхан тордоод байж байсан нь ашигтай юм.


Та яагаад экстэйгээ эргэж нийлэх хэрэггүй гээч?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.